"Эх орны хишиг"-ийг зөвхөн нэг банкаар олгох шийд гаран хэрэгжиж эхэлсэн нь саяхан. Тэгвэл өмнө нь өгч байсан ХААН банк эх орны хишиг үйлчилгээг дахин олгохоор болжээ. Эх орны хишиг үйлчилгээг олгохоос татгалзсан гэгдэж байсан ХААН банк хураамжаа бууруулсан байна. Үүнийг тодруулж, ХААН банкны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхантай уулзлаа.
-ХААН банк Эх орны хишиг үйлчилгээг олгохоос татгалзсан. Гэтэл одоо дахиад олгоод эхэллээ. Тайлбар өгөх үү, та энэ асуудал дээр?
-Манай банк эх орны хишиг үйлчилгээг олгохоос огт татгалзаагүй. Бид харин ч энэ үйлчилгээг илүү сайжруулж харилцагчдадаа илүү боловсон, илүү шуурхай үйлчилгээг үзүүлэх үүднээс аль болохоор олон банкаар зэрэг олгооч ээ, үйл ажиллагаа явуулж байгаа бусад арилжааны банкуудыг жигд оролцуулаач ээ л гэсэн хүсэлт тавьснаас бид татгалзаж байна гэж огт хэлээгүй. Ингэж байж үйлчилгээний чанарыг сайжруулна гэдэг саналыг л тавьсан. Харамсалтай нь, бидний саналыг ойлгоогүйгээс болоод биднийг татгалзаж байна гээд Эх орны хишиг үйлчилгээг нэг банкин дээр шууд 100 хувь төвлөрүүлэх шийдвэр гарч тухайн үедээ үйлчилгээг сайжруулах биш бүр дордуулж ачааллыг дэндүү их болгосон. Дараа нь энэ бол нэг банкинд хүндэдсэн ачаа байна гэдгийг ойлгоод УИХ-д ажлын хэсэг байгуулагдан ажиллаж Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцсэн. Эх орны хишиг үйлчилгээг нэг банкинд төвлөрүүлж байгаа нь буруу юмаа гэж үзэж олон банкуудын дунд сонгон шалгаруулалт хийх чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийн дагуу НХХЯ-наас сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал хүрээнд зарласан. Өөрөөр хэлбэл 595000 хүн дээр тендер зарласан юм. Энэ зарласан тендерт ХААН Банк дүрэм журмын дагуу оролцож энэ тендерийн 28 багцын 25 багц дээр нь хамгийн сайн санал өгч шалгарсан. Ингээд ХААН банк 25 багц дээр буюу 21 аймгийн 68 сум, Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн 18 хорооны 431000 хүнд эх орны хишиг үйлчилгээг олгох ажлыг эхэлж байна.
-Танай банк Эх орны хишиг үйлчилгээг урьд нь 350 төгрөгийн хураамжтай тавьж байсан. Одоо энэ хураамжаа бууруулсан гэсэн үү, Өмнө нь та нар Эх орны хишиг тараагаад ашиггүй байна гээд байсан биш үү?
-ХААН банк урьд нь 1.3 сая иргэнд эх орны хишиг үйлчилгээний мөнгийг олгож байсан. Тухайн үед 1.3 сая хүний мэдээллийг НХХЯ-аас файлаар аваад дансанд хөрвүүлэх, улмаар хүн бүрийг заавал харьяа дүүргийн гэхгүй ХААН банкны аль ч салбар, нэгжээс Эх орны хишиг үйлчилгээгээ авдаг болгохын тулд гар ажиллагаа маш ихтэй байсан. Тиймээс маш олон теллер ажиллуулах шаардлагатай байсан. Үүнийг дагаад боловсон хүчний, ашиглалтын, цаг хугацааны гээд өндөр зардлууд гарах нь ойлгомжтой. Тийм учраас бид тухайн үедээ хөрвүүлэлтийн зардлыг хүн бүрээс сар болгон авах санал өгч энэ үйлчилгээний хураамж гэж 350 төгрөг авч байсан юм. Гэвч бид төрийн үйлчилгээг хялбаршуулах үүднээс, харилцагчдад үйлчилгээг илүү хямд, хурдан хүргэх үүднээс байнгын хөрөнгө оруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл 2011 оны хувьд бид Эх орны хишиг үйлчилгээг илүү хялбаршуулахад мэдээлэл технологийнхоо системд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд Эх орны хишиг үйлчилгээг хөрвүүлдэг гар ажиллагаануудыг бүрэн автоматжуулсан. Автоматжуулах ажиллагааг бид оны эхнээс хийгээд эхэлчихсэн байсан. Нэгэнт технологи ажиллагаа эхэлчихсэн, энэ ажиллагаанууд маань 2011 оны сүүлээр бүрэн хийгдэж дууссан учраас нэг хүний хөрвүүлэлтийн зардлыг бид тендерт орохдоо 50 төгрөг болтлоо бууруулах санал өгсөн юм. Ингэснээр Эх орны хишиг үйлчилгээг авдаг иргэд маань өөр банкнаас сарын 350 төгрөгийн хураамж төлж мөнгөө авч байсан бол өнөөдөр ХААН банкнаас хөрвүүлэлтийн хураамж хүн бүр 50 төгрөг, харин мөнгөө АТМ-аас авбал 100 төгрөг, ХААН банкны салбар тооцооны төвөөс бэлнээр авбал 150 төгрөг, үйлчилгээний газраас бэлэн бусаар төлбөр тооцоогоо хийвэл нэмэлт хураамжгүй авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, таван ам бүлтэй айл гэр бүлийнхээ гишүүдийн Эх орны хишгийн мөнгийг нийлүүлээд авбал хаанаас авч байгаагаас шалтгаалан 50-80 төгрөгийн хураамж төлж 21 мянган төгрөгөө авах боломжтой болж байгаа юм. Хураамж буурсан нь цэвэр гар ажиллагааг халсантай холбоотой.
-"Эх орны хишиг" үйлчилгээг зээл хэлбэрээр зарим банкууд урьдчилан олгож байгаа гэсэн. Танай банк ингэж олгох уу?
-"Эх орны хишиг" мөнгийг олгохдоо Засгийн газрын тогтоолд ямар нэгэн байдлаар урьдчилж олгохыг хориглоно гэсэн заалт байгаа шүү дээ. Тиймээс ХААН банк ямар нэгэн байдлаар зээлээр олгохгүй. Энэ талаар өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард зарим банк зээл хэлбэрээр олгож байна, танай банк яагаад олгохгүй байна гэсэн саналыг харилцагчдаас манайд тавьж байсан. Тиймээс бид энэ саналыг үндэслээд нэлээд бага хураамжтайгаар урьдчилан зээл хэлбэрээр олгож болох саналыг НХХЯ-нд тавьж байсан. НХХЯ-ны зүгээс бидэнд урьдчилж зээл хэлбэрээр олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн учраас нэг ч хүнд зээл хэлбэрээр олгоогүй, одоо ч олгох боломжгүй. Нэгэнт Засгийн газрын тогтоолоор хориглосон учраас бид энэ шийдвэрийг хүндэтгэж зээл хэлбэрээр олгохгүй байгаа. Эх орны хувь хишгийг сар сард нь тараах болно.
Р.БОЛОРТУЯА
Сэтгэгдэл ( 0 )