Монгол цөөхөн хүн амтай ч монополь компани хэтэрхий олонтой. Эдгээрийн нэг нь “Мобиком” корпораци гэдэгтэй маргах хүн гарахгүй.
Давуу эрхтэй энэ компанийн даварсан үйлдэл хэрээс хэтэрснийг хүн бүхэн ярьж байна. Үүрэн холбооны бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авдаг хэрнээ хэрэгцээ шаардлагыг нь хангаж чаддаггүй нь их болов.
Энэ тухай баримтыг уншигч танд хүргэж байна. Иргэд үнэн ярьсныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас батлаад өгсөн. Саяхан тус газраас үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг компаниудыг шалгажээ.
Шалгалтын дүнгээс “Мобиком” корпорациас нэлээд зөрчил илэрсэн юм байна. Тухайлбал “Мобиком” корпорацийн дараа төлбөрт хэрэглэгчид багцад дагалдан ирэх ярианы хэмжээг минутаар тооцдог боловч ярьсан мэдээлэл төгрөгөөр өгдөг. Ингэснээр “Мобиком”- ын хэрэглэгчид яаж ч хичээгээд хэрэглээгээ хянах боломжгүй байдаг нь илэрчээ.
Өрсөлдөөний хуулинд харшлах цаашлаад ард иргэдийг хохироож буй “Мобиком” корпорацийг 10 сая төгрөгөөр торгосон. “Мобиком” байнга урамшуулал зарладаг байгууллага. Гэхдээ өнгөн талдаа л даа. Ухаандаа, дараа төлбөрт хэрэглэгчдэд урамшуулал хэмээн Бизнес мэдээ зарлаж хэрэглэгчдийг хохироодог нь дээрх шалгалтаар тогтоогдсон. Энэ бол маш том зөрчил. Томоор барахгүй ноцтой зөрчилд тооцогдоно.
“Мобиком”-ын зарлаад байгаа урамшуулал гэгч нь суурь хураамжнаасаа хасагддаг гэнэ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж тогтоосноор хэрэглэгч 9000 төгрөгийн суурь хураамжтай гэж бодоход ярьсан, яриагүй уг хүний суурь хураамжийн төлөлтөөс суутгаж авдаг болж таарч байгаа юм.
“Нийгмийн төлөө хариуцлага тай хөрөнгө оруулагч” гэгдэх “Мобиком” корпораци “Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн холбооны сүлжээгээ байгуулан, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт нэг сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж байгаа” гэж ирээд л гоё ганган үгтэй сурталчилгаа хийдэг. Үнэн хэрэг дээрээ biznetwork сайт дээр л гэхэд хэрэглэгчид дараахь сэтгэгдлийг үлдээсэн байгаа юм. Сэтгэгдэл, хэлэлцүүлэг нь “Мобикомоос мөнгө нэхэмжилье, бүгдээрээ” гэсэн гарчигтай.
А: Сүүлийн үед утсаар ярьж байхад Connection error, Network Busy гэхчлэн утас тасрах болоод удаж байна. Энэ зовлонг утсаар их ярьдаг хүмүүс андахгүй байх.
Ингээд дахин залгах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, дахиад нэгж эсвэл ярианы төлбөр гардаг. Хэрэв Моби-гийн сүлжээний ачаалал зэргээс хамаарч дахин холболт хийлгэж байгаа бол Моби мөнгө авахгүй байх нь зүйн хэрэг биз дээ.
Монголчууд моби-гийн алдаа болгонд нэмж мөнгө төлсөөр байх уу?
Б: Мөнгөнөөс гадна, хүнээс уучлалт гуйж дахин дахин залгах шаардлага гардаг л даа, уучлаарай тасарчихлаа, яагаад тасарчихав аа, мэдэхгүй ээ гэхчлэн яриа үргэлжилж байтал дахиад тасарчихдаг байгаа. Тэгээд л ... дахиад залгасан алдаа засахад нь хурд нэмэх болов уу гэж бодсон шүү, бас нөгөө талаар. Мэдээж энэ тохиолдол шүүхээр нэхэмжлэх боломжтой байх гэж бодож байна хуулийн хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ.
В: Би моби-г олон жил хэрэглэж байна. Сайхан шулна шүү дээ. Үнэтэйг нь яана аа. Суурь хураамждаа сүлжээ харгалзахгүй 400 минут үнэгүй гэдэг нь лав худлаа шүү. Билл дээр нь: яриа 50 000 Суурь/х 20 000 Хөнгөлөлт 20 000 Дүн 50 000 гэх юм 1+1-1=1 гэдэг шиг л хөнгөллөө гэж худлаа ярина .
Энэ чинь намайг 400 минут дотроо сүлжээ харгалзахгүй үнэгүй ярьж байна гэсэн ойлголт өгөхгүй байна. Эсвэл саажилттай хэдэн нөхөд байдаг юм уу. Үнэгүй гээд л 1+1-1=1 гээд л тэнэг хүн хуурч байгаа юм шиг ярина.
Энэ мэтчилэн “Мобиком”-ын үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгчийн гомдол тасардаггүй юм билээ. Тэгэхээр “Мобиком” мэдээлэл холбооны салбарт манлайлагч биш мэдээлэл холбооны салбарын хамгийн супер залилагч болсон мэт ойлгогдоод болж өгөхгүй байна.
