Хар тамхины сүлжээ Монголд бий болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

Хар тамхи, мансууруулах бодис нь гадаадын улс орнуудад л байдаг, манай улсын иргэдийн хувьд хар тамхийг гадны кино, клипнээс л олж хардаг байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдох нь эрс ихэслээ. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай улсын 40 гаруй иргэн гадны улс орнуудад байх хугацаандаа хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байгаа аж. Үүнээс БНХАУ-д Монгол улсын 17 иргэн хар тамхины хэрэгт доод тал нь долоон жилийн ялтай хоригдож байна. Тэдний нэг болох Б.Цэвэлмаа Б.Норжмаа нар ялтан солилцооны гэрээгээр урд хөршөөс эх орондоо ирж ялтан эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байсан ч тэдний сэтгэцэд нь өөрчлөлт орж ухаан санаа нь самуурсан тул Улсын клиникийн төв эмнэлгийн сэтгэцийн тасагт шилжүүлэн хэвтүүлээд байгаа юм.

Тэд хятадад ял сонсох болсон учир нь 2008 онд Улаанбаатараас БНХАУ-руу зорчихдоо нэгэн үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг нь Эрээний боомтын гаалийн байцаагч нар илрүүлж хятадын цагдаа нарт хүлээлгэн өгчээ.Тэдний тээвэрлэж явсан бодис нь каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдож тус улсын Ардын шүүхээс 15-20 жилийн хорих ял авч Хөх хотын шоронд хоригдож байсан аж. Мөн Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдан, цагданхорих төвд хоригдож байгаа. Мөн "Суруга монгол" компанийн захирал хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Гадны улс орнуудад явахдаа хар тамхины хэрэгт холбогдсон монголчуудын хувьд хэлмэгдсэн, хууртсан хэмээн ярьдаг. Хар тамхины хэрэгт холбогдсон бол ямар ч өршөөл үзүүлэхгүй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн. Гадны улс орнуудад энэ төрлийн хэрэгт оноох ял нь ихэвчлэн цаазын ял байдаг аж. Цагдаагийн ерөнхий газрын ОНХХ-ын ажилтан Б.Саруултуяагаас хар тамхины хэргийн гаралтын талаар тодрууллаа.

-Манай улсад гарсан хар тамхины хэрэг хамгийн сүүлд хаана хэзээ гарсан бэ?

-Он гарсаар cap шинийн өмнөхөн Баянгол дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд 20-25 насны дөрвөн залуу хар тамхины төрлийн ургамал хэрэглэж байсан байж болзошгүй байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгасан. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Мөн япон манай улсын нутаг дэвсгэрт амьдарч буй Япон улсын иргэн хууль бус аргаар хар тамхи олж авсан байж болзошгүй хэмээн шалгагдаж байна.

-Манай улсын иргэдийн хувьд хар тамхийг тээвэрлэсэн, зөөвөрлөсөн, хадгалсан гэх зүйл ангиар ихэвчлэн БНХАУ-д баривчлагдан хоригдож байна. Тэд хэрэглэх биш хил гаргах гээд баригдсан байх юм?

-Ер нь манай улсын иргэд интернэт, телевиз, сонин хэвлэлээс их хэмжээний мөнгө санал болгосон ажлын зараар очиж эсвэл гадаадад үнэ төлбөргүй сургана гэсэн хүмүүсийн мэхэнд унах, зарим тохиолдолд их хэмжээний мөнгөний санал сонсоод зөвшөөрөх тохиолдлуудаар ингэж хүнд ялд унаж байна. Жишээлбэл оны өмнө Малайзаас Монголд брэндийн бүтээгдэхүүн нэрээр хар тамхи зөөвөрлөн авчирч түүнийгээ БНХАУ-руу гаргах гэж байгаад хэсэг бүлэг Монгол иргэн баригдсан. Эдгээр хүмүүс нэг гэр бүлийн хүмүүс байсан. Хуулийн зүйл заалтын хувьд Монгол улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан бол Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн дагуу 20-25 жилийн хорих ялаар шийтгэх гэсэн заалт бий. Мөн хар тамхийг худалдсан, борлуулсан, хадгалсан, тээвэрлэсэн бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангийн дагуу 15-20 жилийн хорих ял оноох заалт бий. Харин манай улсын иргэд БНХАУ-д энэ төрлийн хэргээр баригдсан тохиолдолд цаазын ялаар шийтгүүлдэг.  

 

Хар тамхины ургамал манай оронд ургадаг газар цөөнгүй бий. Энэ нь хар тамхины хэрэглээ бий болох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Баар цэнгээний газруудад 10 жилийн хүүхдүүд архи пиво хэрэглээгүй хэрнээ согтсон мэт байдалтай тааралдах нь цөөнгүй байдаг төдийгүй зарим нэг баарны 00-ын өрөөнөөс цустай тариур олддог талаар эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзсэн нэгэн оюутныг танина гэсэн найзынхаа тусламжтайгаар түүнтэй уулзаж сонирхон асуувал "Өмнө нь хоёрхон удаа л хэрэглэж байсан. Одоо хэрэглэхээ больсон" гэв. Түүнээс тухайн үед ямар мэдрэмж төрж байсныг нь лавлатал "цаг хугацаа зогссон мэт л санагддаг. Маш удаан өнгөрнө. Нэг минут бараг л 10 минуттай тэнцэнэ дээ. Энэ нь үнэхээр сайхан мэдрэмж шүү" гэлээ.

Түүний хэрэглэсэн зүйл нь шавран хэлбэрээр олддог мансууруулах төрлийн нэгэн бодис бөгөөд хамгийн түгээмэл хэлбэр аж. Түүнээс хаанаас яаж олж болохыг асуухад найзын найз, тэгээд түүний найз гэх мэт урт шат дамжлагатайгаар олддог тул тийм амар олдох зүйл биш бөгөөд сонирхоод байвал асууж өгч болно гэдгээ хэллээ. Тэрээр хөрөнгө чинээтэй айлын хүүхэд бөгөөд бэл бэнчин муутай хүмүүсийн сонирхох зүйл биш бололтой. Үүнээс харахад хар тамхи хэмээх зүйл залуу үеийнхний хэрэглээ болж, цаашилбал сүлжээ хэлбэрт орсон байх юм. Нэг хэрэглэсэн тохиолдолд дахин хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрч, хүний амьдралыг сүйрүүлэх энэ зүйлд хатуу хяналт тавих шаардлагатай байна.

С.Мөнх-Од

 

"Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top