Ж.Алтанцэцэг: Урлагт дархлагдсан олон ажил хийхийг хүсдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 09

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, non дива дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 

-“Pro sound” студийг үүсгэн байгуулснаас хойш Алтаа эгч нэлээд нам гүмхэн байх болж?

 

-Юуны түрүүнд “Ардчилал” сониныг уншиж буй нийт уншигчдадаа “Баясгалан” хэмээх усан луу жил, ирж буй эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сонин хэвлэлд ярилцлага өгөлгүй уджээ. Та нарын урилгыг дуртай хүлээн авч уран бүтээлийнхээ талаар ярилцах болсондоо баяртай байна.

 

-Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхзултай хамтарсан тоглолт хийх гэж байгаа гэв үү?

 

-Энэ сарын 9.10-нд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулсан тоглолт хийхээр болсон. Бид гар нийлж хамтарч ажиллаж чаддаг юм. Одоогоос хоёр жилийн өмнө хамтарсан тоглолтоо Солонгост хийж байсан. Миний хувьд энэ сард аялан тоглолт ихтэй байх шинжтэй. Мөн энэ сарын 16-нд Тувад өөрийн бие даасан тоглолт хийхээр болсон. Цаашлаад Кизел, Апкан хотод Тувагийн гавьяат жүжигчин Елейнтэй хамтарч тоглоно. Одоогоос 11 жилийн өмнө Тувад болсон “Мелоди Совестский Гор” хэмээх уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Тиймээс бэлгэшээж энэ тоглолтод оролцохоор болсон юм.

 

-Одоогоос 17 жилийн өмнө буюу 1995 онд дуучин С.Наран та хоёр энэ тэмцээнээс нэг, хоёрдугаар байрыг нь авч байсан санагдана?

 

-Тийм ээ. Яг ч энэ тэмцээн биш л дээ. "Ховакси” хэмээх бас л нэгэн Гран при тэмцээн болж байсан юм. Тэр үе их мартагдахааргүй дурсамжтай байж. Тэр тэмцээнд оролцож ирчихээд анх удаа сонинд ярилцлага өгч үзэж байлаа. /Инээв/

 

-Одоо Монгол туургатны дууны наадмууд төдийлэн зохиогдохоо больсон юм шигээ. Ингэхэд таны оролцож байсан тэмцээнд шагнал урамшуулал юу дагалддаг байв?

 

-Үнэн. Ер нь, чиний хэлдгээр нэг их зохиогдохоо больсон гэж хэлж болно. Болсон ч дуучид маань оролцохгүй байна билээ. Яг биднийг дуулж байх үед шагнал нь ч өндөр байсан юм шиг. 2001 онд Тувад болсон гран при тэмцээнд түрүүлж, компьютер, 2000 ам.доллараар шагнуулж байлаа. Ингээд ярихад саяхан юм шиг санагдавч 11 жил өнгөрчээ. /Инээв/

 

-Та Монгол орноо тойроогүй нэлээн уджээ?

 

-Тийм ээ. Тувад бие даасан тоглолтоо хийчихээд Улаангомд тоглох бодол бий. 2007 онд орон даяар аялан тоглолт хийхдээ Увс аймгийг орхисон. Энэ жил заавал ч үгүй тоглоно гэсэн бодолтой байна. Ойрын үеийн ажил маань нэг иймэрхүү л байх шив дээ. Цомгоо түр хойш нь тавиад продюссертэй жаахан загнуулаад л явж байна.

 

-Одоо таны продюссерээр хэн ажиллаж байгаа вэ?

 

-Халиун маань ажиллаж байгаа. Жил гаруй үргэлжилж байгаа ажил маань энэ тоглолтоос болж жаахан хойшлогдох шинжтэй.

 

-Танд эртнээс л “Поп опера” чиглэлээр дуулахыг хүмүүс санал болгодог байсан гэдэг?

 

-Тийм ээ. Ялангуяа Ичинхорлоо багш минь “Зургаан жил чи надаар хичээл заалгасан. Энэ чиглэлээр дуул" гэдэг. Уг нь, энэ миний мэргэжил. Одоо л нэг ажил хэрэг болгох гээд явж, зүтгэж байгаа маань энэ.

 

-Цомог бол дуучид, уран бүтээлчдийн нэрийн хуудас байдаг. “Поп опера” цомгийн хэчнээн дуу нь бэлэн болоод байна вэ?

