Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт мансуурлын эсрэг нийгэмлэгийн тэргүүн С.Ариунтунгалагтай ярилцлаа.
-Манай улсын эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтсон гэсэн баримт бий. Энэ тоонд өөрчлөлт гарсан уу?
-Бид энэ төрлийн судалгаа байнга хийдэг. Манай улсаас архинд донтсон хүмүүсийн 51.2 хувийг эрэгтэйчүүд, найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өмнө нь таван хувьтай байдаг байсан бол өнөөдөр найман хувь болтлоо өссөн. Архидалт буурах биш өдөр ирэх тусам улам л нэмэгдэж байна. Энэ бол мөхлийн ирмэг рүү уруудаж буйн нэг хэлбэр. Эмэгтэйчүүдийн архи уух шалтгаан олон янз байдаг. Тухайлбал, нөхөртөө хаягдах, өрх толгойлж яваа амьдралдаа гутрах, ажил төрөлгүй, нөхөр нь гадаад уруу яваад сураггүй болсон, эсвэл дутагдаж гачигдах зүйл байхгүй хэрнээ дур сонирхлоороо уудаг мэт жишээтэй. Эмэгтэйчүүд ихэвчлэн нууцаар уудаг. Нэг ёсондоо чимээгүй уусаар байгаад архидалтын тахалд автдаг гэсэн үг.
Саяхан манай байгууллагад булган шуба өмссөн, "Ланд крузер-470 жийп унасан манайдаа л нэртэйд тооцогдох томоохон бизнесмэн эмэгтэй ирсэн. Тэр эмэгтэй гэрийнхээ үйлчлэгч 34 настай эмэгтэйг уруу татаж, гэртээ архи уусаар байгаад бүр сүүлдээ архинаас гарч чадахаа больсон байгаа юм. Баян эмэгтэйд хань болж уусаар байгаад үйлчлэгч эмэгтэй ч архинд орчихсон юм билээ. Тэд долоо хоногийн таван өдөр дараалаад тасралтгүй уудаг гэсэн. Нэг үгээр бол эмэгтэйчүүд архинд донтохоороо эрэгтэй хүнээс дор байдалд ордог. Эрэгтэйчүүд олж уудаг бол эмэгтэйчүүд үрж уудаг муу талтай. Гэрийнхээ эд хогшил, өөртөө байгаа зарж үрж болох бүх зүйлсээ архинд өгчихдөг гэсэн үг л дээ.
-Танайд хандаж байгаа эмэгтэйчүүд насны ангиллын хувьд ямар байдаг юм бол. Эмчилгээ хийлгэсний дараа цаашид нийгэмшүүлэх талын ямар арга хэмжээ авдаг вэ ?
-Манай байгууллагын тухайд архинд орсон хойно нь биш, орохоос нь өмнө урьдчилан сэргийлэхэд илүү ач холбогдол өгдөг. Архинд орсон нэгнийг түлхэх биш, өөд нь татаад амьдралыг үзэх үзлийг нь өөрчилж, сайхан амьдралын эхлэл тавьж өгнө. Архинд донтсон эмэгтэйчүүд их залхуу, хялбар аргаар мөнгө олох гээд байдаг. Мөн ажилд зуучилж, архины хор уршгаас урьдчилан сэргийлэх гээд өөрсдийн боломж нөөцийн хэрээр туслахыг хичээдэг. Архинд донтсон эмэгтэйчүүдийн насны хувьд 18-70 насны хүмүүс байна. Тэд ар гэр, аав, ээж, эгч, ахыгаа зовоодог. Мэдээж бид эхний ээлжинд сэтгэлзүйн талын бүх арга хэмжээг авна. Үүний дараа цаашид энә хүн нийгэм, хамт олны дунд ороод хэрхэн амьдрах вэ гэдэг талд анхаардаг. Хэрвээ тухайн хүн хүсвэл бид ажилд зуучилж өгөх тохиолдол ч бий.
-70 настай атлаа архинд донтчихсон хүн байх уу?
-70 настай атлаа үнэхээр архинд дончихсон хөгшин бий. Тэр бүү хэл энэ хөгшин их эмч, сэтгэлзүйч, мэргэжилтэй. Охин нь 30 гаруй настай Германы их сургуульд дээд боловсрол эзэмшсэн. Мундаг мэдлэг мэргэжилтэй хэрнээ ээжтэйгээ нийлж архи уусаар байгаад бүр донтогч болсон байгаа юм. Тэр бүсгүй гурван настай хүүтэй юм билээ. Гэтэл тэр балчир хүүгийн нүдэнд ямар ч баяр хөөр гэж үгүй, гуниг гутралтай нүдээр бүгдийг хардаг. Ээж, эмээ хоёр нь тоохгүй, бүр биеэ даагаад сурчихсан байх юм. Гэртээ ороод, усаа ууж, талхаа идээд, ороо засаад унтаад сурчихсан байна гээд бод доо. Бид түүнийг нэг цэцэрлэгт өгсөн юм. Гэтэл эмээ нь очоод агсам тавиад зээгээ авчих жишээтэй. Тийм хүмүүсийн хажууд хүүхэд яаж хүмүүжиж ямар хүн болох нь ойлгомжтой шүү дээ. Одоогоор энэ ээж, охин хоёр манайд эмчлүүлж байна. Эмчилгээний үр дүн хэрхэн гарахыг тэдний сэтгэл л мэднэ. Архинаас гараад бяцхан хүүгээ, зээгээ асардаг халамжилдаг болоосой гэж их л хүсч байна.
-Эмэгтэйчүүд архины эсрэг эмчилгээ хийлгээд гарлаа гэхэд эргээд архинд орох магадлал нь хэр байдаг вэ. Ер нь төгс эмчлэгдэнэ гэж байх уу?
-Эмэгтэйчүүд хэзээ ч хэнтэй ч сэтгэлээ нээж ярьдаггүй нь хэцүү. Архинаас гаргана гэдэг хэцүү шүү дээ. Эмчилгээ хийлгэсний дараа зургаан cap архи уухгүй сайхан байдаг. Гэтэл удаа ч үгүй гэнэт эргээд архиндаа орчихдог. Яг л өндөрт нисч яваа шувуу газарт гэнэт унадагтай адил. Мөн нэгэн жишээ дурдахад дээд боловсролтой, удирдлагын академи төгссөн залуухан эмэгтэй архинд донтож, 21 хоног тасралтгүй архи уусан гэсэн оноштойгоор Наркологийн төвд эмчлүүлэхээр хүргэгдээд байна. Тийм учраас архи гэдэг чөтгөрийн ундаа хэнийг ч, юуг ч ялгахгүй өөртөө соронзон мэт татдаг. Манай улс архидалтаараа дэлхийд тэргүүлж яваа. Архинаас болж мөхсөн улс олон байгаа. Түүний араас манай улс орохыг үгүйсгэх аргагүй болчихоод байна.
-Эмэгтэйчүүд архи уухаас өөрөөр мансуурсан тохиолдол хэр их байх вэ?
-Яг хар тамхи татаж ч юмуу мансуурсан хүн манайд ирж байгаагүй. Харин тамхийг бол архинд орсон хүн бүр татдаг гэхэд хилсдэхгүй.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхий тэр гурван настай хүү ямар өрөвдмөөр юм бэ тэр нэг тэнэг хүүхэн яах гэж тар хөөрхий хүүг гаргаа вэ