Хэдхэн хоногийн өмнө Cap шинийн баяр тохиож хотол олноороо сайхан шинэллээ. Хаврын тэргүүн сарын эхний өдрүүдийн дулааныг ч хэлэх үү. Монголчууд зуун зууны түүхт уламжлалтай улс. Тиймдээ ч шинэ сарыг хоггүй, хиргүй, өргүй, сэтгэлийн өс хонзонгүй бүхий л зүйлийг цагаан байх ёстой хэмээн үздэг.
Цагаан сарын өмнө Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1,7 тэрбум төгрөгийн төсөвтэй их цэвэрлэгээний ажил хийгдсэн. Харамсалтай нь энэхүү нөр их ажил маань нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг болов.
Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар Дүүргүүдийн хог цэвэрлэгдээгүй харин ч эсрэгээрээ бөөгнүүлж байгаа нь энэ гэж хур хог бий болгож гуу жалга, хонхор газрууд хогоор дүүрчээ. Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт үүсээд байгаа зохиомол хур хог юм.
Гэр хорооллын айлуудаас тогны мөнгөтэй нь цуг хогны мөнгө авдаг болсноос хойш хог замбараагүй болсон гэж уулзсан иргэн бүр ярьж байлаа. Иргэдийн хэлснээр цэвэрлээгүй биш цэвэрлэх шахсан аж. Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль хамгаалах газар, сүмийн хүмүүс ирж 1,8 километр талбай бүхий газрыг цэвэрлэсэн гэнэ. Гэтэл "Сүхбаатар дэвшил" гэдэг компани хог асгаж эхэлжээ. Ямар учраас хог асгаж байгааг лавлахад бид захын хорооны хогийг энд бөөгнүүлж байна хэмээжээ. Энэ мэтээр хотын төвийн хогийг захад нь бөөгнөрүүлж, дараа нь хогийн цэг рүү ачих бас нэг ажил бий болгоно. Энэ мэтээр шалтгаан гаргаж нийслэл, дүүргийн төсвөөс хэд л бол хэдэн тэрбумыг гаргаж авч байна.
Уржигдар цэвэрлэгээ хийж байгаа нь энэ гэж хог шатаагаад л бөөн утаа униар боллоо гэж иргэд бухимдав. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр ерөнхий менежер байхдаа нийслэлд хог шатаахгүй гэсэн албан тоот гаргасан байдаг юм билээ. Гэтэл энэ журам хэрэгжих нь битгий хэл мэддэг эсэх нь эргэлзээтэй.
Сүхбаатар дүүргийн удирдлагууд орон тоог нь эзэлдэг гэлцдэг төрийн өмчит аж ахуйн компани болох "Сүхбаатар дэвшил" хогоор бизнес хийж байна. Хогоо зөөх цэвэрлэх зорилгогүй харин хур хог цуглуулж мөнгө шамшигдуулдаг аж. Тус компани өөрийн гэсэн техник хэрэгсэл цөөнтэй байдаг аж. 6-7 машинтай бөгөөд тус машинуудыг нь 2009 онд Төв цэнгэлдэхээс дүүрэг бүрт хуваарилж өгчээ.
Чононоос хаях зүйл байдаггүй гэдэг шиг бохир нийслэлээс минь бизнес эрхлэгчид их бага гэлтгүй мөлжсөөр байна. Утааг бууруулна, гадаадаас нэг нь 100 сая төгрөгийн өртөгтэй хогны машин авчирч хороо бүрийг хогны машинтай болгоно гээд л төсвөөс амандаа багтсан тоог хэлж, мөн хогны хураамжны мөнгө хаанаа ч хүрдэггүй гэж төсвөөс нэмэлт хөрөнгө гаргуулж мөнгө шамшигдуулж байна.
Үндсэн хуулинд зааснаар хүн бүхэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой. Гэтэл юун эрүүл орчинд аж төрөх вэ. Бид энэ хогтой жалгандаа дасчихсан юм гээд хэнэггүй сууж байгаа иргэдээс гудамжиндаа яагаад хог асгаад байгаа талаар асуухад "Би мөнгөө төлчихсөн байхад миний хашаа хогтой байх ёстой юм уу?" гэж зөрүүлж асууж байна. Хариулт олдсонгүй ээ.
Ийнхүү нийслэлийн хоймор гэгддэг Сүхбаатар дүүрэг хогтойгоо шинэ cap гаргажээ "Сүхбаатар дэвшил"-ийнхээ буянаар. Ганц Сүхбаатар дүүрэг ч биш Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд ч хогтой шинэлчихэж.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их цэвэрлэгээнд иргэд молигодууллаа. Хамгийн чухал нь нүд хуурсан цэвэрлэгээндээ хэдийг зарцуулж, үлдсэн нь хэн гэдэг эрх мэдэлтний цэвэр орлого болсныг иргэд яаж ч мэдэх вэ. Хогоор бизнес эрхэлдэг дүүргийн удирдлагууд хотыг хогонд нь живүүлж байна.
Б.Нэргүй
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )