Багш нар гуравдугаар сарын 9-нөөс дахин ажил хаяхаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 03

 

 Өнөөдөр Монголын боловсрол соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос  багш нарын цуглааныг зохион байгууллаа.

Багш нар энэ сарын 9-нөөс эхлэн  дахин ажил хаяхаар болжээ. Энэ удаагийн ажил хаялт хугацаагүй үргэлжлэх юм байна. Өмнөх ажил хаялтын үеэр төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01 болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн ч уг заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа нь дээрх байдалд хүргэсэн аж. Засгийн газар, УИХ-д  хүргүүлсэн багш нарын мэдэгдлийг  бүрэн эхээр нь хүргэе.

МЭДЭГДЭЛ

Бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсөн нэмэгдэж, иргэд, хөдөлмөрчдийн ахуй амьдрал доройтож, төгрөгийн худалдан авах чадвар буурч, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаад бухимдан боловсролын салбарын ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж өнгөрсөн жилээс эхлэн УИХ, Засгийн газарт удаа дараа санал, шаардлага тавин тэмцэж байгаа хэдий ч өнөөдрийг болтол шийдвэрлэгдсэнгүй.

Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө: “Цалин тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин өсгөнө, ...нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар цалинг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлнэ” хэмээн тусгасан заалт, амлалт сонгуулийн бүрэн эрх нь дуусгавар болоход бодитойгоор биелэхгүй нь тодорхой боллоо.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн 2011 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрийн нэмэлт хэлэлцээрийн “2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01 болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэх шийдвэр /2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах/-ийг 2012 оны 03 дугаар сарын 08-наас өмнө УИХ-аас батлан гаргахыг шаардаж байна.

Багш, боловсролын салбарын ажилтнуудын дээрхи шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хугацаагүй ажил хаялтыг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8.00 цагаас үргэлжлүүлэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top