С.Жавхлан эх орны хишиг түгээнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

МУГЖ С.Жавхлан Олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар паласын концертын их танхимд “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтоо хийх гэж байна. Хоёр өдрийн тоглолтын бүх орлогыг өрх толгойлсон болон олон хүүхэдтэй эхчүүдэд эх орны хишиг болгон өгөх гэнэ. Харин хэрхэн өгөхөө шийдээгүй байна. Гэхдээ С.Жавхлан өөрөө 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргээр явж байгаад, үзэмжээрээ өгч магад хэмээлээ. Тоглолтын тасалбар 25,000 төгрөг бөгөөд тасалбарыг dvd дагалдаж байгаа юм. Тоглолттой холбоотойгоор МУГЖ С.Жавхлангаас цөөн асуулт асуулаа.

-Тоглолтод урилгаар хэн хэн оролцох вэ?

-Л.Болдбаатар, СТА Амаржаргал, Ноён Бондгор, Өнөдэлгэр гэх мэтчилэнгээр олон уран бүтээлчид оролцож байгаа.  

-Тулганы гал тахих ёслолтой холбоотойгоор тоглолтоо ингэж нэрлэв үү?

-Энэ хорвоо дээр эрчүүд нь тулганы галаа бадрааж, эмэгтэйчүүд нь манаж явдаг шүү дээ. Тэгэхээр Монгол түмэн маань галтай, цогтой. Тэр галыг манай эмэгтэйчүүд одоо болтол манаж байгаа. Тэр утгаараа ингэж нэрлэсэн.  

-Яагаад тоглолтын ашгийг бусадтай хуваалцах гээд байгаа юм бэ?

-Төр засгаас хангалттай мөнгө өгч чадахгүй байна. Тийм болохоор тоглолтынхоо орлогыг  тарааж байна.  

-Ямар шалгуураар эх орны хишгээ эхчүүдэд өгөх вэ?

-Үнэхээр  хэрэгтэй хүмүүст нь өгнө. Яаж өгөхөө шийдээгүй. Гэхдээ өмнө нь би хэдэн гэр өгөхдөө гэр хорооллоор явж байгаад хэцүүхэн айлд нь шууд ороод өгч байсан. Тэрэн шиг өгөх бодолтой байна. Юутай ч энэ сарын 9-нд  хийх хэвлэлийнхээ хурлаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

-Яагаад 500,000-аар олон эхэд өгч болохгүй гэж?

-Яахав. Энэ мөнгийг С.Жавхлан сайндаа олоод өгч байгаа юм биш. Нэг талаасаа төр өгч чадахгүй байна ш дээ.  Нэг талаасаа энэ чинь уиалга болж байгаа юм. Хүнд сэтгэл байвал түмэн олондоо төрийнхөө өгч чадахгүй байгааг л өөрөөрөө үлгэрлэж байгаа юм. Би бүх хүнд сая төгрөг өгч чадахгүй ч гэсэн бусдыгаа уриалж байгаа.

- Тэгвэл хандивын тоглолт цаашид зохион байгуулах нь ээ?

- Түмний гал бадраах ёслол хавраас үргэлжлэх байх гэсэн бодолтой байна. тэгэхээр иймэрхүү зүйлийг аль болох хийнэ дээ.

- Сэдвээ өөрчилье. Монгол эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

- Эмэгтэй, эрэгтэй хүний хийдэг зүйл байдаг ш дээ.  Жишээ нь эмэгтэй хүн морь уядаггүй ш дээ.  Эмэгтэй хүн зодог шуудаг өмсөөд барилдаггүй ш дээ. Тэрэн шиг эрэгтэй хүн ч гэсэн тэр бүр тогоо бариад байдагүй ш дээ. Тэрэн шиг эмэгтэйчүүд эцэ, өвгөдийнхөө ёс жаягаар л байгаасай.  Сүүлийн үед хүний эрх гээд байдаг болчихож. Эцэг өвгөдийн үлдээсэн ёс жаяганд хэмжээ хязгаар гэж юм бий ш дээ. Энэ заагаа л бариад явбал тийм ээ?  Тэгэхгүй бол  бид нар жоохон туйлширчих гээд байна ш дээ.

-Эхнэрээ мартаар яаж баярлуулах вэ?

-Та бүхнийг тоглолтондоо урьсан шиг эхнэр маань энэ тоглолтыг ирж үзэх байхаа.  

-Сонгуульд нэр дэвших үү?  

-Тэрийг 9-ний өдөр хэлье.

-Яагаад одоо хэлэхгүй байгаа юм бэ?

-Эхлээд тоглолтоо хийе л дээ.  

-Бүдүүлгээр хэлж байгаад уучлаарай. Хишиг тараана гэхээр чинь сонгуулийн сурталчилгаагаа хийхж байгаа юм болов уу гэж бодлоо?

- Юу ч гэж ойлгож болно. Тэр бол та нарын асуудал. Би бол байгаагаараа л байна.

- Олсон орлогоо тараачихаар чинь яаж амьдрах юм бэ?

- За яахав тэгээд болж л байна ш дээ.  

- Ямар орлоготой вэ?

- Түмэн олныхоо хишгээр айхтар олоогүй ч өлсөхгүй л байна ш дээ.  

- Гэрт амьдарч байна уу эсвэл сyyцанд уу?

- Гэрт байгаа. Хааяа орон сууцанд. Гэхдээ хотын агаараас эхлээд сууцандаа нэг их байхгүй байгаа.  

- Ярилцлага өгсөн таньд баярлалаа

-  Баярлалаа.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top