Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой хүмүүсийг шалгаруулав

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 20


 

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг угтаж, үндэсний хувцас, ёс заншил, соёл уламжлалаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар “Монгол гоёл, Монгол соёл” нэртэй сарын аян зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд өчигдөр МҮЭСТО-д монгол үндэсний хувцас, гоёлтой сайхан хос, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэсэн дөрвөн номинациар шилдгүүдийг шалгаруулав.

Энэ жил дээрх аянд зөвхөн тус дүүргийн албан байгууллагууд, хүүхэд багачуудаас гадна загварын салон, урлаг соёлын газрууд нэгдэж, 1000 орчим хүн монгол үндэсний хувцсаа сурталчилжээ. “Ур ундрах”, “Ачлал трэйд”, “Хулан уул” зэрэг компани ивээн тэтгэгчээр оролцсон байна. “Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эмэгтэй хүүхэд” гэсэн ангилалд нэг айлын хоёр охин шалгарч, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангаас өргөмжлөл, мөнгөн шагналаа гардав.

Б.Алтангоо, Б.Намсрай нарын дүү нь дарьганга хийцийн дээл өмсгөлөөр гангарсан бол эгч нь үзэмчин ардын дээлтэй иржээ. Харин “Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой бүсгүй”-гээр “Оюуны ундраа” цогцолборын багш С.Ганчимэг шалгарч, түүний шавь Г.Номин- Эрдэнийн дээл мөн халх хийцийн шилдгээр шалгарав. Дээрх арга хэмжээний үеэр ардын урлагийн тоглолт, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загвар үзүүллээ.

Л.АРГАМЖИН


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top