Монголын Хөгжлийн банк Сүмитомо Мицүй банктай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж байгаа албан ёсны айлчлал 2012 оны гуравдугаар сарын 12-ны энэ өдөр албан ёсоор эхэлж байна. Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх жилийн хүрээнд хэрэгжиж буй өндөр дээд хэмжээний энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны анхны гадаад айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк болон Японы “Сумитомо Мицуй банкинг”корпорацийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр болж, тус корпорацийн Ерөнхийлөгч Т.Китаяма, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Л.Болормаа нар гарын үсэг зурлаа.Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож нэр хүнд бүхий ийм том компанитай хамтран ажиллах болж байгаа нь бусад томоохон хөрөнгө оруулалтыг Монгол руу татах бас нэгэн үүд хаалга нээгдэж байна.

 

Монгол Японы харилцаа Стратегийн түншлэлийн замаар өргөжин хөгжиж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Манай хоёр орны бие биенээ нөхсөнхарилцаа, хамтын ажиллагаанд энэ арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Японы “Сумитомо Мицуй банкинг” корпорацийн Ерөнхийлөгч Т.Китаяма Монгол Улсын эдийн өндөр өсөлттэй гарч байна. Энэ өсөлт 10-20 жилд хадгалагдах төлөвтэй. Ийм цаг үед энэхүү хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болох төслүүд Монгол Улсад хэрэгжиж байна. Дэд бүтэц, уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлээд Монголын Хөгжлийн банкны боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн сургалтад хамруулах зэрэгт анхаарч ажиллах болно. Санамж бичгийг байгуулснаар бидний хамтын ажиллагаа хууль эрх зүйн хувьд баталгаажиж байна гэж хэлсэн үгэндээ тодотголоо.

Монгол Улсын Хөгжлийн банк болон Японы “Сумитомо Мицуй банкинг” корпорацихамтран ажиллах боломж эрэлхийлэн санал солилцох уулзалтыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулжээ. Энэ уулзалтын үеэр хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм байна. “Сумитомо Мицуй банкинг” корпораци нь нийт 111 их наяд иен буюу 1.4 их наяд ам.долларын хөрөнгө бүхий Япон улсын арилжааны томоохон банкуудын нэг бөгөөд олон улсын санхүүгийн зах зээл дээр төслийн санхүүжилтийн чиглэлээр гаршсан, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

 

Монгол Японы эдийн засгийн харилцаа чанарын шинэ шатанд гарлаа

Манай улс Японы Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийг өөрийн орны хөгжлийн зорилтуудтайгаа холбож үр ашигтай зарцуулах боломжийг нээсэн нэгэн чухал баримт бичигт өнөөдөр Токио хотноо гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл,  Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд Д.Хаянхярваа Японы төрийн банк болох Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар гарын үсэг   зурлаа. Ингэснээр манай улс Японы буцалтгүй тусламж, дэмжлэг авдаг орноос  нэг шат ахиж харилцан ашигтай хөнгөлөлттэй зээл авч эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байна.

Манай улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, нэг хүнд ногдох ДНБ 3000 доллар давсан, цаашдаа эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд Японы зүгээс энэхүү санамж бичгийг байгуулах нэг баталгаа болжээ. Ийнхүү эдийн засгийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргасан дээрх санамж бичиг нь хоёр улсын хөрөнгө оруулагчдад том боломж нээж өгч байна гэж Сангийн сайд Д.Хаянхярваа, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Х.Ватанабэ нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө онцлон тэмдэглэлээ.

Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээлд гарч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Японы Мицүй компанийн Ерөнхийлөгч М.Ийжиймаа өнөөдөр бараалхлаа. Японы гол үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийж байгаа айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа, мөн хоёр улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа идэвхжих суурь бий болж байгаад талархаж байгаагаа Мицүй компанийн Ерөнхийлөгч хэлж байлаа.  

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Японы хөгжлийн гол тулгуур болсон том компаниудад Монголд бодитоор хөрөнгө оруулалт хийх, бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаад  талархаж байгаагаа хэллээ. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд бидний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжлийн албан ёсны тусламж дэмжлэгийн хэмжээнд явж ирсэн. Харин Засгийн газрын тэргүүний энэ айлчлалын үеэр Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг тодорхойлсон яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр хийгдсэн нь ач холбогдолтой боллоо гэдгийг хоёр тал дүгнэж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.  

Мөн уулзалтын үеэр Тавантолгойн төсөл дэх Японы оролцоог хангах бодлого баримталж байгаа. Нүүрс олборлох, баяжуулах болон уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилтэй уялдуулан төмөр замын сүлжээг барьж байгуулах талаарх томоохон төслүүдэд Японы хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах зэрэгт хамтран ажиллах зорилго тавьж байгааг дурдаж байлаа. Мөн Мицүй компани нь  Монголын эрх ашгийг хүндэтгэн хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

139 жилийн түүхтэй Мицүй компани нь дэлхийн 75 оронд 175 гаруй салбартай, тэдгээрт нь 40 гаруй мянган ажилтан, албан хаагч ажилладаг байна. Мөн худалдаа, үйлдвэрлэл, экспорт, импорт, олон улсын худалдаа,үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагааг төмөрлөг, гангийн үйлдвэрлэл, ашигт малтмал, бүх төрлийн машин механизм, электрон техник, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүч, өргөн хэрэглээний бүбтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа аж үйлчилгээ, санхүүгийн зах зээл болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ ашигт малтмал эрчим хүч болон дэд бүтцийн салбар нь тус компанийн цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд чухал байр эзэлж байгаа салбар нь ажээ.

Энэхүү уулзалтын дараагаар “Эрдэнэс Тавантолгой” компани болон Японы Мицүй компанийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд оролцлоо. Мицуй компани Монголд дулааны цахилгаан станц барих, гангийн үйлдвэр байгуулахад оролцох санал  тавиад байсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар Тавантолгойн ордоос гарах коксжих нүүрсийг худалдах, худалдан авах асуудлаар хамтран ажиллах боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нүүрсний салбарт гурав дахь зах зээлийн орнуудад нүүрс экспортлох боломж эрэлхийлсэн бодит яриа хэлэлцээ эхэлж байна гэж  үзэж байна. 

Мицүй компани нь одоо ч Тавантолгойн Зүүн цанхийн уурхайгаас олборлож байгаа нүүрсний тодорхой хувийг Хятадын компаниас худалдан авч байгаа бөгөөд Эрдэнэс Тавантолгой компаниас шууд худалдан авах зорилгоор энэ өдрүүдэд яриа хэлэлцээ ид өрнүүлж байгаа юм байна.

 

Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа

Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт  гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Япон улсын залгамжлах эрхэм дээд Хун тайж Нарухитогийн өргөөнд зочилж, түүнд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээд Японы ажилч хичээнгүй ард түмэн сэргээн босголтыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн эл гамшигт өртөж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд Монголын ард түмнийхээ халуун сэтгэлийн  илэрхийлэл болж оролцохоор албан ёсны айлчлалаасаа нэг өдрийн өмнө ирсэн гэдгээ тодотголоо.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хун тайж ихээхэн анхаарч, хувь нэмрээ оруулж байдагт Ерөнхий сайд талархаад хоёр орон стратегийн түншлэлээ бодитоор хөгжүүлэх суурийг тавьсан айлчлал болж байгаад  баяртай байгаагаа илэрхийллээ.

Эрхэм дээд Хун тайж Нарухито 2007 онд манай улсад айлчилж, монголчуудын ахуй амьдрал, соёл зан заншилтай танилцсандаа сэтгэл хангалуун байдгаа энэ  үеэр илэрхийлээд монгол орны цаг агаар, мал сүрэг, малчдын амьдралын талаар асууж сонирхоод монгол оронд хөгжил цэцэглэлийг ерөөж, Монголын ард түмэнд мэндчилгээ дамжууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top