Хүн болгоныг яг над шиг байгаасай гэж боддоггүй л дээ. Гэхдээ яг л над шиг хоёр янз гэдэгт би эргэлздэггүй. Учир юу вэ гэвэл би цаг үргэлж өөрийнхөө оюун санаатай зөрчилдөж байдаг юм. Бүр цаг үргэлж шүү. Зарим нэг хүн, магадгүй ухаантай гэгддэг хүмүүс тийм ч байж болно. Тэд хэлэхдээ миний дотоод хүн гэж ирээд л ярьдаг даа. Ганцхан тэд л дотоод хүнтэй юм шиг. Үнэндээ хүн болгон дотоод сэтгэлдээ өөр ертөнцтэй. Хүн болгон нууцтай. Өөрөөр хэлбэл хүн болгон нүгэлтэй. Үүнийгээ л нууц гэж нэрлэдэг байх. За, за би хүний тухай яриад яах вэ. Өөрийнхөө тухай жаахан ярья. Гэхдээ би бусдыг миний тухай бод гэсэндээ биш өөрийнхөө тухай бодоосой гэсэндээ биш шүү.
Би оюутан байхдаа нэг охинд дурлав. Дурлал гэж юу байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ л дурлав. Тиймээ, би түүнийг дурлал гэж ойлгосон. Яагаад гэвэл тэр охин надад нэг тийм эерүү, зөөлөн дотно юм уу, эсвэл ойрхон харагдсан хэрэг. Ойрхон гэдэг хол ойрын ойрхон биш шүү дээ. Сэтгэлд ойрхон гэсэн үг. Тэгээд бодохоор тэр үед надад сэтгэл байсан юм шиг байгаа юм. Хүмүүс сэтгэлийн энэ өөрчлөлтөө янз янзаар хэлдэг л дээ. Анхны харцаар дурлах, сэтгэл алдрах, өөр юу юу гэдэг билээ дээ. За тэр зохиолч, яруу найрагч нар бол
Гал хайрыг минь асаасан
Ганган харцанд чинь би бүдрэв ээ... гэж ирээд л солиорч өгдөг дөө.
Аа, харин надад бол тэр охин зүгээр л түрүүн хэлсний адил дотно дулаахан санагдсан юм. Магадгүй, би тэгтлээ дурлаагүй юм уу бүү мэд. Гэтэл сонин нь, зүгээр л санагдаад өнгөрсөн юм руугаа татагдаад байдаг юм билээ. Тиймээс үүнийг би дурлал гэж нэрлэсэн. Тэр охины хойноос гүйдэг болов. Гэхдээ би өөрөөсөө яагаад би ингэж явах ёстой гэж асуудаг байв. Тэр надад хөөрхөн санагдсан. Хөөрхөн гэдгийг би мэдэхгүй ш дээ. Мэдэхгүй ч юу байхав. Хөөрхөн гэдэг тодотгол яагаад хүмүүсийн хэлдэг шиг, боддог шиг байх ёстойг би ойлгодоггүй. Та ч гэсэн бод доо. Хөөрхөн гэхээр ямар байх вэ? Танд нэг төсөөлөл орж ирж байгаа биз дээ. Хөөрхөн гэдэг яагаад таны яг одоо таны бодож байгаа шиг байх ёстой юм бол гэдгийг би бас ойлгодоггүй юм гэдгээ хэлэх гэсэн юм. Юутай харьцуулаад түүнийгээ хөөрхөн гээд байгаагаа мэдэхгүй би түүнийг хөөрхөн гэж бодов.
Дугуй танмхинд ордог лекцэнд хааяахан таарах түүнтэй яриа өдөхийг хүсдэг болов. Хэд, хэдэн удаагийн оролдлогын дараа би түүнтэй ярилцдаг болов. Тухайн лекцийг ойлгоогүй тухайгаа, өөртөө ямар нэгэн туслалцаа хэрэг болоод байгаагаа, тэр ч байтугай өөртөө зав гаргаж туслахыг гуйгаад амжив. Энэ бүх хугацаанд хавтсаа энгэртээ тэврээд өрөөсөн буланг нь шүдээрээ оролдож зогсоо тэр охин яагаад ч юм хаяад явчихсангүй. Түүнээс хойш кино үздэг болов. Кино үзэж суухдаа би энэ охинтойгоо цуг кино үзээд сайхан байна шүү гэхээсээ илүү яагаад заавал кино гэж хэн нэгний зохиосон худлаа юмыг үзэх ёстой юм. Үүнийг үзэхийн тулд хэн нэгэнд таалагдах эсвэл хэн нэгнийг хөөрхөн гэж харах ёстой байхдаа. Хөөрхөн гэдэг юу байснаар, хамт кино үзэхээр батлагдах ёстой юм гэж үү гээд шал өөр юм бодож суудаг байв. Гэсэн хэрнээ би долоо хоногт хоёрхон удаа ордог тэр лекцийг их хүлээдэг байв. Яаж ийж байгаад түүнтэй тааралдахыг хичээнэ. Түүнийг харахгүйгээр, намайг харж байгаа тэр харцыг харахгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж чадахаа болив. Ингэх тусмаа өөрийгөө гайхна.
Миний хар багадаа харсан нэг юм түүнд байдаггүй байлаа. Би тэр үед би арван хоёр гуравтай л байсан байх. Миний харсан юм бол мөөм байсан юм. Тэр мөөм манай ээжийн найзын мөөм л дөө. Одоо бодоход тэгтлээ том байсныг би мэдэхгүй л дээ. Нэг өдөр манайд аав ээжийн найз нар ирсэн юм. Уг нь дандаа ирдэг ч би тэр өдрийг сайн санадаг. Ямар нэгэн баяр болж байсан байх. Тэр эгч яагаад ч юм энгэрийнх нь нэг товч мултарчихсан энгэр задгай палажтай ирсэн. Түүний хооронд шахалдаад нийлчихсэн мөөм харагдсан. Бүтнээрээ биш л дээ. Бумбагар цагаан хэсэг нь харагдсан л даа. Тэр эгчийн бие хаа, царай зүс, бусад юм нь огт сонин биш байв. Гагцхүү мөөмний тэр цагаан хэсэг нь нүд татаад байлаа. Би бүр эрэлхийлж, хайж байгаад энд тэндээс сэм сэмхэн хараад байсан. Харах тусам тэр хүнийх биш өөр газраас авч ирээд наачисхан юм шиг харагдана. Унтахаар хэвтсэн хойно, бүр нүдээ аньсан ч гэсэн тэр мөөм надад харагдана. Түүнээс хойш би хаа ч явсан мөөмийг боддог, магадгүй хайгаад явдаг болов. Тухайн үед миний суга цавинд армаг тармаг үс ургаж байсан болохоор найз нартайгаа зэрэгцэж зогсоод бие засахаас ичээд ганцаараа бие засна. Тэгээд зогсож байхдаа нөгөө мөөм бодогдоод харахын тулд би нүдээ анина. Ерөөсөө би хүссэн юмаа сэтгэлдээ харахын тулд нүдээ л аних хэрэгтэйг тэр үед ойлгож авсан. Ангийнхаа охидуудыг харахаар тэд хэзээ ч тийм мөөмтэй болохгүй мэт. Тэр ч байтугай эмэгтэй багш нараа ажиглана. Манай тооны багш бол бүр хавтгай цээжтэй.Тооны багшийг хүүхэдтэй гэж сонсоод гайхсан. Хүүхэд нь лав угжны хүүхэд байсан байж таараа. Сүүлдээ би эмэгтэй хүнийг, эсрэг хүйстнээ тэр мөөмөөр төсөөлдөг болов. Тийм мөөмгүй бол эмэгтэй гэхэд хэцүү юм.
Миний хойноос нь гүйгээд байгаа охинд тийм мөөм байхгүй ч би гүйгээд л... Сүүлдээ би тэдний дотуур байраар ордог болов. Ямар нэг шалтаг гаргаад л очно шүү дээ. Эхлээд ичдэг байснаа больсон. Надад нэг л өөриймсүү хандана. Тэдний өрөөнд анх ороход түүний орны арын ханан дээр томоо гэгчийн плакат наалттай байв. Доор нь хуанли байсан байх би анзаараагүй. Далай эрэг дээр, давхраатай, тас хар нүдтэй, буржгардуу хар үсээ задгай тавьсан, испани гаралтай болов уу гэмээр бүсгүй цээж нүцгэн, урдуураа барьсан торон алчуураар хоёр хөхөө хааж зогсоно.