Ер нь “Мобиком” корпораци хэрэглэгчид хэрэглээгээ хянах бүрэн боломж олгодоггүй хэрнээ хэрэглэгчийг байнга л шүүхэд дуудаж ажлыг нь алдагдуулж байдаг. Хэрэглэгч та сонирхоод үзээрэй. Аль ч шүүхийн сайт уруу ороод шүүх хуралдааны зар харахад “Мобиком” корпорацийн нэхэмжлэлтэй хэрэг хэдэн арваараа байгаа.
Цаашлаад шүүх олон нийтэд ил тод байна гэдэг утгаараа шүүхийн шийдвэр сайтад дэлгэрэнгүй тавигддаг болсон. Тэгэхээр сайт уруу ороод л харахад “Мобиком”- ын нэхэмжлэлтэй хэргүүд олон арваараа байгаа.
Үүнтэй холбоотой нэгэн баримтыг одоо уншигч танд дэлгэе. “Мобиком” корпораци саяхан нэгэн дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна. Тус корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тайлбарлахдаа “Иргэн Б 2007 оны аравдугаар сарын 20-ны өдөр манай үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулж, 990556... дугаарын хэрэглэгч болсон. 2011 оны хоёрдугаар сар хүртэл төлбөрөө хэвийн төлж байсан.
Гэтэл 2011 оны хоёрдугаар сарын төлбөр 1.698.943 төгрөг, гуравдугаар сарын төлбөр 8.320.474 гарсан. Үүнээс барьцаа төлбөр 60.000 болон 2011 оны зургадугаар сард төлсөн 20.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9.939.688 төгрөг нэхэмжилж байна. Хэрэглэгч Б нь манай корпорацийн 51 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Монгол контент” ХХКиас авсан “Сонгодог мөрөөдөл”, “Асухариу” ХХК-ийн 154155, 151500 дугаарт нэг мессэжийг 500 төгрөгөөр авдаг үйлчилгээг хүлээн зөвшөөрч үйлчлүүлсэн.
Улмаар 550 дугаар М гэсэн мессежийг хоёрдугаар сард 15 удаа явуулж гаргасан төлбөрөө тогтмол шалгаж байсан” гэжээ. Харин хариуцагч иргэн Б энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй байна. Гол нь Бгийн “Мобиком” корпорацитай байгуулсан гэрээнд нэг мессежийг 500 төгрөгөөр бус 25 төгрөгөөр авах нөхцөл заасан байж. Үүний дагуу хариуцагч Б нь 591 мянган төгрөг л төлнө гэсэн байна.
“Асухариу” ХХК “Мобиком”- ын охин компани болох “Монгол контент” ХХК-той гэрээ байгуулан 151500 тусгай дугаарыг телевизээр дуудлага худалдааны нэвтрүүлэг хийхэд ашигладаг юм байна. Энэхүү тусгай дугаарт “Мобиком” корпорацийн хэрэглэгч идэвхтэй оролцон хонжворт шагналуудыг авч байжээ.
“Мобиком” корпораци хэрэглэгчийн утасны эрхийг 2011 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хаасан гэнэ. Гол нь хэрэглэгчийн утасны төлбөр хоёрдугаар сард 1.698.943 төгрөг гарчихаад байхад үйлчилгээг яагаад хаагаагүй вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Яагаад өмнөх сарын төлбөр нэг сая гаруй төгрөг гарсан байхад дараа сарын хэрэглээ үргэлжлээд явдаг юм бэ? Найман сая байтугай 180 мянган төгрөгийн төлбөрөө хийлгүй гадаадад сургуульд явсан хүнийг гурван сарын дараа амралтаараа ирэх хооронд л ар гэрийнхэн рүү нь утасдаад гурав хоногийн дотор төлөхгүй бол хууль хяналтын байгууллагад явууллаа” гэж дарамталдаг юм байна лээ.
“Мобиком” корпораци хэрэглэгчийн төлбөр 200 мянга гараад ирэхээр нь “Таны төлбөр төд хүрлээ” гээд анхааруулж хэд хоногийн дараа эрхийг нь хаадгийг мэдэхийн хувьд ингэж хардаж байгаа юм. Бас тэр айхтар тусгай дугаар гэгчийн төлбөр “Мобиком” корпорацид төвлөрдөг аж.
Нөгөө талаар хэрэглэгч Б “Мобиком” корпорацийн тусгай дугаарын нэг мессежийн үнэ 350 байдаг хэрнээ нэг мессеж тутмаас 500 төгрөг нэхэмжилж байгаа нь утгагүй” гэж мэдүүлсэн байна. Хэрэглэгч хэрэглэснээ төлөх нь зүйн хэрэг. Гагцхүү “Мобиком” хэрэглэгчийг хуурч хулхиддаг гэх гомдол тасрахгүй, үүнийг батлах баримт гарч ирээд байгаад л гол учир байна.
“Мобиком” монополь байж болно, молиго үмхүүлж болохгүй гэдгийг эл нийтлэлээр хөндөх гэснээ зориуд тэмдэглэе.
Сэтгэгдэл ( 0 )