 

-Тэгэлгүй яахав. Тухайн уран бүтээлчийг илтгэх нүүр царай нь болж өгдөг нь үнэн. Одоогоор зургаан дуу нь бэлэн болсон.

 

-2012 он дуучин Ж.Алтанцэцэгийн эргэн ирэлт, уран бүтээлийн жил гээд хэлчихвэл болох уу?

 

-Эргэн ирж байна гэж хэлж болохгүй байх аа. Би байсаар л байгаа. Харин уран бүтээлийн жил гээд хэлчихвэл онох болов уу.

 

-Тэгвэл бие даасан тоглолт хийх үү?

 

-/Инээв/ Хийнэ ээ. Жил бүр тоглолт хийгээд байж болно. Жижиг хэмжээнийх шүү дээ. Иймэрхүү тоглолтыг маш олон хийдэг. Тиймээс бүрэн хэмжээний тоглолтоос салгаж ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ жилийн хувьд мэргэжлийн үнэр үнэртсэн маш өвөрмөц тоглолт хийх болно. Одоогоор бүх нууцаа задалмааргүй байна.

 

-Дуучин Ж.Алтанцэцэгийг “Би маш баялаг амьдрахыг хүсдэг” гэж сонссон. Энэ аль талаараа юм бэ. Эд хөрөнгө үү, уран бүтээл үү?

 

-Би найзууддаа хошигнож хэлдэг л дээ. Найз нь дуучнаас продюссер болчихлоо. Дараа нь бизнесмэн, тэгээд захирал болчихлоо гээд л. /Инээв/ Баялаг гэдэг маань цэвэр уран бүтээлч талаараа. Гэхдээ нийгэмд тодорхой хэмжээний үнэлэгдсэн, урлагт дархлагдсан олон ажил хийх юмсан гэсэн хүсэлтэй явдаг.

 

-Дуучин, студийн захирал дээр нь хамтлагийн продюссер гээд л. Ингэхэд “Extacy’’-гийн охидоор сонин сайхан юутай байна вэ. Та хамтлагийн гишүүдийг цөөлнө гэж байсан?

 

-Хүмүүс яг шоу үзэж байсан шигээ “Энэ хамтлаг яасан бэ. Яагаад уран бүтээл хийхгүй байгаа юм бэ” гээд л асуудаг юм. Шоуны үе шигээ тийм амар хурдан уран бүтээл гарна гэж байхгүй. Нэгдүгээрт тэд мэргэжлийн уран бүтээлч биш. Сайн бэлтгэл хэрэгтэй.

 

-Анх удаагаа л ийм олон гишүүнтэй охидын хамтлаг гарлаа?

 

-Миний хувьд дөрвөн гишүүнтэй болгоно гэж хэлж байсан. Тиймээс дөрвөн гишүүнтэй болгосон. Шоуны үеэр 500 охиноос наймыг 25 дугаар суваг телевизийнхэн үлдээсэн. Тэдний нус нулимсыг бараад яахав гэсэн санал дэвшүүлсэн юм. Үүний дагуу л найман охин үлдсэн. Миний хувьд зарим нэг нь үнэхээр цаашдаа хамтлагт байх чадал, авьяас нь хүрэхгүй учраас хассан. Надад найм байна уу, нэг байна уу үнэхээр хамаагүй. Урлагт зүрх сэтгэл амь амьдралаа зориулах хүн л хэрэгтэй.

 

-Урлагт цаг хугацаа бүхнийг нулимдаг гэдэг?

 

-Үнэн. Үнэхээр урлагт байх чадалгүй, хичээл зүтгэлгүй бол аяндаа л нулимагдана. Хамтлагийн охидоос ч гэсэн дөнгөж шоу эхэлж байхад шантарч няцаад хаяад явж байсан олон тохиолдол гарч л байсан. Цаашдаа ч хэрхэн оршин тогтнох нь өөрсдөөс нь шалтгаална. Бид бололцоотой бүх зүйлээр нь шахаж ажиллаж байгаа.

 

-Яриагаа эргээд таны уран бүтээл рүү хандуулъя. “Поп Опера” цомог гаргахад хамтарч ажиллах уран бүтээлчид хэр олдоцтой байв даа?

