Монтавран ШУА

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 18

 Грекийн хойт нутгаар хүн цээжтэй адуу бөгстэй центавр хэмээх “ шулмасууд ” нүүдэллэн амьдарч байсан гэх домог бий. Шулмас гэсний учир нь тэд хүнээс бие ба бөгсний хүчээр илүү юм.Тэгэхлээр хүнийг юм юмаараа давж таарна. Оюуны ба биеийн хүчийг дээд зэргээр хосолвол яах бол гэсэн хүмүүсийн сониуч хүслээс хүний ухаантай, адууны хүчтэй центавр үүсээ байх. ТВ –ийн иймэрхүү нэртэй шоу нэвтрүүлгүүд байдаг. Тэгвэл монголд ухаан мулгуу, нийгмээсээ хувалзлан сордог, гэхдээ хүн төрхтэй “ байгууллагатай “ байх гэсэн хэдэн нөхдийн муйхар хүслээс үхэр толгойтой, хүн бөгстэй, хувалз гэдэстэй, тахиа далавчтай хачин амьтан буй болоод удлаа. Түүнийг монгол Центавр буюу Монтавр гэж нэрлэсү .

Нотолгоо нь:

Одоогийн манай ШУА –нь чухам ямар өмчид хамаарах ямар статустай байгууллага бол ? ШУА –ийн харъяаны хүрээлэнгүүд нь төрийн өмчийн байгууллага юм. Тэгвэл төрийн өмчит хүрээлэнгүүдийг харъяалдаг ШУА –нь төрийн өмчит байгууллага буюу агентлаг, эсвэл төрийн өмчит компани байх ёстой. Ийм байгууллагын өмчийг төрийн өмчийн хороо мэдэж, удирдлагыг нь засгийн газраас юмуу төрийн өмчийн хорооноос томилдог. Гэтэл ШУА –нь удирдлагаа сонгодог билээ. ШУА хууль зөрчжээ. ШУА –нь харъяандаа Анагаах ухааны, Хөдөө аж ахуйн гэх мэт салбарын академиудтай. Эдгээр академи нь төрийн бус байгууллага мэт ажиллана. Тэгэхлээр харъяандаа ТББ бүхий ШУА –нь ТББ болох мэт, учир гэвэл, ТББ –г харъяалдаг төрийн байгууллага байж таарахгүй. ШУА хууль зөрчжээ. Сүүлийн үед ШУА –г хэсэг нөхдийн хувь нийлүүлсэн нийгэмлэг гэх яриа гадуур гарчээ. Хувьцааны эзэд нь академичид юм. Тэгсэн атлаа ногдол ашгаа төрөөс гаргуулдаг, насан туршдаа тэгж нийгмээсээ сорно гэнэ. Хувалз академич. ШУА хуулийг ёстой завхруулж байна. ШУА –г шинэчлэе гэж уриалахаар хэдэн академич нийлж, монголд шинжлэх ухаан хэрэггүй гэж хэлсэн болгож, мушгин гуйвуулж, өрвөлзөнө. Шинжлэх ухаан, ШУА, академич гэх нь ялгаатай ойлголт. Эхнийх нь хүн төрөлхтөний үнэт зүйл , удаах нь монгол улсын нэг байгууллага, сүүлчийнх нь хувь хүн. Эдгээрийг хооронд нь ялгаж чадахгүй сул муу хүмүүс шинжлэх ухааны доктор, ШУА –н гишүүн болжээ. Тэднийг Монтавран Академич гэе. Жилд тэрбум хол давсан төгрөг зарах атлаа ганц ч удаа хянуулаагүй аж. ШУА -г хэн ч хэзээ ч хянах ёсгүй бөгөөд ийм оролдлого гаргасан хэнийг ч болов няц дарна, УИХ –г тараах, Засгийн газрыг онхолдуулах энүүхэнд гэнэ. Дэлхийн хаан ШУА. Ингээд бодохоор, манай ШУА –г урд болон дээрээс нь харвал засгийн газар юмуу төрийн агентлаг, төрийн өмчит компани мэт, ар болон дороос нь өнгийвэл ТББ юмуу хувийн компани мэт болжихуй. Зүйрлэвээс, ШУА –нь урдаасаа үхэр мэт, араасаа хүн мэт,дороосоо хувалз мэт, дээрээсээ тахиа мэт, тодотговол, үхэр толгойтой, хүн бөгстэй, хувалз гэдэстэй, тахиа далавчтай хачин гаж “ амьтан “ ажээ. Энэ дэлхий дээр тийм хачин амьтны зүйл огт байхгүй. Байх ч ёсгүй, удамшлын зүй тогтол, генийн хууль тийм юм. Нэг бол үхэр, эсвэл хүн, хувалз, тахиа . Удамшлын зүй тогтол зөрчигдвөл зөвхөн үхэр толгойтой атлаа хэдэн сая янзын сээр нуруутай, бөгстэй, хөлтэй амьтан үүсэж, түүнийг ангилах, судлах нь утгаа алдана. Ийм гайхам хачин гаж бүтцийг манайхан бодож олсон нь үнэхүү гайхмаар. Гиннесийн номонд “ Монтавран ШУА “ нэрээр бүртгүүлье. Энэ дэлхий дээр зөвхөн монголоос өөр хаана ч байхгүй нь баталгаатай.

