Увс аймгийн уугуул, Дархан-Уул аймгийн суугуул мянгат малчин, Дархан- Уул аймгийн аварга малчин Хиривийн Басангийнх суугуул нутагтаа ирээд 20 орчим жил болж байгаа ажээ. Тэдний гурван хүүхэд мөн аав ээжийгээ залгамжлан мал маллаж буй бөгөөд бүгд туслах малчинтай тов хийсэн айл болцгоожээ. Анх буюу 1996 онд нутгаасаа ах дүү зургуулаа гарсан бөгөөд тус аймгийн Хонгор суманд ирээд мал маллажээ. 20 орчим жилийн хугацаанд тэднийх 28 өрх айл буюу 128 ам бүлтэй нэгэн өнөр бүл болжээ. Энэхүү өнөр айлын толгойлогч Х.Басан гуайнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зочилж Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн халуун яриа өрнүүллээ.
Эх малын жилбэ сайн, энэ хавар өмнөх жилийнхээс илүү олон төл хүлээж авах боломж байгаа нь Ерөнхий сайд Басан гуай хоёрын ярианд дурьдагдаж байлаа. 2011 онд манай улс 13,1 сая мал хүлээж авсан бол энэ жил 15 саяыг хүлээж авах боломж байгаа юм байна. Үүнд хувь нэмрээ оруулах болно гэдгээ Басан гуай амлаад тэнгэр хангай сүүлийн хоёр, гурван жил ивээж цаг агаар ээлтэй сайхан байна хэмээн бэлгэшээж байлаа. Мөн гуравдугаар сарын 12-ноос шинэ төлөө хүлээж авна гэдгээ хэлж байв.
Өвс тэжээлийн үйлдвэрт тракторчин байгаад мэргэжлээ сольж мал дагасан Басан гуай мал маллаад хангалуун сайхан амьдарч болох юм байна гэсэн үлгэр дууриалыг үзүүлж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэрийн эзэн болоод эзэгтэйд хэлж байлаа.
Засгийн газрын тэргүүн энэ үеэр Засгийн газраас малчдаа дэмжин хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөр, “Таван-Эрдэнэ” арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр эдгээр хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах, ээмэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байгааг онцоллоо. Мөн малчин өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч юм. Энэ ч утгаараа малчдад мэргэжлийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байгааг дуулгалаа.
Ийн мянгат малчин Х.Басантай халуун яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболд Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо. Мөн тус аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан юм.
Сэтгэгдэл ( 0 )