Торон алчуурны дээгүүр дээд хэсгээр хоёр хөхний нь булцгар хэсэг томбойж, унжсан доод цацган хэсэг нь эмзэгхэн нууц газрыг нь хаасан байв. Бүсгүй хөлөө солбиж зогссон нь бүр эрхэмсэг харагдана. Ном зохиолд чилгэр гуя энэ тэр гээд байдаг даа, тэр нь байсан байх. Уснаас дөнгөж гарсан болохоор тэр үү хүүхнээс чичрүүдэс мэдрэгдэнэ. Түүнийг батлах гэсэн мэт товойн булцайх хөхний арьс бэржрүүтэж харагдах нь зургийн сайных байсан юм байх даа. Тэр нэг гадаад бүсгүй яг над руу хараад зогсож байх шиг. Дутуу юм гэвэл түүнээс үнэр л үнэртэхгүй байв. Гэхдээ би сэтгэлдээ нэг тийм содон үнэр төсөөлж, түүнийгээ тэр хүүхний үнэр гэж боддог болов.
Түүнээс хойш энэ охины өрөөнд орж ирэх бас нэг шалтгаан энэ зураг болов. Орж ирээд угаасаа тэднийд байх ганцхан сандал дээр суухад л хүүхний зурагны өөдөөс харж таарна. Охин орон дээр сууна. Юу ярьдаг байснаа санахгүй ч дуугай байдаггүй байлаа. Ингэсээр бас нэлээд хугацаа өнгөрөв. Нэг өдөр намайг иртэл түүний өрөөний хоёр охин гараад явчихав. Бид хоёр хоёулахнаа үлдсэн. Би ч сандал дээрээ суухыг урьтал болгов. Зургийн цомог үзэх болоод намайг хажуудаа суухыг урив. Би нөгөө хүүхнийг хармаар байсан ч татгалзаж чадсангүй. Хажууд нь суухад араас хэн нэгэн хараад байх шиг, эсвэл бүр хүний амьсгаа сэрвэлзээд байх шиг санагдсан. Хананы зурагнаас уу, эсвэл тэр охиноос уу алин болохыг би ялгаж чадсангүй. Бодвол амьд юм болохоор тэр охиноос байх. Харин би болохоор хүүхний зурагнаас байгаасай гэж хүссэн ч байж болох юм.
Зураг үзэж байхдаа эхлээд бид хоёрын дух нийлэх үед түүний амьсгаа мэдрэгдэж эхэлсэн. Их ойр ойрхон түргэн түргэн амьсгалж байлаа. Миний хацар түүний хацарт хүрэв. Яагаад ч юм надад даарсан байх ёстой хацар, халуу шатаж байлаа. Бид хоёрын уруул бие биенээ олов. Шунаг, өөртөө итгэлтэй, этгээд амттай байх юм шиг санагдаж байсан уруул зөөлөн, номхон байв. Шал өөр нэг тийм, эмэгтэй үнэр үнэртэх нь миний бодож олсон, хүсэмжилдэг үнэр биш ч гэсэн би нэгэнт дургүйцэж чадахааргүй болсон байлаа. Бодвол надад таатай байсан байх. Одоо өөрт захирагдахгүй нь тодорхой болсон гараа түүний цамцан доогуур оруулж хүүхэд ахуйдаа харж байснаас ч жижигхэн, гэхдээ тооны багшийнхаас том, тийм мөөмийг барив. Энд тэндээс уншсан шиг тийм ч хатуу байгаагүй. Харин тэр мөөмөн доор зүрх нь маш хурдан хурдан цохилж байгааг мэдэрсэн. Хөх нь даарсан юм шиг байгаагүй. Бас цамц нь тор шиг биш байсан. Миний гар доошилсоор л байлаа.Тэр яг миний төсөөлж байсан шиг хоёр хөлөө солбисон бас тэнд яг миний төсөөлж байсан шиг нойтон байлаа. “Тиймээ, яг л ийм байх ёстой” гэж бодсон. Нэг мэдэхэд би нүдээ аниад нөгөө охиноо мартсан байв.
Ингэж бид хоёр анх удаа секс хийсэн. Үүнээс хойш бид маш олон удаа үүнийг хийсэн. Тэр охины бие хаа тэгш, арьс зөөлөн, тэр байтугай эмэгтэйлэг үнэр нь хүртэл таалагддаг болсон доо. Гаравч, оровч бодогдох болсон сексийг бид боломж олдсон газраа хийдэг боллоо. Харин би яг тэр үед нүдээ анихад ханан дээрх зурагны хүүхэн харагддаг байлаа. Би нуулгүй үнэнээ хэлье. Би найз охинтойгоо биш зурагны хүүхэнтэй секс хийдэг байв. Хэдийгээр найз охин маань бага зэрэг жихүүцэж даараагүй, бас нойтон биш ч гэлээ би түүнийг хүссэнээрээ төсөөлж чаддаг байв. Гэхдээ зөвхөн нүдээ анихад л шүү дээ.
Харин найз охин маань юу төсөөлдгийг би мэдэхгүй. Бид хэдэн зуу магадгүй хэдэн мянган удаагийн үйлдэлд зөвхөн намайг л бодоод, энхрийлээд, үнсээд байсан гэвэл би итгэхгүй. Учир нь тэр бас л нүдээ аньсан байдаг байлаа. Гэхдээ би түүнийг үгүйсгэх юмуу буруутгахгүй. Яагаад хэн нэгэн, хэн нэгнийхээ өмнө буруутан болж байх ёстой гэж. Магадгүй танд ч гэсэн хаа нэгтэй үзэж харсан киноны чинь баатар эгзэгтэй үед чинь төсөөлөгддөг байж болно ш дээ. Түүний төлөө буруутгагдаж болохгүй биз дээ. Тэгээд ч энэ бол нөгөө нууц гэдэгтээ ордог байх. Би л үнэндээ яриад байгаа болохоос.
Надад үргэлж харагдаад байсан ээжийн найзын мөөм ор тас мартагдсан юм. Магадгүй өөр нэгэн арван хоёртонд харагддаг байхыг үгүйсгэхгүй. Ерөөс байж болохгүй юм гэж хаа байв билээ. Би бүүр эхэндээ хэлж байсан даа. Аливаа юм байтугай хувь хүн хүртэл хоёр янзаа гэж. Би лав тиймээ. Та үгүй гэж магадгүй. Болно л доо. Гэхдээ үнэндээ бол тийм шүү дээ. Хүмүүс доторх байдлаа дандаа гаднахтайгаа харьцуулж, тохируулж харьцдаг. Би зөв буруугийн тухай яриагүй. Зүгээр л тэр нь надад таалагддаггүй. Надад заавал таалагдах эсвэл би таалж байх албагүй л дээ. Би дээд сургуулийнхантайгаа, үеийнхэнтэйгээ, багш нартайгаа нийцдэггүй байлаа. Тэд яг арван жилийн сургуулийн хөгшрүүлсэн хэлбэр юм шиг санагддаг байв. Тэд ярьснаасаа дандаа эсрэг, эсвэл өөрөөсөө дандаа эсрэг ярьдаг байв.
Ганц жишээ хэлэхэд “анхны хайр” гэдэг бүхэл бүтэн том сэдэв байна. Хоёр дахь, гурав дахь гээд хайр байдаг болохор “анхны хайр” гэж тодотгодог байх гэхээр үгүй чи мангар тэнэг. Чам шиг ийм гаж амьтан хаа ч байхгүй. Нууц амраг л гэнэ. Хүн бүр нэг, нэг ханьтай байхыг эрмэлздэг болохоор нууц амраг гарч ирэхгүй яах юм гэхээр чам шиг бузар амьтан байхгүй л гэнэ. Ариун хайр л гэнэ. Хаа нэгтэй ариун биш хайр байж л байгаа шүү дээ. Тэрнийгээ мэдсээр байж гэр бүл, хайр сэтгэлийн тухай амтай болгон худлаа ярьдаг мэт санагддаг. Ярих ч яахав. Ярьснаасаа эсрэг байгаад байх нь л өрөвдмөөр. Ганц тэд ч биш л дээ хүн төрөлхтөн хэдэн мянган жилээр ийм байсан байх. Та ч гэсэн энэ талаар нэгийг бодож л байгаа. Гэхдээ заавал надтай санал нэг байх албагүй.
Би нөгөө охинтойгоо гурван жил үерхсэн юм. Яагаад гэвэл би дээд сургуульд гурван жил яваад л нэг өглөө яваагүй. Дандаа худлаа мэт санагдах юмыг сонсож суух зовлонтой санагдаад. Найз охиндоо ч хэлээгүй. Яагаад би түүнд ямар нэгэн юм худлаа зохиож хэлэх ёстой гэж. Үнсэхдээ, энхрийлэхдээ, секс хийхдээ би түүнтэй байна гэж хуурахыг хүсээгүй. Намайг хэн ч мэдэхгүй газар очиж бүхнийг шинээр, бүхнийг өөрөөр эхлэхийг хүссэн. Энэ шийдлээ ээж аавдаа ч хэлээгүй. Юу гэж загнахыг мэдэж байсан учраас тэр.
Хайртай дуртай гэх хэрнээ хэрэлдэхээрээ хорвоогийн хамгийн муу үг болгоныг түүж бие биедээ шидэлцэнэ. Өөрсдөө л хүссэнээрээ эсвэл байгаа чадлаараа амьдарч байгаа хэрнээ та нарын төлөө л ингэж зовж шаналж явна гэж ирээд үглэцгээнэ. Чи энэ ах шигээ байсангүй. Ядаж энэ дүү шигээ байж чадахгүй эргүү толгой, буруу ишлэсэн сүх шиг гээд загнана. Яагаад би тэдэнтэй адилхан байх ёстой гэж. Яагаад ер нь сүх иштэй байх ёстой гэж. Ишгүй ч гэсэн сүх л баймаар юм. Харсаар байтал өөр бие махбодь, өөр харц, өөр сэрэл мэдрэхүй байхад яагаад ив ижилхэн байх ёстой гэж. Яагаад тэр ер нь заавал миний төрсөн ах байх ёстой гэж. Тэд түүнийг юмуу эсвэл намайг хийж байхдаа юу бодож байсан юм билээ бүү мэд ш дээ. Тэд лав нүдээ аниж байсан байж таарна. Яс махны хувьд мөн байлаа гэхэд оюун санааны тохиолын хувьд бид ах дүү байтугай нэг айлын хүүхэд гэдгийг хэн мэдэх билээ.
Би одоо ингэж бодлоо эмх цэгцтэй илэрхийлж байгаа болохоос багадаа бүр хачин хачин юм боддог байсан. Хүмүүс газар дэлхийг ил харагдах байдлаар шагшин магтдаг байхад би газрын гүндээ ямар амгалан байгаа бол гэж боддог байлаа. Хүмүүс амьд яваагаа жаргал гэж боддог байхад хүмүүсийн жаргал гэж нэрлээд байгаа бүхэн үхсэний дараа л байдаг байх гэж санана. Кинонд жүжигт хүн үхэх гэж байхдаа зовж шаналж байснаа яг үхэх тэр агшиндаа бүх зовиур нь арилаад тэр хүн нэг л амарчихаж байгаа юм шиг санагддаг. Тэр жүжиглэж байгаа хүн хэзээ ч үхэж байгаагүй ш дээ. Гэтэл тэгдэг. Тэгэхээр цаанаасаа л өгсөн мэдээ дохио өгөгдөл. Тэгэхээр тэр жүжигчин урд байсан хэлбэртээ орж байгаа нь тэр байх гэж бодно. Бага байхдаа эмээгийнхээ оршуулганд оролцсон юм. Тэгэхэд эмээ маань надад хэн нэг нь хэрэглэж байгаад хуучруулаад орхичихсон зүйл шиг л тийм харагдаж байсан. Нэг тийм амарч буй мэт. Түүнийгээ аавдаа хэлээд арьсаа зулгартал зодуулж байлаа. Би ийм л хүүхэд байсан..Гэрээсээ яаж чимээгүй алга болчихов гэж санаад “Би хүслээ дагаад явлаа” гэсэн бичиг үлдээгээд л яваад өглөө. Уг санаа нь би амьд шүү гэж байгаа ухаантай. Бодвол гутлаа толгойдоо угласан новш гэж хараасан байлгүй. Тэртээ тэргүй тэд надаас залхаж гүйцсэн байсан л даа.
Би нэг жижигхэн хотод ирэв тэр хотынхон бие биенээ сайн мэднэ бүр удам угсаагаар нь мэднэ үйлдвэрт ажилд орлоо. Гэлээ ч гэсэн жижиг том хотынхон бүгд адилхан байлаа. Ер нь яагаад хүмүүс ийм адилхан байдаг юм бол гэсэн бодол намайг солиоруулдаг байв. Бүгд худлаа ярина. Бүгд л гэр бүлтэй байхыг хүсэх хэрнээ бүгд нууцаар амраглана. Чадахгүй бол чадсан нэгийгээ муу хэлнэ нүгэл гэдэг юм өөрсдөө зохиочихоод өөрсдөө тэр нүгэл рүүгээ тэмүүлнэ. Гагцхүү хүмүүс л ийм байдаг байх даа. Хотоос ирсэн болоод тэр үү эсвэл би тийм гайгүй харагддаг байсан уу уг үйлдвэрийн царайлгаасаа авахуулаад жаахан тааруухан нь хүртэл надтай унтдаг байв. Хэнтэй ч унтсан нүдээ аниж нөгөө зургаа л боддог байсан болохоор тэдний ямар байх надад хамаагүй байсан юм. Тэдэн дунд манай даргын эхнэр ч байж байсан Гэхдээ хэнээс ч өөрийнхөө хүсдэг тийм мэдрэмжээ, нөгөө хүсэж явдаг үнэрээ олоогүй.
Ажлын байрандаа ч гэсэн ойлгохгүй юм их байлаа. Зүгээр жишээ хэлэхэд орны толгой хийдэг цех, хөл хийдэг цехтэйгээ уралдаан зарлахыг би ойлгодоггүй байлаа. Үүнийгээ хэлээд л дарга нартаа ад болдог байлаа. Хамгийн сонин нь үүнийгээ бүгдээрээ ойлгоод байгаа хэрнээ хэлдэггүй байсан юм.
Нэг удаа гай болж миний ажиллаж байсан машинд цахилгааны гал авалцаад шатаж орхив. Эсэргүү бодолтой, танхай, ухамсаргүй энэ этгээд санаатайгаар үйлдвэр шатаах гэлээ гээд баригдаж мөрдөнд оров. Тэнд миний үсийг хуссан юм. Үс бөөн бөөнөөрөө унахдаа яагаад тийм жаргалтай харагддагийг, толгой нүцгэрэхээрээ сэрүү татаад яагаад тийм эрх чөлөөтэй болдгийг би олон хоног бодсонсон. Гурван сар мөрдөнд суугаад шүүх хурлаар орж тэнсэн харгалзах ял авч хөдөө сумд хоёр жилийн хугацаатай нутаг заагдаж туслах малчнаар ажиллах шийдвэрийг сонсч байхдаа хүртэл бодсон. Гэхдээ олоогүй. Шүүх хуралд сууж байгаа хүмүүс дунд манай дарга сууж байсан.
Манай цехийн дарга авгайтайгаа унтдаг намайг холдуулж амарлаа л гэж бодсон байх. Гэтэл авгай нь яг эгзэгтэй үедээ намайг бодох ч юм билүү хэн мэдлээ. Ер нь хүмүүс хурьцал үйлдэх үедээ нүдээ аниж өөрийнхөө амьдралд тааралдсан хамгийн сайхан хүнээ төсөөлөн боддог бол манай жижигхэн хотынхон замбараагаа алдсан гинжин хэлхээ шиг болох байх даа гэж санаад инээд хүрч инээмсэглэхэд тэнд байгсад ам амандаа дүнгэнэлдэн, намайг адгийн шаар гэцгээж байгаа нь сонсогдож байв. Би адгийнх нь байлаа гэхэд миний урдхан талд нэг шаар байж байгаа. Одоо тэр адгийнх нь болно. Бүх юм хэвээрээ. Намайг тэндээс ачаад миний мэдэхгүй хөдөө хязгаарын аглагт аягын чинээ ганц гэрт буулгаж хаяад бах нь ханасан янзтай харц ширвээд явцгаав. Би эзгүй айлд суугаад л байлаа. Чив чимээгүйн дунд. Их гоё.
Оройхон, нэлээн оройхон, гадаа малын чимээ гарав. Гараад хартал тэдгээр малыг ардаа багахан хүүхэд сундалсан нэгэн хүн тууж ирлээ. Би түүнийг эмэгтэй хүн байна гэж харсан. Үнэхээр эмэгтэй хүн байсан. Салхинд түлэгдсэн бор царайтай, нуруугаар хаа очиж намгүй, мах шөл нь таарсан бүсгүй байлаа.
Би өөрийгөө танилцуулж энд ирсэн учраа нэгд нэгэнгүй хэлсэн. Бүсгүй “Өө тийм үү” л гэсэн. Надаас айж эмээсэнгүй яагаад ч юм тэр бүсгүй хоёр биш нэг янзаар байх шиг санагдсан шүү. Хоньтой, үхэртэй, тэмээтэй бас хүүхэдтэй ганц бие бүсгүй энэ хөдөө хээр яаж болоод байдгийг би гайхсан хэдий ч цаанаа нэг сайхан санагдав. Гайхлаа гээд яахав дээ. Надаас өмнө байгаад л байсан юм чинь. Бүсгүй надад хоол хийж, цай чанаж өгөв. Өөртөө гэсэн бас. Өглөө нь би нам унтав. Тэр сэрээсэнгүй би ч сэрэхийг хүссэнгүй. Хэвтээд л баймаар, бүр үлдсэн амьдралдаа босохгүйгээр хэвтээд баймаар байсан. Босоод юу хийхээ мэдэхгүйдээ биш зүгээр л юунд ч захирагдахгүй болчихсон мэт байх сайхан байлаа.
