“Гуравдагч хөрш”-ийн бодлогын талаархи уулзалт, ярилцлага боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07

Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд “гуравдагч хөрш”-ийн бодлогыг тунхаглан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ бодлого “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал” зэрэг тулгуур баримт бичигт тусгалаа олсон байдаг. Тухайлбал, 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн” гээд гадаад бодлогын дараагийн үндсэн чиглэл болгон “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг Өрнө, Дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр заасан байдаг.

Үүний дагуу “Гуравдагч хөрш”-ийн бодлогын ололт амжилт, анхаарах асуудал, цаашдын төлөв, хандлагын талаар ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн судалгаа шинжилгээ хийж байгаа юм. Энэ судалгааны ажлын хүрээнд уг бодлогын талаарх Монгол Улсын “гуравдагч хөрш”-үүдийн санал бодол, байр суурийг сонсох зорилгоор уулзалт, ярилцлагыг тус хүрээлэнд 2012 оны гуравдугаар сарын 6-нд зохион байгууллаа.

Уг уулзалтад Монгол Улсад суугаа Канад, Франц, Герман, Энэтхэг, Япон, АНУ, Турк зэрэг улсын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монгол Улсаас эдгээр оронтой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа, цаашид явуулж болох үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийллээ. Түүнчлэн аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах, хөрөнгө оруулалт зэрэг асуудал хариуцсан төрийн бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.

Тус Хүрээлэнгээс “гуравдагч хөрш”-ийн бодлогын талаар судалгааны ажлын хүрээнд уулзалт, семинар, эрдэм шинжилгээний хурал цаашид зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top