Н.Алтанхуяг: Ц.Нямдорж сайд ажлаа хий. Чадахгүй бол боль

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 02

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар өчигдөр ээлжит 4:11 уулзалтаа зохион байгуулав.

АН-ынхан энэ удаад сонгуулиас өмнө бэлэн болгох ёстой иргэний цахим үнэмлэх болон Засгийн газраас баталсаң 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зургаан хувийн хүү зэрэг асуудлаар мэдээлэл хийсэн юм. Хурлын эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг "АН хамтарсан засгаас гараад удаагүй байна. Гэтэл МАН-ынхан өнгөрсөн гурван жил илүүгийн хугацаанд хийсэн сайн бүрийг өөртөө хамаатуулж, муу болгоныг АН-д тохон ярих боллоо" гэв.

Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээл олгох шийдвэрийг МАН-ынхан сар шинийн өмнөхөн баталсан. Үүнийг АН-ынхан эсэргүүцэж байгаа юм байна. Учир нь уг 138 дугаар тогтоол нь хамтарсан Засгийн газрын үед буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд батлагдсан гэнэ. Гэтэл энэ ажлыг дангаараа хийж хэрэгжүүлж байгаа гэх ойлголтыг иргэдэд төрүүлж байгаа нь зүй бус үйлдэл гэдгийг АН-ын удирдлагууд онцлов. Түүнчлэн тус тогтоолд анх 50 метр квадратаас дээшгүй талбайтай сууц гэж байсныг 55 метр квадратаас илүүгүй болгосон, мөн хүүхдийн тоо заагаагүй байсныг 0-16 насны дөрөв хүртэлх хүүхэдтэй гэж оруулсан нь шинэ сайд Ц.Дашдорж Засгийн газрын тогтоолыг гажуудуулсан асуудал болсон хэмээн АН-ынхан үзэж байгаа аж. Ингэснээр нийгэмд ялгаварал үүсгэж нэг, хоёр, гурван хүүхэдтэй, эсвэл хүүхэдгүй залуу гэр бүлийг ялгасан хэрэг болсон гэнэ. Энэ зохицуулалтаас болж хөдөө орон нутгийн дөрвөөс дээш хүүхэдтэй өрхүүд нийслэлд шилжин очвол зээлд хамрагдаж болно гэсэн буруу ойлголттой болоод байгаа аж. Түүнчлэн өрхийн сарын дундаж орлого 700 мянган төгрөг байна гэсэн нь бага, дунд орлоготой иргэдийн "стандарт"-д тохирч байна уу гэсэн асуудлыг АН-ын удирдлагууд сөхөв. Мөн зээлд хамрагдах орон сууцны барилгын компаниудын жагсаалт гарсанд Л.Гантөмөр гишүүн эргэлзэж байлаа. Тэрээр "Хамгийн хямд өртгөөр орон сууц барьдаг компаниудыг шалгаруулалгүйгээр жагсаасан нь "но"-той шүү дээ гэж байв. Ингэснээр барилгын компаниуд дунд шахааны бизнес дэлгэрч, үнэ өсөх нь дамжиггүй гэдгийг тэрээр анхааруулав. Харин цахим үнэмлэх олгох ажил удааширч буйг анхаарч энэ сэдвийг долоо хоног бүр хөндөж ярих болно гэдгээ АН-ын дарга Н.Алтанхуяг мэдэгдэв. Тэрээр "УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар УИХ-д нэр дэвшихээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд ажлаа өгсөн. Түүний дараа тус байгууллагын дэд даргыг нь үүрэг гүйцэтгүүлэхээр ярьж байсан ч МАН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг тавьсан. Ингэснээр иргэний бүртгэ-лийг сонгуулиар будлиантуулж, улмаар долдугаар сарын 1-ний үймээн дахин гарч болзошгүй гэсэн хардалтыг төрүүлж байна. Цахим үнэмлэхийг саатуулах санаа байгаа бол ил тод мэдэгдэх ёстой гэсний дагуу УБЕГ-аас уржигдар хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна лээ. Мөн АН хамтарсан Засгийн газраас гарснаас болж цахим үнэмлэх хэвлэж тараах ажил удааширсан хэмээн ярьж суугаа сайд Засгийн газарт байгаа нь харамсалтай. Хамтарсан Засгийн газрын хамгийн гол зорилго нь долдугаар сарын 1-нийг давтахгүйгээр иргэний бүртгэлээ цэгцэлье гэсэн. Гэтэл МАН дургүйд хүчгүй болоод хувирчихлаа. Хэрэв сонгуулийн будлианыг давтана гэвэл Засгийн газар ч огцрох ёстой" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар иргэний үнэмлэхэд бахиар тэмдэг тавьсны хүчинд сонгуулийн дүн шударга гарсныг АН-ын удирдлагууд дурдав. "Эхнээсээ цахим үнэмлэхийг саатуулж, сонгуулийг будлиан туулахаар зэхэж, энэ ажлыг авсан хүмүүс ажил бүтэхгүй гэсэн утгатай бичгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад илгээсэн байна лээ. Ц.Нямдорж сайд ажлаа хий. Чадахгүй бол боль" хэмээн АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр "Ард түмний эсрэг буу хэрэглэнэ гэсэн сайд байна. Ерөнхий сайд энэ хүний ажлыг цэгцлэх хэрэгтэй. МАН-ын давуу тал бол бүх шатанд төрөөр дамжсан удирдлагын сүлжээ юм. Шат шатанд нэр дэвших сонирхолтой хүмүүс бий. Цахим үнэмлэх тарааж амжихгүй бол УИХ-ын гишүүн гэж энд суух хэрэг байна уу. Бид цахим үнэмлэхийг хэвлүүлж сонгуулийг шударга явуулах дээр хатуу зогсоно" хэмээн байр сууриа илэрхийлэв.

А.Билгүүн

medee.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top