Монгол төрийн үндсэн баялаг Монгол эр хүн

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 17

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, охид бүсгүйчүүдийн хандлагаас Монгол эрчүүдийн үнэлгээ буурч буй нь ажиглагдах болсон.Хацар гоо охид нас ахимаг харийн эрийн өврийг тэмүүлэх болсноо Монгол эрчүүд архичин, залхуу, арчаагүй, ажилгүй учраас гэж зөвтгөнө.

Уужуу ухаантай, уул шиг түшигтэй, гүндүүгүй, хээгүй сайхан Монгол эр, Монгол эрийн жавхаа, сүлд хийморь энэ цагийн эрчүүдэд үгүй мэт аяглахын цаадтай эрчүүд бүгдээрээ биш ч, тодорхой хэсэг нь өнөө цагийн хэрэгцээ шаардлагаас хоцорч, хоцрогдож, энэ нь эргээд Монгол эрчүүдийн нэр хүнд үнэлэмжинд муугаар нөлөөлж байгаа нь гашуун боловч үнэн.

Эх орон нь хүнд хэцүү цагг эрчүүдээ дуудан, тэдний сэтгэл зүрх, хөлс хүч, дусал цус, алтан амиар тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгаа авч үлддэг байсан атлаа энэ ороо бусгаа цагт тэднийгээ үл анзаарахын учир юун хэмээн бодогдох. Эх орны тусгаар тогтнолд эр хүний эр зориг, дусал цус, хөлс хүч хэрэгтэй байдагчлан энх амгалан, их хөгжлийн эрин үед ч тэдний ур ухаан, мэдлэг хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээр нь хэрэг болох л учиртай.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээр эгэл боргил айлын олон аав, ээжүүд эр хүн шавар зуураад ч болох нь ээ амиа тэжээнэ. Охин үрээ л олигтой боловсролтой болгохгүй бол хэцүүднэ хэмээн сэтгэснээс өдгөө архинд дурласан эрчүүд, ганц бие бүсгүйчүүдээр хахаж байна, Монгол. “Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө, чиний төлөө үхье гэж эх оровдоо л би хэлдэг” хэмээн халамцуу үедээ омогшин хөөрөлхөх Монгол эрсийн сэтгэлд эх орны дуудлага үгүйлэгдэж байгаа.

Агсам хөлгийн нуруун дээр, хөөргөсөн дээлнийхээ дэрвээнд хийсэж, айл хэсэж алсын мөрөөдлөө дэвэргэн ярих хөдөөх эрийн сэтгэлд эх орны дэмжлэг үгүйлэгддэггүй гэвэл хэн итгэх билээ. Саяхан нэг судалгааны материал үзэж суугаад гэр бүл салалтын гол шалтгаан эрчүүдийн “буруу”-гаас болсон гэх дүгнэлтэнд хүрснийг харсан.

“Буруу”-г задалбал боловсрол муутай, ажилгүй, архи уудаг, бүдүүлэг, амьжиргаа муутай, амьдрал авч явах чадваргүй мөртлөө хүүхэд гаргахыг шаарддаг, ажил хийдэг ч авсан цалин нь амьжиргаанд хүрэлцдэггүй гэх мэтийн зүйлс байсан. Энэ цагийн ч гэлтгүй бүхий л үеийн турш бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй эр хүнийг хүсдэг нь эл судалгаанаас анзаарагдсан.

Даанч өнөөгийн эрчүүд бүсгүйчүүдийн шалгуурт тэнцэлгүй өвдөг шороодон, түүндээ гутран амьдралын балчиг руу живэх нь түгээмэл байдаг аж. Амьдралаа авч явах чадвар гэдэгт эрдэм боловсрол, ухаан овсгоо, мөнгө олох чадвар багтдаг. Өөртөө итгэлтэй гэдэгт бүх зүйлийг хийж чадна гэдэг, тулгарсан олон асуудлыг зөвөөр зохицуулж чадна гэдэг, алив бэрхшээлийн өмнө сөхрөхгүй заавал гарц олж чадна гэх ойлголтууд, эрч хүчтэй байна гэдэгт үргэлж урагш тэмүүлж маргаашийн сайхандаа, хүрч чадах урам зориг багтдаг.

Эцэст нь тэмдэглэхэд эрчүүд гологдох болсонд ээж, аавуудаас гадна төр засаг ч буруутай. Энхрий багаас нь эрхлүүлж, эмээл гаанс бэлтгэж, эхнэр авч голомт бадраахад нь өрх гэр, унах унаа, өмчлөх хөрөнгийг нь бэлтгэж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаас өнөө цагийн их хөгжлөөс хоцорч, өөртөө арчаагүй, өрөөл бусдад гологдох эхлэлийг нь тавьснаараа эцэг, эхчүүд буруутай.

Нөгөөтэйгүүр энэ цаг үед Монгол эрчүүддээ хандсан төрийн мэргэн бодлого, холч ухаан хэрэгтэй байгааг үл анзааран эх орны хишиг, эхнэр хүүхдийн асуудал, уул уурхайд анхаарлаа хандуулж буйгаараа төр засаг буруутай. Өнөөдөр Монгол эр хүнийг архичин, арчаагүй, залхуу хэмээн адалмааргүй байна. Ачааны хүндийг үүрүүлж, амьдралын төлөө өөрөө зүтгэх боломжийг нь олгоод үзье тэдэндээ.

Албадаад ч болов ойлгуулж, ухааруулж, сургаж Монгол эр хүний эрх үүрэг басхүү бахархлыг нь мэдрүүлцгээе, эрчүүддээ… Нөгөөтэйгүүр “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчлэн Монгол эрчүүд та нар минь ч гэсэн өөрсдөө ойлгож хичээх хэрэгтэй байна. Таны эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжил, чадвар тань өөр хэнийх ч бус зөвхөн таны л баялаг.

Та өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй болж чадвал, бусдад хүндлэгдэж хайрлагдах болно. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Монгол эр хүн бол Монгол төрийн үндсэн баялаг. Дэлхийг эзэгнэж явсан Чингисийн удам хэмээн омогших эр хүн таныг эх орныхоо нүүр царай болж, хилээ хамгаалж, улсаа хөгжүүлж, эмс охидоо сэтгэл амар аж төрөх боломжоор хангах эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадна гэдэгт би итгэдэг.

Тийм ч учраас эрчүүддээ өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгохын тулд дээр дооргүй хичээнгүйлэн зүтгэцгээе. Эс бөгөөс Монгол эр хүний “гологдмол, дорой” байдал Монголын үндэсний аюулгүй байдал, нийгмийн харилцаанд муугаар нөлөөлж болзошгүйд хүрчихээд байна, Монголчууд аа…

 Х.Хүслэн

Эх сурвалж: “Unen.mn”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top