О.Магнай худалч уу, гаалийнхан худалч уу

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 09

Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай “Хаан хүнс” ХХК-ийг Хятадаас бууз оруулж ирдэг хэмээн өөрийнхөө Facebook, Twitter-ээрээ бичсэн талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаар Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайгаас тодрууллаа.

 

-Тантай “Хаан хүнс” ХХК-иас холбогдсон уу?  

 

-Холбогдоогүй.

 

-Таны утас өчигдөр холбогдохгүй байсан?  

 

-Хөдөө яваад өнөөдөр үүрээр хотод орж ирлээ.

 

-“Хаан хүнс” ХХК Хятадаас бууз оруулж ирдгийг та яаж мэдсэн бэ?  

 

-Гаалийн ерөнхий газрын ажилтан залуу хамгийн анх хэлсэн. Тэгэхэд бууз арай ч оруулж ирдэггүй байлгүй гэж бодоод итгээгүй. Тэгээд твиттер дээр бичихээс урьд орой нь ГЕГ-ийн Тамираагаас асуухад “Цагаан сарын өмнө Хятадаас гурван контейнер банш орж ирсэн. Гэхдээ олон хүнд битгий хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь нууцаар оруулж ирдэг юм байна гэж бодсон.

 

-ГЕГ-ын ОНХХ-ийн дарга Ч.Тамираа Хятадаас биш ОХУ-аас банш оруулж ирсэн гэж байсан?  

 

-Гурван контейнер банш цагаан сарын өмнө Хятадаас орж ирсэн гэж Тамираа өөрөө хэлсэн. Тэр үед хажууд хоёр, гурван хүн байсан. Миний мэдээллийг Тамираа нь өөрөө баталгаажуулсан.

 

-Таныг Фэйсбүүк, твит­тертээ залруулга хийхээс өмнө тань руу “Хаан хүнс”-ээс ярьсан уу. Эсвэл...?  

 

- Гаалийн газраас Тамираа хүнээр залгуулсан. Эхлээд махтай баншаа хийдэг болохоор оруулж ирдэггүй. Харин жууцайтай банш оруулж ирдэг юм байна гэсэн. Тэгээд хэсэг азнаж байгаад эргэж залгаад “Хаан хүнс” биш “Хан”-тай компани гэж хэлсэн.

 

-“Хан хүнс” биш юм уу?  

 

-“Хан Хүнс” биш. Хан... гэсэн компани байсан.

 

-Хэрвээ “Хаан хүнс” ХХК бууз оруулж ирдэггүй бол та уучлалт гуйх уу?  

 

-Гуйна. Гаалийн нөхдүүд улаан цайм худал мэдээлэл өгсөн болохоор албаны эх сурвалж гэж тайлбарлаад уучлалт гуйна. Эргээд мэдээлэл хийнэ.

 

Манай хилээр урьд нь бууз оруулж ирсэн тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүй. Харин банш ахуйн хэрэглээний журмаар ОХУ-аас бага хэмжээгээр орж ирсэн гэдгийг албаны эх сурвалж баталж байгаа юм. Ингээд бид ГЕГ-ийн ОНХХ-ийн дарга Ч.Тамираагаас иргэн О.Магнайд мэдээлэл өгсөн эсэх талаар болон бусад зүйлийг тодрууллаа.

 

-Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай гаалийн байгууллагын ажилтнаас мэдээлэл авсан гээд байгаа?  

 

-С.Ганцоож уу?

 

-Байцаагч С.Ганцоож гаалийн байгууллагад ямар ажил эрхэлдэг хүн бэ?  

 

-С.Ганцоож гэж хүн нь гаалийн байцаагч биш. Бид нар ТТ /Төрийн тусгай/ ангилалтай. Харин тэр хүн ТҮ /Төрийн үйлчилгээ/ ангиллын манай “Цахим нэг цонхны төв”-ийн мэргэжилтэн. Тэр хүн байцаагч биш учраас статистик мэдээлэл авах, унших, судлах, дүгнэлт хийх болон бусдад түгээх эрхгүй.

 

-С.Ганцоожоос авсан мэдээллээ танаас асууж баталгаажуулсан гэж байна?  

 

-Би Магнай гэдэг хүнтэй уулзаагүй, хараагүй. Би тэр хүнийг танихгүй. Улс төрч, идэвхтэй залуу хүн гэдгээр нь мэднэ. Утсаар яриагүй. Би харьцаж үзэх гээд твиттер дээр мэдээллийнхээ эх сурвалжийг явуулна уу гэж хандсан. Хариу ирээгүй. Харьцаж үзээгүй хүнд ямар мэдээлэл өгөх юм бэ. Гайхаад л байна.

 

-Албаны биш хувь хүн гэдэг үүднээс асууя. О.Магнай, та хоёрын найз өөрөөр хэлбэл танилаараа дамжуулан холбогдож мэдээлэл өгсөн үү?  

 

-Миний танилуудаас хэнийг нь О.Магнай таньдгийг би мэдэхгүй. Мэдэхгүй болохоор би тийм мэдээлэл өгчих гэж ярих уу. Тийм зүйл огт байхгүй. Хоёрдугаарт, манай хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүний мэдээллийг би биш Статистикийн хэлтэс гаргах үүрэгтэй. Надад худлаа мэдээлэл тараах ямар ч эрх ашиг, сонирхол байхгүй. Мэдээллийн үнэн зөвийг тодорхойлж байж хандахгүй арай түргэдчихэв үү дээ л гэж бодож байна.

 

-“Хаан хүнс” ХХК-ийн албан бичгийн хариуг ГЕГ-аас гаргасан уу?  

 

-“Хаан хүнс” ХХК-ийн хоёр хүсэлт манайд гаргасан. Хариуг манай Хууль эрх зүйн алба гаргах болсон.

 

-Хуулийн алба хэдэн өдөрт хариуг гаргах журамтай вэ?  

 

-Аж ахуйн нэгж, иргэн санал хүсэлт, гомдол гаргасан тохиолдолд түүнийг Гаалийн хуульд зааснаар ажлын гурван хоногт багтаан хариу өгөх үүрэгтэй байдаг. Шаардлагатай бол хуулийнхаа дагуу сунгах боломжтой.

 

-Хуулийн албаны шалгал­таа байцаагчийн өгсөн мэдээлэл үнэн бол яах вэ? Худал байвал ямар арга хэмжээ авах вэ?  

 

-Манай эрх зүйн алба мэдээллийг шалгаад, гаалийн байгууллагын ажилтан ор үндэсгүй худлаа мэдээлэл тараасан бол тэр ажилтанд хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ гаалийн байгууллагын ажилтан үнэн зөв мэдээлэл өгөөд тэр нь нотлогдвол тухайн ажилтан хариуцлага хүлээхгүй.

 

-Байгууллагын хувьд?  

 

-Байгууллага оруулж ирж байгаа бараагаа худал мэдүүлсэн тохиолдолд Гаалийн байгууллага маш өндөр хариуцлага тооцдог. Хуулиараа эрүүгийн хэрэг үүсгэж шалгах уу, гаалийн зөрчил болгож шалгах уу гэдгээ шийднэ. Гаалийн тухай хуулийн 290.2.1, 290.2.2-д заасан байгаа. Тодруулбал аж аухйн нэгжид торгууль оногдуулах, барааг хурааж авах гэсэн заалт юм.

 

Эх сурвалжуудаас авсан мэдээлэл зөрж байгаа ч үнэн худлыг нь ГЕГ-ийн Эрхзүйн албанаас ажлын гурван хоногт багтаан гаргах юм. Тэр үед эх сурвалжуудийн хэн нь худал мэдээлснийг бид эргэн мэдээлэх болно.  

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top