Монголын төр нийгмийн түншлэлийн харилцааны илэрхийлэл болсон Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна.
Тус форумын үеэр компани, аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж буй бөгөөд тэдний заримтай нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцахдаа Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцлоо.
Урлагийн зөвлөлийнхөн “Монголын хөгжилд хамтдаа” гэсэн нэгэн өвөрмөц зураг тавьжээ. Монголын газрын зураг бүхий тэрхүү бүтээлд тэдний бэлтгэсэн жижиг хайчилбаруудаас сонгож наах учиртай ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд инээж буй хоёр хүүхдийн зураг сонгож наалаа. Засгийн газрын тэргүүн энэ зургийг сонгосон тухайгаа “Манай Засгийн газар байгуулагдахдаа Хөгжилд хамтдаа гэсэн уриа гаргасан юм. “Хамтдаа байж хөгжилд хүрнэ” гэсэн залуу зураач Б.Нандин-Эрдэнийг дэмжиж байна. Инээж байгаа хоёр хөөрхөн хүүхдийн зургийг би сонголоо. Энэ хүүхдүүд бол манай хөгжлийн ирээдэй. Монгол Улсын Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүний хөгжил. Тиймээс ч 2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарласан. Олонх иргэдээ дундаж амьдралтай болгохыг бид зорьж ажиллаж байна. Тиймээс ч хөгжилд хамтдаа гэсэн энэ уриаг талархан дэмжиж байгаа юм” гэж тайлбарлалаа.
Ерөнхий сайдын дараагаар Сангийн дэд сайд Ч.Ганхуяг болон төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын олон хүн хайлчилбар зургаас сонгож хамтдаа байж хөгжилд хүрнэ гэсэн бүтээлийг дэмжиж оролцлоо.
Монголын Урлагийн зөвлөлийнхөн төрөл бүрийн 300 гаруй хайчилбар зураг бэлтгэсэн бөгөөд хүмүүсийн сонгож наасан Монголын газрын зургаас Монголын өнөөдөр ба ирээдүйн өнгө харагдана хэмээн үзэж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )