Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Баясгалан хэмээн усан луу жилийн орон нутаг дахь албан томилолтоо наран ургах зүг, Сүхбаатар аймгаар үргэлжлүүллээ. Өнгөрсөн өвөл өнтэй сайхан болж, ард иргэдийн сэтгэл тэнүүн, аж амьдрал нь өнгөлөг байгаа нь очсон газар орны иргэдийн ахуй амьдрал хэлж ярьж байгаа үгнээс харагдаж байна. Энэ жил тус аймгийн 70 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд түүхэндээ анх удаа хамгийн их буюу нэг сая наян мянган мал тоолуулжээ. Сүхбаатар аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай. Зөвхөн энэ салбараас 2011 онд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн үзүүлэлтээр луу жилээ угтжээ. Түүнчлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа тухай аймгийн удирдлагууд хэлж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн хүн ам өсч ард иргэдийн амьжиргаа харьцангуй дээшилсэн үзүүлэлт гарчээ.

 

Засгийн газрын тэргүүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд тус аймагт хоёр ч удаа ажиллаж, Сүхбаатарчуудын өмнө тулгамдсан томоохон асуудлыг бодитой шийдвэрлэж байгаад иргэд ам сайтай байна. Баруун-Урт болон Дарьганга суманд хийсэн уулзалтын үеэр иргэд унаган нутгийн хүү, Монгол Улсын Ерөнхий сайд таныг нутгийн иргэд чинь дэмжиж, уул ус тань үргэж ивээж байгаа шүү хэмээж байлаа. Ерөнхий сайд энэ удаад Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчдийн санаа бодлыг сонсч, тодорхой хариулт өглөө.

 

Хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17.3 орчим хувьд хүрч, Хөгжлийн банкны ажлыг эхлүүлж, шинэ төмөр зам, аж үйлдвэрийн цогцолборууд, бүх аймгийг нийслэлийг холбосон  авто замын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Тухайлбал Сүхбаатар аймгийг Улаанбаатартай холбох авто замын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр шийдвэрлэснээ Засгийн газрын тэргүүн энэ үеэр дуулгалаа. Түүнчлэн Засгийн газар “100000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бодлогын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох боломжийг  бүрдүүлснээ Ерөнхий сайд С.Батболд хэлсэн нь иргэдийн хүсэн хүлээсэн хариулт байлаа. Энэ хөтөлбөрийн тодорхой хувь Сүхбаатар аймагт хэрэгжинэ.

 

С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг баталж, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй бүх суманд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах, мал сүргийг 3 жил дараалан үнэ төлбөргүй тарилга, туулга, угаалгад хамруулах “Таван-Эрдэнэ” арга хэмжээг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Малчин хүнийг мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч мэргэжлийн үнэмлэх олгох, Хөдөө аж ахуйн бирж байгуулах бэлтгэлээ хангасан гээд хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн томоохон ажлуудыг малчид ихээхэн сайшааж байна.

 

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Засгийн газраас дэмжих бодлого барьж байгааг ч ерөнхий сайд хэлсэн. Тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оныг дуустал чөлөөлнө. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая  байсныг 500 сая төгрөгт хүргэж, зээлийн хугацаа 3 жил байсныг 5 жил,  хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болгоод байгаа тухай Ерөнхий сайд С.Батболд мэдээллээ.

 

Сүхбаатарчуудтай хийсэн уулзалтын үеэр амжилт, сайн сайхан зүйл их байгаагаас гадна бас хийж шийдвэрлэх асуудал ч байна гэдгийг дурьдаж байлаа. Иргэд цалин тэтгэвэр тэтгэмж, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөг, хязгаар нутгийн иргэдэд нефт бүтээгдэхүүний хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг ихээхэн сонирхож байгаагийн зэрэгцээ төрийн албаны дунд шатны хүнд суртал хэрээс хэтэрч байгааг тэд шүүмжиллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эдүгээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдарч байгаа жанжин Д.Сүхбаатарын ойрын хамаатан 106 настай Б.Лхамсүрэн гуайд байрны түлхүүр гардуулж байгаагаа дуулгасан нь гэнэтийн бэлэг байлаа хэмээн түүний охин 75 настай Дуламсүрэн түлхүүр гардах үеэр хэлж байлаа.