 

-Цомог удаж байгаа нэг шалтгаан бий. Бид багаараа Монголын шилдэг хөгжмийн зохиолчдод хандсан. Энэ цомогт дуу ирүүлээч ээ гэж. Манай Халиуны хувьд их чамбай хүн. Надад ч хэлдэг юм. “Алтаа цомог удлаа гэдэг асуудал биш ээ. Маш сайн уран бүтээл гаргах хэрэгтэй” гэж. Жишээ нь, Хоовон Энхбаяр ахын аяанд зориулж хүмүүсээс 10 гаруй шүлэг авсан. Энэ шүлэгнээс миний санаанд нийцэхээр Халиуны санаанд нийцдэггүй ч юм уу. Сонголт маш удаан хийгдэж байгаа. Тиймээс сайн цомог, уран бүтээл гарна гэдэгт итгэлтэй байгаа.

 

-Мэргэжлийн дуу зохиогоод өгөх хүн ховордоод байгаа болохоор л дээрх асуултыг асуусан юм?

 

-Магадгүй 20 жилийн өмнө дуулсан дуу маань хит болоход дөхөмтэй байсан. Тэр үеийн уран бүтээлчид ч гэсэн дуучиндаа мөнгөөр дуу үнэлж өгдөггүй. Дуучиндаа зориулж бичиж өгдөг байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бага байсан гээд олон шалтгаан байгаа байх. Гэхдээ яг дуу зохиох хүн ховордсон гэж хэлж болохгүй шүү.

 

-Урлагийнхны хооронд гэрээ, мөнгө төгрөг ярихад хэр том тоо яригддаг бол?

 

-Чамгүй тоо яригдана шүү. Миний хувьд “Поп Опера” цомгийг нэлээн өндөр үнээр үнэлж байгаа.

 

-Хэдэн оронтой тоо вэ?

 

-10 дуунд гэхэд 30 ам.долларын төсөл яригдаж байгаа. Ая зохиож, үг бичиж, ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг үнэлж байна л гэсэн үг. Түүнээс би барууны орнуудын одууд шиг их тоо яриагүй.

 

-Танаас нэг асуух асуулт байна. “Никитон”-ы Баачка та нарыг нэгэн үеийнхэн гэж хэлж болох уу?

 

-Баачкаг “Янаг цэцэг”-ийгдуулж байхад Наран, Ариунаа, Мийгаа бид хэд ард нь “Мэдсээр байж” гээд дуулж л байсан. Нэг үеийнхэн яах аргагүй мөн.

 

-Дээхнэ үед “Хар сарнай” хамтлагийн тоглолтод таныг хоолой хийж байсан. Тэр үед таныг ханьтайгаа танилцсан гэдэг юм билээ?

 

-Тийм ээ. Энэ тоглолтод анх ханьтайгаа танилцаж байсан. Зөвхөн “Хар сарнай“ гэлтгүй хип хоп хамтлаг дуучдын ард ч гэсэн хоолой хийж л явсан үе бий.

 

-Ямар хамтлагт?

 

-“Люмино”-гийн хамгийн анхны тоглолтод нь оролцож байсан юм. Шууд л мундаг дуучин болоод гараад ирчихнэ гэвэл худлаа хэлсэн болно. Нэлээн идэвхтэй ч байж. Одоогийн урлагт орж ирж байгаа хүүхдүүдэд ч энэ хөдөлмөрч зан байх л ёстой.

 

-Үзэгчидтэйгээ харьцана гэдэг их хэцүү юү?

 

-Тэгэлгүй яахав. Урлагийн хүн гэдэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Жишээ нь, үзэгчид хэр залуу байна. Ихэвчлэн настай хүн байвал ямар дуу дуулах вэ гээд сайн тооцоолж байгаад гардаг. Мөн шинэ дуу дуулахаар үзэгчдэд бага хүрдэг. Жишээ нь өөрөө үзэгчдийн суудлаас тоглолт үзвэл “Би ер нь хэрхэн үзэгчдэд харагддаг. Яаж харилцах ёстой юм бэ” гэдгээ боддог л юм.

 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа?

 

-Та бүхэнд ч, гэсэн маш их баярлалаа.

 

 

Ж.ЦЭЦЭГМАА

"Ардчилал" сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
муухай(49.0.200.227) 2013 оны 04 сарын 09

Энхзулаар яадаг байнаа. Хоолойгоо шахаж дотор муухай оргиулаад

0  |  0
Top