Улс төрийн салхич шувууд

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 17

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Унгарын элчин сайдаар явах гэж байна. Улаан од сониноос ажлын гараагаа эхэлсэн түүнийг ихээ галтай цогтой дайчин сэтгүүлч байсан тухай тухайн үеийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсад болон хэвлэх үйлдвэрийнхэн ам уралдуулан ярьдаг. Хэвлэл мэдээллийнхэн ч салбараас төрсөн түшээ гээд барагтай л бол хир халдаадаггүй.  Ямартай ч улстөрд орж ирээд 20-н он болж буй тэрбээр Монголдоо л төмөр хатагтай гэх эрхэм алдрыг эгэл түмнээсээ хүртэж амжсан улстөрч.

Хуруу дарам цөөн бүсгүйчүүдээ тэргүүлж улстөрийн тогоонд чухам л болц нь гүйцтэл чанагдсан түүнийг хамтарсан Засгийн газар сарних үеэс л Италид Элчин сайдаар томилогдох нь гэсэн шум түгж билээ. Тэр үед түүнээс энэ талаар лавласан сэтгүүлчдэд тэрбээр “Би ийм цаг үед Элчин болно гээд явдаг хүн биш. Улстөрд 20 жил хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн хүн. Та нар ямар мэдээлэлгүй, боловсролгүй улс вэ. Сэтгүүлч хүн …” гэж ирээд л шуудхан хэлэхэд зандарч бас баахан сургаал хайрлаж орхисон.

Ганцхан сарын л өмнө гэсэн үг шүү дээ. Харин одоо элчингээр яван одох гэж байна. Ялгаа нь гэвэл Италид бус Унгарт улс орноо төлөөлөн сууна. Хатуухан хэлчихэд Монгол төмөр хатагтайн хөгжилтэй оронд очих хүсэл бүтэлгүйтсэн. Гэхдээ чамлахаар чанга атга гэх өвгөдийн үгийг ухамсарлан улсаа төлөөлөн Унгар явахад муудах юу байхав. Угаасаа МАН-ын бүсгүйчүүд Унгарт очдог, бараг л эмэгтэй Элчин сайдтай байдаг уламжлал тогтчихсон юм чинь. Нам 20-оод жил хоёргүй сэтгэлээр ажилласныг нь үнэлсний л баталгаа.

Өдгөө түүний орыг залгах хүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр яригдаж буй. УИХ дахь БСШУ-ны байнгын хорооны даргаар цөөнгүй жил ажилласан эл бүсгүй туршлагатай нэгэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Бүхэл бүтэн сургуулийг босгож дөнгөсөн түүний улстөрийн замнал тийм ч дардан байгаагүй. Эрчүүдтэй л адил унаж босч, тэмцэж байж өнөөгийн байр сууриа олж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

Товчхондоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг өлхөн толгойлж чадах бүсгүй. Эргээд харахад эл бүсгүй Н.Энхбаярын хэтэрхий шударга бус ажиллаад байгааг хамгийн анх ил цагаахан шүүмжилсэн хүн юм билээ. Т.Гандиг элчингээр явахыг дуулчихаад их л дэмжиж байгаа харагдсан. Ор залгах тухайгаа аль эрт мэдчихсэн байж магадгүй гэх хардлага ч төрсөн. Юуг нь нуухав. Нам дотор яригдсан л асуудал байх. Ямартай ч хат суусан улстөрч хүн гэхэд хэтэрхий их хөөрч догдолсон нь даанч ил мэдэгдээд, эмэгтэй хүн ил цагаахан байх юм даа. Эр хүн байсан бол баярласан ч барагтай л бол харуулахгүй хав дарж чадах байсан даа гэх бодол төрсөндөг.