 

С.БАТБОЛД: МОНГОЛ УЛСЫН ХИЛ МӨНХӨД АМГАЛАН БАЙГ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд гарч төр улс, ард иргэдийнхээ ажил амьдрал, улс орныхоо хөгжил дэвшил, хийморь сүлдийг даатган залбирлаа. Үүний дараа тэрээр  Монгол Улсын дархан хилийн 999 дүгээр тоот багантай танилцсан юм. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын хил мөнхөд амгалан тайван байхын ерөөл дэвшүүлээд хилийн 999 дүгээр багана дээр ирж байгаадаа монгол хүний хувьд, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэний хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд баяртай байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын иргэн байна гэдэг хязгааргүй их аз завшаан хувь тавилан юм хэмээн бахархаж байлаа. 

 

Өмнө нь Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж байх үедээ хилийн дагуух бүх баганыг шинэчлэх ажлыг БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрийн дагуу хийж байжээ. Тэрээр энэ ажлыг өөрийн биеэр ахалж, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улсын бүх хилийн баганыг боржин чулуугаар хийж шинэчилсэн нь хилийн  аюулгүй байдлыг баталгаажуулсан явдал юм хэмээн хилчид ярьж байна. Биднийг хил дээр очиход Дорноговь аймгаас хилийн цэргийн 0184-р ангийн татагдан ирж алба хааж байгаа ахлах дэслэгч Н.Мөнхсайхан, байлдагч Н.Дэлгэрбаяр нартай үүргээ гүйцэтгэж байхтай бид таарсан юм.

 

Ерөнхий сайд С.Батболд Хамгийн эрхэм нандин, хариуцлагатай албыг хашиж эх орныхоо тусгаар тогтнол энхийн манаанд зогсож байгаа байлдагчидтай гар барин мэндлэж та нар бол жинхэнэ эх орончид юм, Засгийн газрын тэргүүний хувьд би зориуд орон нутагт ажиллахдаа хилчидтэйгээ уулзая, эх орныхоо хилийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ та бүхнийхээ санал бодлыг сонсоё гэсэн зорилго өвөртлөн ирсэн гэдгээ тэдэнтэй ярилцах үеэрээ хэлж байлаа.  

 

СҮХБААТАР СУМ ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТЭД ХОЛБОГДЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жилСүхбаатар аймагт ажиллахдаа Засгийн газраас Монгол Улсын бүх сум, суурин газрыг өндөр хурдны интернетийн шилэн кабельд холбох ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олж Улаанбаатар хотоос 700 шахам км-т орших тус аймгийн Сүхбаатар сум өндөр хурдны  интернэтийн сүлжээнд холбогдлоо. Зөвхөн сүлжээнд холбоод зогсохгүй сургууль, Засаг даргын Тамгын газарт интернэт танхим байгуулахыг ажлыг хийжээ.

 

Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэрээ сургуулийн интернэт танхимын нээлтийн ажиллагаанд оролцож  интернэтийн сүлжээ нь улс бүсийг холбоод зогсохгүй иргэн бүрийг холбодог онцлогтой. Тиймээс иргэн бүрийн оролцоог олон талт үйлчилгээнд хамруулахад ихээхэн үр дүнгээ өгөх юм хэмээн хэллээ. Ийнхүү тус сум интернэтэд холбогдсоноор цахим арилжаа, хөдөлмөр, хөдөө аж ахуйн бирж гээд бүхий л салбарт олон төрлийн цахим үйлчилгээг өндөр хурдны сүлжээгээр авах боломж бүрдлээ. Тус сургууль 433 хүүхэд, 25 багш, ажилтантай. Багш, сурагчдын хувьд өндөр хурдны интернэтийн танхимтай болсондоо баяртай байна.

 

Ерөнхий сайдын эмэг эх 1925 онд байгуулагдсан тус сургуулийн анхны 15 суралцагчийн нэг байсан бөгөөд 87 жилийн дараа түүний ач хүү, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа сургуулийн захирал С.Сарантуяа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top