            Монтавран ШУА –г яаж ч ашиглаж, яаж ч үймүүлсэн хэн ч хайхрахгүй аж.Эзэнгүй юм гэдэг ийм аюултай. Захаас нь хэлье. Зарим шударга академич ШУА –г нэртэйгээр нь аймгуудын хувьцаат компани болгоё, аймгуудын нэрийн жагсаалтын эхэнд байдгаар нь Архангай аймагт шууд хувьчилъя гэх аж. Баримт жишээ байгаа хэрэг. ШУА –ийн удирдлагад буй нөхдөөс “ ШУА маань яг ямар өмчид хамаарах байгууллага бол ? “ гэж асуухаар “ Бид мэдэхгүй болчихоод байна, үүнийг ярихаар МАН –ын дээдэс дургүйцдэг, өнгөрсөн жил бид хүсэлт тавиад амаа таглуулсан “ гэнэ. ШУА –ийн гишүүнийг сонгох ажил будантжээ. Жишээ бий. Нэг саналын ханш 1 саяас давсан тул 40 хүний санал авахад 50 сая төгрөг зарах нь. Бузартсан академич. Академич цол ханшжиж, инфляцид өртсөн нь монголын ШУА дотроосоо өмхийрсөнийг гэрчилж байна. ӨМХИЙ МОНТАВРАН ШУА.            ШУА –н гишүүд академич цолны нэмэгдэл нэрээр сар бүр хагас сая орчим төгрөг авах бөгөөд цаашид улам өсгөж, насан туршдаа энэ онц эрх ямбыг эдлэнэ гэнэ. Би танил 27 академичаас яс тоог нь хэлүүлэх гээд чадсангүй, бүгдээрээ таг. Нуухын учир юу вэ?. Зарим академичийн толгой бүр эргэж гүйцэж. Тэд өөрсдийгөө “ Би бол монголын шинжлэх ухаан “ гээд итгэчихжээ. Тэд нүүрээ далдалсан ясны коммунистууд бөгөөд одоо ч ардчиллыг үзэн ядагчид билээ. Коммунист агуулгатай боловсролын сэдвээр шинжлэх ухааны доктор болсон академич “ мэргэд “ олшров, монголд. ШУА –н дэргэдэх шинжлэх ухааны докторын зэрэг олгох зөвлөлүүд монгол улсын ШУТ –ийн хуулийг ноцтой завхруулжээ. ОХУ –д эрдмийн ийм тусгай хаалтын зэрэг хүчингүй болоод 9 жил болж байна. Коммунист боловсрол ярихаас хэтэрдэггүй тэдгээр сулбагар “ мэргэд “ сар бүр хагас сая төгрөгийг ард түмнийхээ халааснаас суйлж, хувалзлан сорж байхаар сар бүр нүглээ наминчилж, өрөө төлж баймаар. Цаг хугацааг зөвхөн 50 хоногтой хувалзны насаар дуусна гэж найдах хэрэггүй. ШУА -ийн гишүүний онцгой нэмэгдэлийг төрөөс өсгөсөн нь түүнрүү хошуурагчдын тоог эрс олшруулав, өрсөлдөөн ширүүсэв, ханш хөөрөв, 50 сая төгрөг зарлагдахад 7 жилд нөхчихөөд цаана нь олоон жил үлдэнэ гэж тооцоо хийсэн хүмүүс таарсан.

             Монтавран ШУА –с дарангуйлал ханхална. Шинжлэх ухааны хар ажлыг энэ хэдэн эрдэм шинжилгээний ажилтанууд л нугалж байгаа. Гэтэл тэднийгээ БООЛ мэт дорд үздэг, хайрлах нь огтоос үгүй. Тэд маань ч бүр дасчихаж, хараа доогуур, толгой гудгар ,... хайран сайхан хүмүүс. Yндсэн ажилтнаа хөсөр хаясан ШУА цаашид амьдрах болов уу?. . Нэг баримт дурдъя. Би ШУА –д ажиллаж байсан үе. Эдийн засгийн академич докторууд “ Хөвсгөл нуурын захад фосфорын том орд бариад орос ах нартаа өгөх төсөл “ хийж дээд газраар батлуулжээ. Нэрт сэтгүүлч асан Ц.Балдорж “ Хөвсгал далай цаазын тавцанд “ өгүүлэл Yнэн сонинд бичив. Ц.Балдоржийг ШУА –д дуудан авчирч “эрүүдэн шүүв ”. Тэр уулзалт дээр эрдэм шинжилгээний залуу ажилтан биднийг албадан оруулсан юмдаг. Академичид эр бяр, ид хаваа үзүүлж биднийг давхар айлгах гэж тэр. Шинжлэх ухааны доктор нэгэн “ Хөвсгөл нуурын ямар болох нь бидэнд хамаагүй, ширгэвэл тэр л биз, харин ч бидэнд ашигтай, учир нь ширгэсэн нуурыг эдгээр залуу ажилтнуудаар бид удирдан судлуулна, шинжлэх ухаанд нээлт хийж доктор болцгоог, ...улмаар академич ч харагдаж байна, иймд Балдоржид шинжлэх ухааны ажилд саад учруулсан гэх үндэслэлээр сануулга өгье “ гэсэнсэн. Хуралд оролцсон нэг ч академич Балдоржийг өмөөрөөгүй ээ. Балдорж агсан манай академичдээс хавьгүй цаана сэтгэж, хөдөлшгүй гүн үндэслэлүүдийг дэвшүүлж байсан. Балдоржийг залуус дэмжсэн. Бидний хэсэг залуус доошоо харчихаад шалаа дэвсэж орилолдоод,...академичид тэр дор нь санаа авч, цуглаанаа тарааж билээ. Залуу хүн зоригтой байвал академич гэдэг нь цаасан бар болохыг тэгэхэд бидэнд Балдорж ойлгуулсан. Оюун ухаан ямар хүчтэйг тэгэхэд бид мэдэрсэн. Эдүгээ монтавран ШУА –н толгой хавьд цэвдэг сэтгэлтэй, хахуульд амташсан, шинжлэх ухааны доктор гэдэг хоосон цаасыг ядарсан жижиг хүмүүст бэлэглэж , мөнгө халаасалж гаршсан арга зальтай овжин хувалз хэд гурав байна. Тэд IQ доогуур атлаа муу аргад сайн гэдэг нь, гайхмаар.             Шударга академичид аль эртнээс “ ингэж болохгүй ээ, энэ хэдэн үрчгэр цаас л эцэстээ биднийг монголын эрдмийн хамтлагаас таслана, нэр төрийг маань сэвтүүлнэ, түүний оронд эрдэм шинжилгээний ажилтануудын цалинг нэмэх талаар арга бодъё, хамтарч ухаан сийлье , олонтойгоо байх нь өлзийтэй “гэж хэлээд байсан бус уу. Монгол хүн шударга бус юманд голоосоо дургүй гэдгийг тэд мэдээд мэдрээд байж. Дэлхий дээр ШУА –н гишүүнийг төрөөс тэтгэдэг феодал тогтолцоо алга боллоо. ОХУ, Болгар хоёрт багавтар нэмэгдэл өгдөг байснаа зогсоочихлоо. Ганцхан монгол л үлдлээ. Yндсэн хууль зөрчсөн, хууль зүйн ямар ч үндэсгүй феодал онцгой ямба яагаад амь бөхтэй оршино вэ, эрдэмтдийг алагчлан ялгаварлаж, феодализмийн хоцрогдсон ямбыг сэргээж, бүр гааруулсан нь ямар учиртай вэ?. Америк, Европод ШУА –ийн гишүүд нь “ pro bono “ буюу нийгэмд үнэгүй үйлчилдэг буянтан болсон байхад манайд нийгмээсээ сордог хувалз болжээ. МАН монголыг феодализмээс салгах гэж 70 жил тэмцэж гайхам их амжилтанд хүрсэн юмсан. Одоо феодализмруу буцна гэхээр тэр их зүтгэл, тэмцэл даан ч хайран санагдана. МАН –ыг ШУА л залуусаас холдуулж, онхолдуулах нь.

             Манай академичдын дунд саруул сэтгэдэг оюунлаг жинхэнэ докторууд бас ч гэж бий. Академичид өөрсдөө ШУА –г ТББ болгох, Төрийн өмчийн төсөвт байгууллага болгох, татан буулгах асуудлаар санал хуваагджээ. ШУА –нь болохгүй байгаагийн шинж энэ мөн бус уу. Yхэр ухаантай , хувалз гэдэст , нисэх чадваргүй МОНТАВРАН ШУА –с яаралтай салах арга замыг хамтын оюунаар олцгооё.

 Доктор, профессор, Монгол улсын гавъяат багш, Цэрэнгийн Дэмбэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top