Харин Т.Ганди сайд ажлаа өгч байгаадаа лав дуртай байгаагүй. Би хаврын чуулганы завсарлагаанаар эхлүүлсэн ажлаа эмхэлж цэгцэлнээ гэж байгаа дуулдсан. Ирж байгаа хүнд нь даатгаад явна гэхгүй байна лээ. Уг нь ирж буй хүнээр ачаа бүү татуул гэдэг үг бий. Сэтгэл нь хоёрдоод гэх агуулга юм болов уу л гэж ойлгодог. Ний нуугүй хэлэхэд улстөрч хүүхнүүд унах нүхээ өөрсдөө л бэлддэг гэх үг санаанд орсон. Эрчүүд биднийг дэмжихгүй байна гэж гомдоллодог нь худал гэсэн үг л дээ. Ямартай л намын дарга нар бүсгүйчүүддээ 30 хувийн квот өгч болноо өгдөг ч юм. Тэгээд ч гарч ирж чадахгүй уначихдаг юм ш дээ гэж инээвхийлдэг байв гэж…

Бодоод байсан чинь нэг тойрогт өрсөлдөөд уйлаад эсвэл зодолдоод салсан улстөрчдийн тухай санаанд орох юм алга. Хэнтийд У.Хүрэлсүх, Да.Ганболд хоёр өрсөлдөөд Да.Ганболд унасан. Хэрлэнгийн эрэг дээр ганц юм хувааж уучихаад сайн ажиллаарай гэж мөрөө алгадалцаад л салсан гэдэг. Т.Ганди, Х.Хулан нэг тойрог дээр өрсөлдөөд яалаа… Уйлж дуулаад л үсдэлцэхээс наагуур өс саналцаад салсан. За тэр ч яахав. Бүсгүй хүний атаа жөтөө юм гэж үл ойшоож болох ч улстөрийн халуун тогоонд ийм уйланхай байж болох болов уу гэх эргэлзээ дагуулаад байдаг юм. Нөгөөтэйгүүр Д.Оюунхоролын сайд болох асуудал ихээхэн эргэлзээтэй санагдаад байгааг хэлэх хэрэгтэй байх.

Өнөөдөр УИХ-ын чуулган завсарлана. Ирэх дөрөвдүгээр cap хүртэл. Түүнээс өмнө албаа авъя гэвэл Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, намын бүлэг, байнгын хороодоор хэлэлцээд УИХ-аар батлуулах учиртай. Амжихгүй дээ амжихгүй. Тэгэхээр Д.Оюунхорол гишүүний хувьд ор нэр төдий л сайд болох гээд байгаа юм даа.

Дашрамд дуулгахад улстөрчид хоёр хуваагддаг болсон байна лээ, цаана чинь. Ангилал гэсэн үг л дээ. Өөрсдөө ярьдаг юм байна лээ, улстөрийн цонхоор үсэрч орж ирэгсэд болон хаалгаар орогсод гэж. Цонхоор нисч ирэгсдийн тоонд Эрүүл мэндийн дэд сайд Цолмон, Н.Номтойбаяр мэтийн нөхөд багтана. Харин хаалгаар орж ирэгсдэд Гарамжав, Эрдэнэчимэг, Идэрмаа тэргүүтэй бүсгүйчүүд тооцогдоно. Нуулгүй хэлэхэд Т.Ганди сайдын нэр 90-ээд оны үед цонхоор орж ирсэн нөхдийн дунд явдаг юм байна билээ. Орж ирээд 20 он болж дээ. Гоочлох юмгүй.

Дэд сайд Цолмон ч гэсэн 20 жил улстөрдөх ч юм билүү хэн мэдэхэв. Сонирхуулахад сүүлийн үед АН дотор цоо шинэ фракц үүсгэн байгуулаад байгаа нөхөд чинь бүгд л цонхоор ирэгсэд шүү дээ. Мөнх тэнгэр фракцын Б.Батбаатар, Шонхорын Г.Баярсайхан бүгд цонхоор цорволзогсод. Тэрнийгээ мэддэг юм уу фракцлахдаа шувуу, агаартай нэр өгөх юм. Гэхдээ эрчүүд салхивч шувууны дүрд хувилан салхивчаар орж гарах нь нэг л тиймхэн. Бүсгүйчүүдийг салхич шувуутай зүйрлэхэд нэг их гайхамгүй гээд хэлчихвэл жендерийн асуудал болчих болов уу…

За ямартай ч Монголын улстөрчдийг хаалгаар орогсод болон цонхоор цорволзогсод гэж хоёр хуваадаг юм байна. Улстөрчид өөрсдөө энэ ангиллыг бий болгож бас хүлээн зөвшөөрчихсөн байна лээ.

З.Урсгал

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top