Дархан хот үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Цагаан сарын шинийн зургааны Дашнямтай өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригийг Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт Дархан-Уул аймагт ажиллаж өнгөрүүллээ.

Монгол орныхоо 21 аймгаар очиж иргэдтэйгээ уулзсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сүүлийн хоёр жилийн хугацаанд Дархан-Уул аймагт гуравдахиа очиж ард иргэдийн ажил амьдрал, бүтээн байгуулалт, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилттэй танилцаж буй нь энэ юм. Ийн очихдоо тус аймагт спорт цогцолбор барьж байгуулах амлалт өгсөн нь өнөөдөр ажил хэрэг болоод явж байгаа юм. Уг барилгын ажлын шавыг өнгөрсөн онд тавьсан бөгөөд энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтад хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрэн суулгаад байгаа юм.

Мөн Орхон сумын иргэдээс тавьж байсан хатуу хучилттай замын асуудлыг ч энэ онд бүрэн шийдвэрлэхээр төсөвт тусгасан. Энэчлэн Засгийн газрын тэргүүний хөдөө орон нутагт ажилласан томилолтын тус аймагт хийгдэж буй томоохон ажлууд байна. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн томилолтын үеэрээ Дархан хот бол үйлдвэрлэлийн хөгжлийн загвар хот болох ёстой гэдгийг зарлалаа. Дархан хот бол үйлдвэрийн хот. Бас залуусын хот.  Тиймээс ч тус аймгийн түүхэн туршлага, бүтээлч үйл ажиллагаа, өнөөдөр, маргаашийн боломж зэргийг нь харгалзан үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг шуурхайлж, ажил хэрэг болгох ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Аймгийн удирдлагууд болоод холбогдох албан тушаалтнуудыг энэ асуудлыг боловсруулж ойрын үед Засгийн газрын хуралд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгоод ажлын хэсэн байгуулан энэ асуудлыг Засгийн газар анхаарлын төвдөө байлгах болно гэж онцоллоо.  

Мөн энэ 2012 онд багтааж спорт цогцолбор болон замын асуудлыг чанартай барьж, хугацаанд нь бүрэн ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

Засгийн газрын үйл ажиллагаанд дарханчууд ам сайтай байгаагаа илэрхийлээд цаашид илүү сайн ажиллахыг хүслээ. Зарим нь ч санал бодлоо илэрхийлж байлаа.

Дархан хотын иргэдийн нэлээд сонирхож байсан асуудал бол 100 000 айлын орон сууц хөтөлбөр байлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ талаар мэдээлэл өгөхдөө:

-Цагаан сарын өмнөх Засгийн газрын хуралдаанаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг 6 хүртэл хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт 3200 орчим айлын орон сууц барихаар төлөвлөөд ажиллаж байгаа. Ганц Улаанбаатар гэлтгүй Дархан хот маань ч утааны хүндрэлтэй нүүр тулаад байгаа. Утааг бууруулах зорилгоор бүрэн шаталттай 4500 зуухыг энэ жил иргэдэд олгоно. Гэхдээ энэ бол утаатай тэмцэх шийдэл биш. Харин орон сууцжуулах ажил хамгийн чухал байгааг Ерөнхий сайд хэллээ.  Үр дүн нь эзнээ олсон, бодитой ажил хэрэг болгоход орон нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг хүслээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top