Ийм янзаар гурав, долоо, арав хонов. Яг хэвээрээ. Нэг өглөө сэрээд би энд бүтэн хоёр жил болох ёстойгоо санаад юу хийхээ бүсгүйгээс асуулаа. Өөрийгөө саатуулахын тулд шүү дээ. Тэр надад юу ч заасангүй. Бүсгүй миний мэдэх хүмүүс шиг хоёр янз биш ажээ. Би усанд явна, малын хашаа цэвэрлэнэ. Өдөр өдөрт өөрөө өөртөө ажил олж хийсээр нэг л мэдэхэд орой болдог болов. Энд би хийгээд миний ухаан бодол ерөөсөө маш чөлөөтэй байж чадаж байлаа. Жаргал гэж энэ л байх. Бүсгүй бид хоёр орой лааны гэрэлд бие биенээ олж хараад инээмсэглэдэг болсон байсан.
Ирснээсээ хойш сарын дараа нэг хуц хонины дээр харайхыг хараад аль дээр мартагдсан мэдрэмж сэргэж ирэв. Тэр хуцыг би сайн харсан. Тэр нүдээ анихгүй байсан юм. Тэр лав өөр хонь бодоогүй байх. Яагаад ч юм энэ надад сэтгэл уярам санагдсан. Энэ үг тохирохгүй ч юм шиг эсвэл би мэдрэл муутай юм шиг танд санагдаж магадгүй л дээ. Гэхдээ тэр хуц хүмүүс шиг, над шиг нүдээ аниж өөрийг бодоогүй болохоор надад тэгэж сэтгэл уярам байсан хэрэг. Ерөөс тэд боддоггүй болохоор тэд бидэн шиг хоёр биш нэг янзаар байдаг байх гэж би бодож олсон. Үнэн юм шиг байна лээ.
Тэр орой би бүсгүйн өвөрт орсон. Бүсгүй ер цааргалаагүй, хориогүй. Бас намайг өөр лүүгээ татаагүй, хувцсаа ч тайлаагүй. Бүр хөдлөөгүй. Би өөртөө хэрэгтэй байсан тэр бүгдийгээ л хийсэн. Харин би нүдээ нээж хуц шиг биш юмаа гэхэд урдынхаасаа өөр байя гэж бодсон ч тэгж чадаагүй. Аних шалтгаан байсан юм. Тэдний орны аравчинд амаа байдгаар нь ангайлгасан барын дүрс байдаг байв. Яагаад ийм авцалдаагүй аравч хадсаныг мэдэхгүй ч заавал авцалдаатай байх албагүйг би мэднэ. Зуухны амаар улалзах галын дөлөнд тэр бар тийм таатай харагдаагүй болохоор би нүдээ анисан юм. Гэтэл нөгөө оюутан цагийн хархан үстэй торон халхавчтай нойтон биетэй испани бүсгүйг би дахиад л бодож эхэлсэн. Өөрөө өөртөө зохиож олсон хэзээ ч үнэртэж байгаагүй тэр үнэрээ бас үгүйлсээр байв. Энэ бүгдээс би хэсэгхэн нойтон газрыг тэмтэрч байснаас бусдыг мэдэхгүй. Би хардаггүй байсан учраас бүсгүйг нүдээ аньдаг эсэхийг анзаараагүй. Харин би түүнийг хоёр янз байсан гэж бодохгүй байна. Яагаадыг бүү мэд би ялынхаа хугацааг дуустал тэднийд айлын аав шиг өрхийн тэргүүн шиг байсан. Намайг тэндээ үлдсэн бол тэр бүсгүй дуртай л байх байсан. Харин би үлдэж чадаагүй. Яагаад гэвэл түүнтэй ойртох болгондоо нүдээ анидаг байлаа. Өөрөөр хэлбэл түүнийг үргэлж хуурдаг байлаа. Бүтэн нэг жил арван нэгэн сарын турш хоёулахнаа хэрнээ хуурч болдог, муухай байгаа биз. Хүнд л ийм чанар байдаг байх. Би гурван жилийн ялтай байсан бол гурван жил хуурах байсан байх. Аз болоход арай богинохон байсан болохоор түүнээс цааш чадаагүй. Тэр бүсгүйн сэтгэл дэндүү цагаахан байсан. Хүний амьдралд тийм цагаахан, тийм сайхан юм таардаг л юм билээ. Тиймээс би түүнд өөрийн мэдэх муухай бүхнийг мэдүүлэхийг хүсээгүй. Хүмүүсийн яриад байдаг хайр гэдэг үүнийг л хэлдэг байж болох юм. Урьд нь таарч байгаагүй энэ мэдрэмжийг тэгж нэрлэхээс өөр яах ч билээ.
Би тэднийхээс яг ирсэн шигээ л явчихсан. Орой малаас ирээд бүсгүйн сэтгэл хэрхэн харласан бол гэхээс миний ч өр өмөрдөг. Бүсгүйн аньсага норсон ч байж магад. Гэлээ гээд үлдсэн бүх амьдралаар нь хуураад яах ч билээ дээ. Би буцаж нөгөө хотдоо очоогүй. Анх сургуулиа хаяж явсан тэр хотдоо ирсэн. Ирээд бүх юм хуучнаараа. Манай гэрийнхэн жаахан өтөлсөн ч яг урдынхаараа намайг загнасан хэвээрээ гэхдээ бүр мэдрэл муут, солиот, галзуугийн эмнэлэгт аваачиж өгвөл таарна гэдэг шинэ үгээр загнадаг болсон байна лээ. Намайг загнаж байхад би тэднийг зүгээр л харж суудаг юм. Ингэж орилж чарлаж суухдаа тэд л харин галзуу юм шиг харагддаг. Иймэрхүү янзтай байсаар ер нь хичнээн жил өнгөрчихөөв дээ. Бүү мэд, удсан санагдана. Одоо надад өдөр хоног, цаг хугацаа, хүмүүний орчлон, бүх л юм утга учраа алджээ. Эхлээд би тэднийг үхчих юм бол намайг харж ингэж уураа барж байхгүй тэдэнд их амар байх болов уу боддог байлаа. Тэгтэл тийм биш шиг юмаа. Тэд үхлээ гэхэд л ахиад л хэн нэгэн намайг харж уураа барна. Хоорондоо хэрэлдэнэ, бие биенээ хуурна бас үзэн ядна. Ер нь хүмүүс хэвээрээ л байх болно. Харин эсрэгээр би үхчихвэл тэд ямар байх бол. Яаж үлдэх нь надад хамаагүй болно гэж бодсон. Яг л багадаа харсан эмээгийн минь амар амгалан дүр санаанаас гарахаа байсан. Тэгээд бодохоор үхсэн хүмүүс хэчнээн жаргалтай бол. Үхэж буй үедээ сэтгэл санаа нь хэчнээн баярладаг бол.
Саяхан нэг сонин юм болсон аль оюутан цагийн найз охинтойгоо таарав. Охин юу байхав дээ одоо нэг авгай л болж. Түүний өрөөний ханан дээрх зургийг бүх л амьдралдаа санаад явсан хэрнээ тэр охиныг ор тас мартсан байснаа нуугаад яахав. Тэр намайг уулзсан цагаасаа эхлээд л нэг тийм өөр харцаар харж байлаа. Хүмүүс тийм харцыг өрөвдөх гэдэг дээ. Би ерөөсөө хүн өрөвдөж байгаагүй болохоор хүний дотоод сэтгэлд чухам ямар өөрчлөлт орохоор нүд ингэж хувирдгийг мэддэггүй юм.
“Чи тэр үед чухам ямар нөхцөлд намайг хаяж явснаа мэдэхгүй л дээ. Одоо тэрийг мэдээд яахав” гэж нэлээд тунирхах маягтай ярьж байв. Хажуудаа дагуулж яваа хорь орчим насны өндөр хүүхнийг энэ манай охин гэж танилцуулсан. Ээждээ байхгүй том тас хар нүд, задгай тавьсан тунарсан хар гэзэгтэй харваас монголжуу биш царайтай тэр охиноо надад хэрэг гаргаж танилцуулсныг би ойлгоогүй. Хэзээ ч юм бэ энэ охиныг харсан л юм шиг санагдсан. Аль юм санагдахыг тэр гэхэв дээ. Магадгүй л дээ, оюутан цагийн найз охин маань гадаад хүнтэй холбогдсон байж болно ш дээ. Би үгүйсгэхгүй Би ер нь байж болохгүй юм гэж байхгүй гэж боддог.
Тэднээс салсны дараа хурдхан шиг буцах юмсан гэсэн сэтгэл маань улам хүчтэй оргилсон гэх үү дээ. Анх хаанаас ирсэн тэр газар луугаа. Нэг тийшээ явъя л гэвэл гэнэтхэн л явчихдаг хүн шүү дээ би чинь.....
Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )