350 хоригдол шоронд түлэгдэж нас баржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 16

 Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Гондурасын Комаягуа хотын шоронд гал гарсны улмаас 350 хоригдол камераасаа гарч чадалгүй угаартан, түлэгдэж нас барсан байна. Түлэгдэж нас барсан зарим хоригдлын хэн болохыг тогтооход бэрх байгаа гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Порфирио Лобо мэдэгдэхдээ: Хохирогчдын цогцсыг шоронгоос гаргаж дууссан. Нас барагчдын тоо 350-аас даваад байна. Хариуцлага алдсан хүнийг олж хариуг нь өгөх болно хэмээн мэдэгдсэн.

Хариуцлага гэж хэлсэн нь учиртай ажээ. Гал гарах үед хоригдлуудыг гаргах ёстой байсан ч хянагч нар “Та нар энд үхэх ёстой” гэсэн утга бүхий бүдүүлэг үг хэлж, нулимс асгаруулагч, бороохой, буу хэрэглэн зарим хоригдлыг хороосон болохыг гэрчүүд эхнээсээ мэдүүлж байна.

Хорих анги хотоос 150 км зайд байдаг тул галыг унтраахад цаг алдсан байна. Олон улсын хүний эрхийн хуульчид Гондурасын хорих ангийн орчин нөхцөл тааруу, хоригдлуудад байнга сэтгэл зүйн болон биеийн дарамттай байдаг гэж мэдэгдлээ.  

Түлэгдсэн шоронгийн ажилчид болон хоригдлуудыг орон нутгийн эмнэлэгт эмчилж байгаа юм. Орон нутгийн мэдээллээр бол 272 хоригдол галаас аврагдсан аж.

Гал сөнөөгчид аврах ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байсан болохоор хорих ангийн дээврийг нураажээ. Олон цоожтой хаалганы түлхүүр нь олдохгүй байдлыг хүндрүүлсэн гэж мэдэгдээд байна.

Гондурас улсын хоригдлуудын дийлэнх хувь нь хүн амины хэргээр ял эдлэгчид байдаг. Өөрөөр хэлбэл тус улс хүн амины хэргээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.

Юутай ч энэ хэрэгт олон улсын хүний эрхийн байгууллага хамтран ажиллахаа мэдэгдээд байна.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top