Хоёрдугаар сарын цалин, тэтгэврийг нөхөн олгохоор боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг баталлаа.

Төсвийн тодотголыг 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болж, төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэхээр боллоо.

Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин болон Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд шаардагдах 161.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 13.9 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд, 8.8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус тусгаж өгсөн байна.

Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1-н болон тавдугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтоож өгснөөр улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт  13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  байсныг нэгбүрчлэн тусгаж өглөө. Дээрх зардлыг  авч үзвэл:

  • Цалингийн нэмэгдэл болон нийгмийн даатгалын шимтгэлд 157.8 тэрбум,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт 11.1 тэрбум,
  • Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр болон зарим тэтгэмжид 1.8 тэрбум,
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэмэгдэх 1.4 тэрбум төгрөг,
  • Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татааст 7.2 тэрбум төгрөг
  • Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст 5.0 тэрбум төгрөг юм.



Хоёрдугаар сарын 1-нээр хууль мөрдөгдөж буй учраас энэ сард багтаан цалин, тэтгэвэрийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ.

  Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top