Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар нэгдсэн зөвлөлгөөн саяхан Төрийн ордонд болсон. Энэ үеэр Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд зохион байгуулж нээлтийн арга хэмжээнд нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон билээ. Тус үзэсгэлэнгээс Гран-При шагнал хүртсэн “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай Ерөнхий сайд танилцахаа шагнал гардуулах үеэрээ амласан билээ.
“Алтан тос” ургамлын үйлдвэрийн хамт олон өөрсдийгөө Монгол Улсад анхдагч хэмээн тодорхойлж байна. Үйлдвэр нь европ стандартын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өдөрт 100 тн буюу жилд 33 мянган тн тос үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээн “Монгол Алтан тос” ХХК-ийн захирал ярилаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ амласан ёсоороо тус үйлдвэрт очлоо.
Засгийн газрын тэргүүн тус үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрхэн бий болж байгаатай бүрэн танилцсаны дараагаар дагалдан яваа хүмүүийнхээ хамтаар дээжээс нь амталж үзлээ. Ингээд хэлэхдээ “Бидний хэлж заншсанаар 9-ийн тос. Монголчууд бидний гол хэрэглээний нэг. Монголдоо үйлдвэрлэж байгааг харахад таатай байна. Гаднаас тээвэрлэж оруулж ирэхгүй тиймээс цаг хугацаа алдахгүй, чанар сайн, үнэ ханшийн хувьд зах зээлийн үнээс 200 орчим төгрөгөөр хямд гэж байна. Энэ нь эдийн засгийн болоод хүнсний аюулгүй байдал талаасаа ач холбогдолтой юм. Мөн 100 гаруй ажлын байр бий болгосон байна” гэж тус үйлдвэрийн хамт олныг сайшаалаа.
Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр олон түмний хэрэгцээтэй хүнс үйлдвэрлэж байгаа ийм үйлдвэрүүдийг Засгийн газар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад цаашид ургамлын тос экспортлох том зорилт тавьж ажиллаарай гэв. Мөн түүхий эдээ Монголдоо бэлтгэх боломж эрэлхийлэх, энэ чиглэлд ахиц гаргаж ажиллахыг Ерөнхий сайд хүслээ. Мөн жижиг, дунд ийм үйлдвэрүүдийг татварын бодлогын хүрээнд хэрхэн дэмжиж болох, татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэрэг асуудалд нь анхаарч ажиллахыг тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа Ж.Сүхбаатар, П.Хаянхярваа нарт зөвлөлөө.
Тус үйлдвэр нь ямар ч хаягдалгүй ажилладаг, өөрөөр хэлбэл, хаягдлаар нь “Тана” үйлдвэрийнхэн барааны саван үйлдвэрлэдэг байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн 2011 онд улсын хэмжээнд 90 орчим үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд эдгээрийн нэг нь “Алтан тос” үйлдвэр юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )