Оюутны сурах идэвхи чармайлтыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор төрөөс сар бүр 70 мянган төгрөг олгох болсон.
Улаанбаатар хотод 100 гаруй их, дээд сургуульд 170-аад мянган оюутан суралцдаг. Тэд энэ сарын 21-нээс тэтгэлгээ авч эхэллээ. Энэ мөнгийг оюутнууддаа “Хаан”, “Голомт”, “Улаанбаатар”, “Хадгаламж” банк болон “MobiXpress” үйлчилгээгээр олгож байгаа аж.
Оюутнууд уг нь гар дээрээ 70,200 төгрөг авах ёстой боловч банк болгон өөр өөр шимтгэл авч байгаагаас тэдэнд очих мөнгө харилцан адилгүй байна. Энэ тухай оюутнуудаас асуухад, СЭЗДС-ийн хоёрдугаар курсын оюутан О.Гэрэл “Бид “Улаанбаатар” банкинд интернэтээр картаа захиалж, дараа нь сургуульдаа байрлах салбараас 69.200 төгрөг авсан” гэв. МУИС-ийн Худалдааны сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийн оюутнууд “Хаан” банкнаас 69.000 төгрөг, харин ХИС-ийн оюутнууд “Голомт” банкнаас 65.000 төгрөг авчээ. Харин “MobiXpress” үйлчилгээгээр оюутнууд мөнгөө бүрэн авах боломжтой гэнэ.
3.2-оос дээш голч дүнтэй оюутнууд 50 хувь, 3.6-гаас дээш дүнтэй оюутнууд 100 хувийн нэмэгдэл тэтгэлгээ намраас авахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )