Өнөөдөр 12 цагаас МҮОНТ-ийн мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимэдсүрэн нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд долдугаар сарын нэгэнд болсон хэргийн талаарх зарим нууц мэдээллийг олон нийтэд дэлгэсэн нь 2008 оны долдугаар сарын үймээний үеэр Онц байдал зарласан тухай тэмдэглэл байв.
2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас эрсэдсэн. Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутган шүүхээр болсон. Тухайн үед буудах тушаал өгсөн хүнийг өнөөдрийг хүртэл нууцалсаар байгаа. Харин тус өдөр буюу 2008 оны долдугаар сарын 1-нд Онц байдал зарлахад оролцсон хүмүүсийн нэр, яриаг бүрэн эхээр нь сэтгүүлчдэд өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Намбарын Энхбаяраас УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагатай
хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл
2008 оны 07 дугаар сарын 1-ний өдөр. Улаанбаатар хот.
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн Зөвлөлдөх уулзалт 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болов.
Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нээж, удирдав.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Н.ЭНХБАЯР: Бид өнөөдөр үүссэн нөхцөл байдлын талаар та бүхний саналыг сонсъё, эндээс гарах гарц ямар байж болох вэ гэдэг дээр ойлголцъё гэсэн бодолтой. Ингээд та бүхний саналыг сонсъё.
Ц.ЭЛБЭГДОРЖ: За бидний саналыг хүлээж авсан Ерөнхийлөгчид баярлалаа. Бид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн байгаа. Ерөнхийлөгчид мөн бичгээ хүргүүлсэн. Ерөнхийлөгчид мөн бичгээ хүргүүлсэн. Энэ бичиг сая албаны хүмүүс байгаагүй учраас яг тань дээр очоогүй байх гэж бодож байна. Ерөнхийлөгч өө, одоо энэ бичгийг албан ёсоор гардуулж өгье гэж бодож байна. Тэгээд бичгийн агуулга бол нэгдүгээрт, сонгууль булхайтай явагдсан. МАХН-ын зүгээс энэ булхайг толгойлж оролцож хийсэн гэж бид үзэж байгаа. Тийм учраас Сонгуулийн хороодод будлиантай байгаа, хэсэг бүр дээр будлиан гарсан гэж иргэд бүгдээрээ гомдол мэдүүлж байгаа. Хэсэг бүхэн дээр тооллого явуулах ёстой. Хэсэг бүхэн дээр тооллого явуулаад үнэхээр нэг хэсэг дээр нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байгаа бол сонгуулийг нийтэд нь дахин зарлах ёстой. Хоёр дахь агуулга бол энэ будлианыг хутгахад удирдан зохион байгуулсан, санаачилж оролцсон, саналын хуудсыг нэмж хэвлэсэн, сонгогчдын нэрсийн жагсаалтыг буруугаар будлиулж үйлдсэн, авлигын шинжтэй, албан тушаалын шинжтэй, зохион байгуулалтын шинжтэй үйлдлүүдийг Монгол Улсын Ерөнхий прокурор шалгах хэрэгтэй. Энэ нь Сонгуулийн хуульд байхаас гадна Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа гэмт үйлдлүүд гэж үзэж байгаа. Үүнийг нягталж шалгах хэрэгтэй. Гурав дахь асуудал бол УИХ-ын Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барьдаг, энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс, энд хууль хэрэгжүүлдэг байгууллага Засгийн газрын зүгээс, мөн өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын зүгээс хяналт тавих ёстой. Энэ дээр ажлын хэсэг гарах ёстой. Оролцсон бүх намууд, хэвлэл мэдээлэл, тэр оролцох ёстой төлөөллийг ороцуулаад энэ үйл ажиллагааг хийх хэрэгтэй. Тэгээд болохгүй бол Ерөнхийлөгч энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр сонгуулийг дахин явуулах хэрэгтэй. Ийм л шаардлага тавьж байна. Бид энд ямар нэг хэлэлцээр хийх гээгүй. Бүх үйл ажиллагаа тайван болох ёстой. Иргэдийнхээ эсрэг бууны ам харуулах есгүй ээ. Өнөөдрийн эрх баригчид ийм юм хийх ёсгүй. Бид арван найман жил энэ ардчиллын замаар явж ирэхэд ийм үйлдэл болоогүй. Хүчирхийлэл гаргаж хэрхэвч болохгүй. МАХН-ын дарга мэдэгдэхдээ “Биднийг, Ардчилсан намыг турхирлаа” гэж мэдэгдсэн. Нэг бол үүнийгээ нотол, нэг бол няцаа. Хоёр дахь асуудал бол МАХН энэ байдалд хүргэсэн. Үүнийгээ нэг бол хүлээн зөвшөөр, үгүй бол зөвшөөрөхгүй гэдгээ хэл. Ийм л асуудал байна.
Н.ЭНХБАЯР: За Элбэгдорж даргын саналыг сонслоо. Улс төрийн нам, апиваа субьект, энэ сонгуульд оролцсон нэр дэвшигч нэг ч хүн байсан санал бодлоо илэрхийлж, МАХН-тай саналаа илэрхийлсэн нь сайн байна. Одоо Их Хурлын дарга хөдөөнөөс ирж амжаагүй учраас би УИХ-ын дэд даргыг урьсан байгаа. Мөн Ерөнхий сайд бас ирсэн. Саяын ярьсан зүйлтэй холбогдуулж саналаа ярихыг хүсч байна.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Энд хоёр намуудыг бид нар уриагүй шүү дээ.
Н.ЭНХБАЯР: Би Ерөнхийлөгчийн хувьд урьсан юм. Би УИХ-д суудалтай намуудын дарга нарыг та нарыг ч гэсэн бас ийм нөхцөл байдпаас гарах гарцын тухай санал бодпоо илэрхийлээч гэж бас урьсан юм. Үүнийг та бүхэн маань ойлгоорой гэж хүсэх байна.
Р.АМАРЖАРГАЛ: Өргөн бүрэлдэхүүнээрээ хуралдах байсан бол тохирч байгаад хуралдвал яасан юм?
Н.ЭНХБАЯР: Үгүй ээ, одоо асуудал нэгэнт ярьчихаад байхад бүгдээрээ
бас...
Р.АМАРЖАРГАЛ: Бид зөвхөн тантай уулзъя гэж асуудал тавьсан шүү дээ. Түүнээс бусад намуудын дарга нартай уулзъя, байлцуул гэж асуудал тавиагүй.
С.ОЮУН: Бусад намын дарга нар ирэх үү, тийм ээ?
Р.АМАРЖАРГАЛ: Та хэрэв бусад бүх намын дарга нарыг цуглуулсан тийм уулзалт зарлаж байгаа бол дахиад зарла.
Н.ЭНХБАЯР: Яагаад ярьж болохгүй гэж. Нөхцөл байдал тийм болсон нь
үнэн.
Р.АМАРЖАРГАЛ: Бид нар туүнд чинь ирэх үү, ирэхгүй юу гэдэг байна.
Н.ЭНХБАЯР: Одоо бусад намуудын дарга нар ороод, АН-ын дарга ирлээ, МАХН-ын дарга ирлээ. Уулзалтаа нээе.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Энэ бол Ардчилсан намын санаачилгаар болж байгаа уулзалт гэж ойлгож байгаа.
Н.ЭНХБАЯР: Тийм би бас тэгж ойлгож байгаа. Ардчилсан нам эхлээд санал тавьсан.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Бид бусад намыг уриагүй ээ.
М.ЭНХСАЙХАН: Болж байгаа явдал ганцхан Ардчилсан нам, Хувьсгалт намын асуудал биш шүү. Яахаараа ийм асуудлыг танай хоёр нам ярих гэдэг юм. Бид энэ улс оронд хамаагүй юм уу? Бидэнд хамаатайг, хамаагүй гэдгээ чи юугаар тайлбарлах юм бэ?
Н.ЭНХБАЯР: Бид тэгж маргалдахаа больё. Бүгдээрээ үүнийг ярилцъя.
М.ЭНХСАЙХАН: Өнөөдөр улс оронд болж байгаа энэ асуудал өдөр ирэх тутам бус цагаар хүндэрч болзошгүй.
Н.ЭНХБАЯР: Гарах гарцаа олъё. Адилхан олуулаа байя.
Р.АМАРЖАРГАЛ: Үгүй ээ, тэр чинь ном ёсоороо явах ёстой байхгүй юу.
Н.ЭНХБАЯР: Ном ямар хамаа байна аа.
Р.АМАРЖАРГАЛ: Бид нар танд албан ёсоор санал тавьсан шүү дээ.
Н.ЭНХБАЯР: Тэгээд би та нарыг хүндэтгээд урилаа шүү дээ.
Р.АМАРЖАРГАЛ: Тантай уулзаж ярья л гэсэн. Тэгээд хэрэв шаардлагатай бол би өргөн бүрэлдэхүүнээр хийнэ гэвэл тантай ярьж болно шүү дээ.
С.БАЯР: Ярилцах хүсэлтэй байна уу?. Би байр сууриа илэрхийлж болох уу?
Ц.ЭЛБЭГДОРЖ: Одоо хэрэггүй ээ. Бусад намууд энд ямар ч шаардлагагүй.
М.ЭНХСАЙХАН: Яагаад шаардлагагүй байдаг юм?
Ц.ЭЛБЭГДОРЖ: Үгүй тэгээд би уулзъя гэсэн. Би Ерөнхийлөгчид санал тавьсан.
М.ЭНХСАЙХАН: Хоёрхон намын уулзалт болж байна уу, тийм ээ?
Ц.ЭЛБЭГДОРЖ: Хэрэв ийм байдлаар Ерөнхийлөгчийн зохион байгуулалт дор болж байгаа бол бид нар оролцоход бэлэн.
Ардчилсан намын төлөөлөл хуралдааныг орхиж гарав.
С.БАЯР: Шууд дамжуулж байгаа телевиз байна уу?
-С1 дамжуулж байна.
С.БАЯР: Шууд дамжуулж байгаа юу, тэгээд яах вэ?
Н.ЭНХБАЯР: Одоо бүр гараад явчихаагүй дээр нь Ерөнхийлөгч ийм ажлыг зохион байгуулж байна, ахиад урьж байна гээд Долгоржав зөвлөх араас нь очоод Би нөхцөл байдал, Монгол Улсын хувь заяатай холбоотой учраас бусад улс төрийн хүчнүүдтэй байж асуудалд нухацтай хандаж, зөв зүйтэй гарц олъё гэж бодож байгаа юм. Манай Ардчилсан намын нөхдүүд тийм ухамсар байгаа гэж бодож байна. Намайг албан ёсоор урьж байгаа юм гэдгийг Зүмбэрэллхам зөвлөх бас гараад очоод баталгаажуулаад хэлээд өг. Одоо уурлаж ундууцдаг цаг биш ээ. Учирлаж ярьдаг цаг гээд бас хэлчих.
Ардчилсан намын төлөөлөл орж ирэв.
Н.ЭНХБАЯР: За Ардчилсан намынхан тийм санал тавьж байгаа юм байна. Хэсэв Ардчилсан намын санаачилгаар зөвхөн Ерөнхий сайд, УИХ-ын дарга байх юм байна, улс төрийн намуудын санаачилга маань өргөжөөд, Ерөнхийлөгчийн санаачилж байгаа уулзалт гэж байгаа бол бүгдээрээ гараад зэрэг орж ирье гэж
байгаа юм.
Ц.ЭЛБЭГДОРЖ: За сайн байцгаана уу?
Н.ЭНХБАЯР: За ингээд хүлээн авах уулзалтад хүрэлцэн ирсэн УИХ-д суудалтай намуудын удирдлагуудад талархлаа илэрхийье. МАХН, Үндэсний шинэ нам. Эх орон нам, Ардчилсан намын удирдлагууд ирсэн гэж би ойлгож байна. Мөн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хөдөө томилолтоор яваад одоо ирж байгаа учраас УИХ-ын дэд дарга урилгыг хүлээн авч уулзалтад бас оролцож байна. За ингээд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж зарим улс төрийн хүчин, нэр дэвшигчид сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж, сүүлийн үед хурцадмал байдал үүсч, бас эмх замбараагүй байдал дэгдэж, хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Тийм учраас би төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд та бүхнийгээ урьж, энэ байдлаас яаж гарах вэ, хамгийн зөв, эе эвийг хичээсэн тэгэхдээ хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа байж болох вэ гэдэг дээр та бүхнийхээ саналыг сонсъё гэж урьсан юм. Ингээд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Та бүхнийхээ саналыг сонсъё.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Ахин давтаж хэлье. Түрүүнд Ерөнхийлөгчид хандаж бид хүсэлт тавьсан. Ер нь асуудлыг тайван замаар хуулийн дагуу шийдэх ёстой. Нэг талыг барьсан хүчирхийлэл гаргаж болохгүй ээ. Энэ үүднээс өнөөдөр манай ард түмнийг төлөөлж байгаа, дээр нь хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн удирдлагуудаа хамтдаа уулзъя гэж Ардчилсан намын зүгээс хүсэлт тавьсан.
Тэгээд бидний тавьж байгаа шаардлага бол маш тодорхой байгаа. Нэгдүгээрт, энэ сонгуулийн будлиан гарсан явдлуудыг хэсэг, тойргууд дээр дахин тооллого явуулах хэрэгтэй. Дахин тооллого явуулаад, будлиан гарч байгаа нь тэртээ тэргүй одорхой байх. Будлиан гарсан гэдэг нь нотлогдоод, нэг хэсэг дээр тогтоогдсон тохиолдолд сонгуулийг дахин зарлах хэрэгтэй. Сонгуулийг дахин явуулах. Дээр нь энэ сонгуулийг будлиантуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүжүүлсэн, бүх зохион байгуулалттайгаар төрийн эрхийг авах гэж оролдсон, энэ үйл ажиллагаанд оролцсон нийт хүмүүсийг шалгах хэрэгтэй. Одоо Монголд хууль үйлчилдэг гэдгийг харуулах ёстой. Хууль үйлчилдэггүй ямар нэгэн албан тушаал байдаггүй юм гэдгийг харуулах ёстой. Би хувьдаа энэ сонгуулийг ард түмний дээд шийдвэр, Монголын ард түмэн сонгуульдаа гайхамшигтай идэвхтэйгээр оролцож, ардчиллыг дэмжсэн. Энэ санал гэнэт илбийн юм шиг өөрчлөгдсөн. Шөнийн 03 цагаас доошоо орж байсан бүх саналууд дээр өөр болсон. МАХН өнгөлж явна гэдэг мэдээлэл хийсэн. Энэ бол зохион байгуулалттай зүйл болсон гэж үзэж байгаа юм. Эхний таван хэсэг дээр одоо миний хажууд сууж сайгаа Амаржаргал 5 суманд манай Ховдод гурвуулаа гарч ирж байсан. 03 цагаас хойш бүгд алга болсон. Яг иймэрхүү байдлаар бүх газар ийм үйл ажиллагаа явагдсан. Зөвхөн Дархан-Уул аймаг Хонгор сум гэхэд 100 хувь Дархан-Уул аимгиин Засаг дарга, тэр Хонгор сумыг хариуцдаг нөхөр Хаянхярваагийн эсрэг санал өгсөн гэж иргэд мэдэгдэж байгаа. Тэгэхэд Хаянхярваа тэнд нэгээр гарч саигаа юм. Та нар булхай хийхдээ наад зах нь гурваар гаргаж болсонгүй юу? Хонгорыг хордуулсан, тэр ард түмнийг бүтэн жил доромжилсон. Дархан-Уул аимагт Ардчилсан намын 3 гишүүн эхний мэдээллээр эхэнд явж байсан. Бид энэ дээр тодорхой баримт факт маш олон байгаа. Бидэнд маш олон ирж байгаа. Манаи нэр дэвшигчдийн хүрээнд ирж байна. Нам дээр ирж байна. Бид энэ жагсаалтыг гаргаж байгаа. Бид энэ жагсаалтыг хуулийн дагуу гаргаж, бүх газраар нь шалгуулах шаардлага тавина. Сонгууль дахин яваад үр дүн гарсан ч гэсэн бид энэ шаардлагаа үргэлжлүүлэн тавьж, энэ сонгуульд юу болсон бэ, ямар үйлдэл хиисэн бэ гэдгийг ард түмэнд харуулна. Тэгэхээр энэ дээр Ерөнхийлөгчийн зүгээс, Ерөнхии саидын зүгээс, Засгийн газрын зүгээс энэ хууль хэрэгжүүлдэг байгууллага УИХ өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ байгууллагууд идэвхтэй хяналт тавьж ажиллах ёстой. Энэ үйл ажиллагаа ил тод явах ёстой. МАХН-ын хувьд бид хоер зүйлийг хэлж байгаа. МАХН-ын дарга мэдэгдэхдээ “турхирсан” гэж мэдэгдсэн. Үүниигээ нотлохыг шаардаж байгаа. Хоёрт, МАХН өнөөгийн нөхцөл байдалд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнээс асуудал эхлэх байх гэж бодож байгаа. Тэгээд энэ нийтийн өмнө, хэвлэл мэдээллийн өмнө ярьж байгаа нь ямар учиртай юм бэ гэвэл хүмүүс гэртээ очиж, энэ бүх зүйлийг үзэж, энэ оронд асуудал ил тод, нээлттэй, ард түмний нүдэн дээр хуулийн дагуу шийдэгдэж болдог юм байна гэдгийг л хараг. Түүнээс биш гудамжинд ард түмнийхээ өөдөөс бууны ам харуулж буудах хэрэггүй ээ. Би өнөөдөр Сүхбаатарын талбайг 3 удаа ажиглалаа. Тэр буудуулсан хүмүүс нь надад хонгиогоо өөрсдөө авчирч өгч байна. Миний халаасанд одоо байна. Тархи нь хагарчихсан хүүхэд, хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, залуучууд зөндөө байна. Ийм байдалд хүргэхгүйгээр өглөөнөөс, өчигдрөөс энэ үйл ажиллагааг шууд уулзаад ярилцах боломж байсан. Энэ уулзалт нь нээлттэй байсан. Манай нам энэ мэдэгдлээ 12.00 цагт хийсэн. Үүнээс хойш харсан. Тэгээд болохгүй болохоор бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж бичиг өгсөн.
Ийм л зүйлийг хэлье.
Н.ЭНХБАЯР: За Баяр дарга?
С.БАЯР: За өнөөдөр болсон үйл явдпын талаар би 18.30 цагт сэтгүүлчдэд намын байрандаа мэдээлэл хийсэн. Бид 17.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, үүсч байгаа нөхцөл байдал, Ардчилсан намаас болж өнгөрсөн сонгууль, одоо дуусаагүй байгаа Сонгуулийн ерөнхий хоооны ажлын талаар байр сууриа илэрхийлье гэж бодож байсан. Гэтэл байдал бидний төлөвлөж бодож байснаас огт өөрөөр эргэлээ. Би дөнгөж сая МАХН-ын байрнаас намын нарийн бичгийн дарга нар, удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хамт хамгийн сүүлд гарч ирлээ. Яг одоогоор МАХН-ын байрны нэг, хоёр давхар шатаж байна. Тийшээ гал унтраах машинууд очих бололцоо, боломж муу байна. Ойрхи зэргэлдээ гудамжуудад олон хүн овоорсон шаваарсан байгаа учраас аюулгүй байдлыг хангах үүднээс тэр машинуудыг оруулах бүхий л арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар авч байна. Би ямар ч байсан намын даргын хувьд Хувьсгалт намын байрнаасаа хамгийн сүүлд гарч ирлээ. Тэнд үлдсэн хүн байхгүй байх. Хэрэв тэнд шатаж дууслаа гэхэд эд хогшил ч өнгөрч, эрдэнэт хүний амь нас хохиохгүй байх талаас бүхий арга хэмжээг аваач ээ гэдгийг тэнд байгаа хүмүүсээс хүссэн. Байр бүрмөсөн суларлаа гэхэд нь би сая гарч ирлээ. Намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд би болж өнгөрсөн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр хүчээр шийдвэрлэх ийм оролдлого гарч байгаад би маш их харамсаж байна. Ийм оролдлогыг турхирахад өнөөдөр өдөр энэ сонгуульд оролцсон улс төрийн намын нэгэн дарга хийсэн мэдэгдэл нь олныг турхирсан үйлдэл боллоо гэж дүгнэж байгаа. Намын байранд би жагсаал цуглаан хийх эхний мөчөөс нь саяыг хүртэл байлаа. Би өөрөө ажиглалаа. Бусад хүмүүс ч ажиглалаа. Энэ бол зохион байгуулалттай хийж байгаа ийм үйлдэл. Монголын түүхэнд иймэрхүү юм урьд өмнө нь гарч байсангүй. Улс төрийн сонгуульд оролцсон улс төрийн намын нэг байрыг сонгуулийн үр дүнгээс болж галдан шатааж байна гэдэг бол Монголын ардчилалд аюул занал учирч байна гэж би хувьдаа үзэж байна. Сонгуулийн санал хураалтын албан ёсны дүн хараахан гараагүй байна. Гарах ёстой, гарах бүхий л бололцоог олгох учиртай гэж би үзэж байгаа. Сонгуулийн сурталчилгааны үед, санал хураалтын үед, санал тоолох үед олон зөрчил гарсан тухай мэдээлэл надад бас байна. Нэлээд хэсгийн мэдээлэл нь баримтжсан байна. Зөвхөн Улаанбаатарт биш, хөдөө орон нутагт ч гэсэн ийм зүйл байж таарахгүй гэж үзэж байгаа. Монголын төрийн сонгууль Монгол төрийн хууль тогтоомжийн дагуу явах ёстой. Гарсан үр дүнд сэтгэл дүүрэн байж болно, сэтгэл дундуур байж болно. Ийм хүчирхийллийн аргаар шийдэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд энэ асуудлыг өнөөдөр ярих болж байна гэж би хувьдаа ойлгож байна. МАХН-ын хувьд үүсч байгаа нөхцөл байдал, ялангуяа манай намын удирдах дээд байгууллага-Сонгуулийн төв комисс байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан байрандаа байх бололцоогүй болж, хүмүүсээ эсэн мэнд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хүртлээ ингэж доройтож байна гэдэгт би туйлаас харамсаж байна аа, харамсаж байна. Нөгөөтэйгүүр би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, монгол түмнийхээ амгалан тайван байдлыг хангах бүхий л шаардлагатай арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь өнөөдөр яг одоогийн байдлаар 30 орчим төрийн цагдаа гэмтсэн байдалтайгаар байж байна. Бид болсон зүйлийг нэлээд баримтжуулсан. Ямар хүмүүс, ямар машинаас, ямар удирдамж өгч, тэр хүмүүсийг турхирч дайрч байсан энэ бүх зүйл дүрс бичлэгийн хальснаа үлдсэн. Нэртэй, хаягтай тэр хүмүүс тогтоогдох болов уу гэж бодож байна. Ингээд сонгуулийн сурталчилгаа, санал хураалт, тооллого, сонгуулийн дараахь энэ үйл явдлыг Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, зөрчил гаргасан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх учиртай гэж бодож байна. Элбэгдорж дарга сонгуулийн тойрог, хэсгүүд дээр зөрчил гарсан тухай ярьж байна. үүнийг шалгах, нягтлах ёстой. Бүр юмыг хуулийн дагуу болгох ёстой. Шаардлагатай гэж үзэж байгаа бол зарим хэсэг дээр дахин санал хураалт явуулахад ч буруу гэх газаргүй гэж үзэж байгаа. Өнөөдөр удирдах зөвлөл хэлэлцэж, энэ асуудалд байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа. Шийдвэр гаргах эрх бүхий байгууллага “байдал ийм болжээ, дахин сонгууль явуулах шаардлагатай” гэж үзвэл МАХН дахин сонгуулиас эмээх зүйл алга. Монгол түмэн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж чадах ийм чадвартай байсаар ирсэн ард түмэн, энэ чадвараа өнөөдөр ч гэсэн хадгалж байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Ц.ЭЛБЭГДОРЖ: За би нэг зүйлийг хэлье.
Н.ЭНХБАЯР: За Элбэгдорж дарга?
Ц.ЭЛБЭГДОРЖ: Сонгуулийн дүн дуусаагүй, зарлагдаагүй байхад би сая дурдсан. 29-ний 03.30 цагт МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Отгонбаяр мэдэгдэл хийсэн байгаа. Ард түмэн мэдэж байгаа. 30-ны үдээс хойш МАХН-ын дарга өөрөө цэцэг авч ард түмний өмнө зогсож, ийм үр дүн гарлаа, өнгөлж явна гэдгээ мэдэгдэж, мөн энэ үйлдпийг хийсэн. Ардчилсан намын даргын хувьд өнөөдөр 07 сарын 1-нд 12.00 цагт хурал зарласан. Би өнөөдрийн энэ байдалд хүрсэн явдалд харамсаж байгаа. 1990 онд сонгууль хийсэн. 1992, 1996, 2000, 2004 онд сонгууль хийсэн. 1992 онд хийхэд ардчилсан хүчин тавхан суудалтай, бүр зүйлээ алдаж байсан. Тэгэхэд ард түмэн тэр үеийн эрх баригчдын өмнө ийм зүйл хийгээгүй. Тэр үеийн эрх баригчид харьцангуй шударга байсан. Харьцангуй ирээдүйгээ боддог байсан. 2000 онд Ардчилсан нам ганцхан суудал аваад бүх зуйлээ алдаж байсан. Тэгэхэд бас ийм зүйл гараагүй. Ард түмэн бол хангалттай хүлээсэн шүү, хангалттай харсан. 1996 оны сонгуулиас хойшоо болсон сонгуулиудад байнгын булхай орж байсан. Бид үүнийг байнга ярьдаг, хэлдэг. Үүнийг тал талаасаа засъя гэж ажилласан. Өнөөдрийн МАХН-ын удирдлага, Ерөнхий сайдын нүүрэн дээр ийм байдалд хүрч байгаад харамсаж байна. Баримтжуулж байгаа тухай ярьж байна. Одоо тэр баримтуудаа хэлэх ёстой шүү дээ. Бусад оронд үйлдэгдсэн, харамсалтай үр дагаварт хүрсэн тийм туршлага, загваруудыг Монголд давтаж болохгүй ээ. Тэнд ийм баримт байна, тэнд хэдэн хүн ингэлээ, ингэж хоёр, гурав хоног харуулж байгаад эргүүлээд ард түмний эсрэг хүчирхийлэл үйлддэг, эрх чөлөөт байдлыг нь дардаг ийм байдал дэлхийгээр нэг гарсан юм. Үүнийг монголчууд сайн мэднэ. Энэ зүйл давтагдах ёсгүй. Ийм юманд хүргэхгүйгээр бид нар эрт өглөөнөөс авахуулаад хоёр талаасаа уулзах боломж байсан. Би бол нэр устайгаар хэлсэн нь дээр болов уу гэж бодож байгаа. Нэгэн намын дарга зохион байгуулалттай хийж байгаа, энд нэг намын дарга зохион байгуулаад ард түмэн хөдөлдөг байсан тэр үе өнгөрсөн шүү дээ. Ард түмэн хулгайлагдсан эрхээ хамгаалан босч байна. Дуу хоолойгоо хүргэх гэж ирж байгаа. Энд зохион байгуулсан зүйл байхгүй. Дээр нь Сүхбаатарын талбайд ажиллаж, тэнд хүмүүсийг ухуулж, хуулийн дагуу явах ёстой. Би дахиад үндэсний телевизээр мэдэгдэл хийсэн. Тайван замаар хийгдэх ёстой, яриа хэлэлцээнд оръё, ярилцъя гэсэн ийм л зүйлийг хэлсэн. Одоо аль нэг нам зохион байгуулахаар, хэн нэгэн хүн зохион байгуулахаар ард түмэн ингэж эсэргүүцлээ илэрхийлдэг гэдэг тэр хуучин ойлголтоо хаясан байна. Одоо энэ ардчилал бол ард түмний өмч болчихжээ. Энэ ардчилсан сонголтууд ард түмний шийдвэр болсон. Тэдний шийдчихсэн шийдвэр яагаад буруу гарав? Эцэст нь тэдний шийдчихсэн шийдвэр ямар байдалтай байна вэ?. Бид ийм хүмүүсийг сонгоогүй юм аа, бид өөр улс төрийн хүчин, өөр хүмүүст саналаа өгсөн гэдгээ бүгд хэлж байгаа юм. Одоо энэ биднийг телевизээр хараад сууж байгаа, радио сонсож байгаа бүх хүмүүс үүнийг ойлгож байгаа. Ийм л байдалтай байсан. Түүнээс биш аль нэг нам зохион байгуулаад, аль нэг хүн үг хэлэнгүүт босдог, явдаг, тэмцдэг тийм ард түмэн байхаа больсон. Би үнэхээр өөрсдийн эрхээ хамгаалж байгаа. Өөрсдийн ардчиллын төлөө сонголтоо хийж байгаа. Энэ хулгайлагдсан буруу сонголт боллоо гэдгийг хэлж байгаа. Зүгээр нэг эрх баригчдын, аль нэг намын, хэн нэгэн том албан тушаалтны дур зоргоор, сүрдүүлгээр асуудал явахаа больсон нь Монголын ардчиллын хамгийн том ололт. Энэ ололтыг хадгалахын төлөө явна.
Н.ЭНХБАЯР: За Цолмон дарга, Оюун дарга, мөн Чулуунбаатар дарга та бүхэн маань нөхцөл байдалтай холбогдуулж саналаа хэлээч. Энэ байдлаас яаж гарах вэ, хамгийн зөв, хамгийн хурцадмал биш, хуулийн дагуу гарах гарцыг л хамтаараа хайж олох хэрэгтэй. Тийм бололцоо байгаа. Та бүхнийхээ саналыг сонсъё. За Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатар.
Н.ЧУЛУУНБААТАР: Ингэхээр ард түмний саналыг луйвардсан уу гэвэл луйвардсан. Сонгогчдын саналыг хулгайлсан уу гэвэл хулгайлсан. Энэ бол яах аргагүй үнэн. Үнэхээрийн төрийн эрхийг хууль бусаар авч байгаа гэвэл авч байгаа. Энэ бол том гэмт хэрэг. Ер нь “баян ходоод”-д давхиж явсан даага шөнийн 03 цагт гэнэт допинг хэрэглэсэн юм шиг хурдлаад явдаг далавчтай л биш бол энэ боломжгүй зүйл. Энд хийж чадсан. Үүнийг бид бүгдээрээ харж байсан. Тийм учраас Эх орон намын хувьд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улс төрийн бусад хүчнүүдтэй нэгдмэл байр суурьтай байгаа. Ер нь энэ саналыг дахин тоолно гэдэг бол утгагүй асуудал. Тэртээ тэргүй түүнийг чинь зарим нь лац ломбыг нь аваад сольчихсон байна. Тиймээс ингэж бид өөрсдийгөө хуураад яах вэ. Ерөөсөө л дахин сонгуулийг яаралтай зарлах хэрэгтэй байна. Сонгуулийн өрөнхий хороог бүрэлдэхүүнээр нь өөрчлөх хэрэгтэй. Тойрог хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөх, хэсгийн хороодод хорооны дарга нарыг оруулдгийг бүрэн зогсоох ёстой. Ийм асуудлуудыг нэн даруй шийдээд, энэ сонгуулийг дахин зарлахгүй бол магадгүй Киргиз, Украйны байдал шиг ийм байдлыг МАХН өөрсдөө хийчих гэж хэлмээр байна. Үнэхээрийн энэ ард түмний давалгааг бид яаж ч сүрдүүлээд, яаж ч дарах гээд нэмэргүй юм. Тийм учраас гарах гарцаа одоо ярих нь зөв байх. Дахин сонгууль хийхээс өөр арга байхгүй. Тэгэхдээ дахин луйвар хийх бүх боломжийг хаах ёстой.
Н.ЭНХБАЯР: За Оюун дарга?
С.ОЮУН: Асуудлыг ямар ч байсан хүчирхийллийн бус аргаар, хамгийн түрүүнд улс төрийн намуудын дарга нар, хөдөлгөөнүүд энэ хүчирхийлж байгаа байдлыг даруй таслан зогсоож, тэгээд дараа нь ямар шийдэл байна, луйвардсан гэж байгаа бол тэр дээрээ үндэслэлээ гаргаад, дахиж тоолох юм уу, эсвэл ийм ийм үндэслэл байгаа учраас гээд тодорхой санал болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ер нь бид эв зүйгээр асуудлыг шийдэх ёстой. Хүчирхийллээр юу ч хийх ёсгүй. Тийм учраас хамгийн түрүүнд өөрсдийн дэмжиж байсан хүмүүс тэр цуглаан жагсаалд оролцоод тэгээд бусдыш уриалаад байгааг зогсоох хэрэгтэй шүү дээ. Дараа нь бил нар сууж байгаад юу нь болсон, юу нь болоогүй байна, юу нь хуулийн дагуу, юу нь хуулийн бус аргаар хийгдсэн, ямар луйвар байсан, ямар үндэстэй гомдол маргаан байгаа юм, үүнийгээ нэгд нэгэнгүй хууль эрх зүйт төрийн түмнийхээ дагуу л явах ёстой. Тэгж л явдаг шүү дээ.
Н.ЭНХБАЯР: За Цолмон дарга.
Ц.Цолмон: За улс оронд хүндрэлтэй асуудал үүсээд байна. Энэ нөхцөлд Ерөнхийлөгч бас намын удирдлагуудтай уулзаж байгаад талархаж байна. Цаг үеэ олж байна гэж бодож байна. Тэгэхээр олон тойрог дээр олон янзын зөрчил гарсан. Үүнийг бол МАХН хүлээн зөвшөөрч байгаа, Ардчилсан нам ч зөвшөөрч байгаа, бид нар ч бас зөвшөөрч байгаа. Тэгэхээр энэ ажлыг бас ганц сонгуулийн тойргийн хороод дээр сүүлийн хэдэн жил сонгууль явуулж байгаа, тэгэхдээ дандаа будлиантуулдаг ийм мэргэжлийн нэг давхарга үүссэн гэдгийг цөмөөрөө хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Тэгэхээр ийм бүрэлдэхүүнтэй, ер нь бид нар Сонгуулийн хороог тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй байгуулах ёстой гэж эхнээс нь тавьж байсан. Тэндээс гол асуудал эхэлсэн байх гэж бодож байна. Хоёр нам л давамгайлбал бүх юм сайхан болно гэсэн буруу ойлголтоор явсан. Үүнээс бүх юм болсон. Тэгээд иймэрхүү бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороод сонгуулийг зохион байгуулж чадаагүй. Үүнийг цөмөөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөд үндэслэл муутай байгаа юм. Тэгээд бид нар дахин сонгууль явуулъя гэсэн санал яригдаж байна, дахиж тоолъё гэсэн санал яригдаж байна. Бид нар санал хураалтыг дахин явуулах зүйтэй юм. Тэгж байж энэ байдал засрах болов уу гэсэн бодолтой байгаа. Үүнийг манай намын байр суурь гэдгээр хэлье.
Н.ЭНХБАЯР: За Баяр дарга нэмж хэлэх зүйл бий юу?
С.Баяр: Үүсч байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж тодорхой Зөвлөмж гаргах нь зүйтэй болов уу гэж санаж байна. Өнөөдөр сонгуулийн үр дүнгийн тухай биш, өнөөдөр хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй байх, энэ талбай дээр байгаа олон хүмүүс дотор согтуу хөлчүү хүмүүс зөндөө байна. Хүчний байгууллагуудын авсан, манай намын байр дотроос авсан зурагт хүмүүс зохион байгуулалттайгаар архи уулгаж байгаа байдалд хүргэж байгаа юмнууд бичигдсэн. Давын өмнө энэ талбайд болж байгаа МАХН-ын байр нэг, хоёрдугаар давхар нь шатаад тийшээ очъё гэхээр одоогийн байдлаар бульдозер авчирчихаад цагдаа нарыг оруулахгүй байна. Ийм байдалтай байхад бид сонгуулийг яах вэ гэдэг асуудал дэндүү харамсалтай байна. Нэгд, юуны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ард иргэдийнхээ амгалан байдлыг хангах арга хэмжээг даруй авах ёстой гэж бодож байна. Нөгөө нэг арга хэмжээ бол сонгуультай холбоотой хоёр зөрчил байгаа гэж үзэж байгаа бол зөрчил болгоныг нэрлэх ёстой. Түүний дараа одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ хуралдаж, шаардлагатай гэж үзвэлхуулийн дагуу шийдвэрүүдийг гаргах учиртай гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил, цаашдаа явж байсан ардчиллынхаа замаар явах уу, аль эсвэл танхай балмад, атгаг санаандаа хөтлөгдсөн ийм хохирогчдын төлөвлөгөөгөөр явах уу гэдэг асуудал шийдэгдэж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Намын байраа шатаалгачихаад, улс төрийн сонгуульд оролцоод, урьдчилсан байдпаар ард түмнийхээ итгэлийг хүлээсэн гэсэн мэдээ авсныхаа төлөө МАХН хохирох учиргүй. Үүнийг манай намын гишүүд дэмжигчид ч хэлэх байх. Энэ сонгуульд оролцсон олон зуун мянган Монголын шударга иргэд зөвшөөрөхгүй байх гэж би бодож байна. Галдан шатаачихаад одоо дахин сонгууль хийе гэдэг бол монгол хүн үүнийг зөвшөөрөхгүй байх. Юуны өмнө тэр гал түймрээ унтраах хэрэгтэй байна. Энэ ард иргэдийг амгалан тайван байлгамаар байна. Хүний амь нас хохирохгүй байх бүхий л алхамуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүний дараа сонгуулиа яах вэ гэдэг асуудлаа ярья. Дахин сонгууль хийхэд МАХН айгаад байх зүйл огт байхгүй.
Н.ЭНХБАЯР: Идэвхтэн дарга, УИХ-ын гишүүдийн ирц ямар байгаа вэ?
Д.ИДЭВХТЭН: УИХ-ын гишүүдийн ирц сая бид нар ирц гаргаж байна. Одоо Улаанбаатарт 22 хүн байна, бусад нь замд явцгааж байна. Түргэн ирүүлэх боломж юу байна вэ гэдгийг үзэж байна.
Н.ЭНХБАЯР: Маргааш гэхэд ерөнхийдөө 39-өөс дээш болчих байх.
Д.ИДЭВХТЭН: Тийм болчих байх.
С.БАЯР: Уучлаарай Ерөнхийлөгч өө, би санаагаа гүйцээгээд хэлчихье.
Н.ЭНХБАЯР: Аан за.
С.БАЯР: Өнөөдөр ямар арга хэмжээ авахыг төр, засгийн тодорхой асуудал хариуцсан хүмүүсийг та цуглуулж санал гомдпыг авах нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр Монголд урьд өмнө үүсч байгаагүй нөхцөл байдал үүссэн учраас та Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд хуулиар олгогдсон эрхээ эдэлж, магадгүй онц байдал зарлах хүртэл арга хэмжээ авах шаардлагад тулж ирээд байгаа гэж би Ерөнхий сайдын хувьд үзэж байна. Олны өмнө УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагын өмнө танд санал тавьж байна.
Н.ЭНХБАЯР: За Идэвхтэн дарга.
Д.ИДЭВХТЭН: Тэгэхээр нийгэмд эмх замбараагүй байдал бий боллоо л доо. Намынхаа байрыг шатаагаад, төрийн албан хаагчдыг зодож гэмтээгээд, гуч дөчин хүнийг эмнэлэгт хүргээд байгаа энэ үйлдэл өөрөө ардчилсан үзэл биш л дээ. Энэ бол ардчиллын эсрэг хүчирхийллийг хэрэглэж байга ноцтой алдаа. Үүнийг
санаачилсан, зохион байгуулсан, удирдсан хүн энэ үйлдлийг таслан зогсоох талаар нийгэмд мэдээлэл хийх, болиоч ээ гэдгийг уриалах хэрэгтэй. Ингээд зогсоох, нийгэмд амгалан тайван байдпыг тогтоохыг уриалмаар байна, өөрсдөө оролцмоор байна. За ингээд болихгүй бол Ерөнхийлөгч энэ үймэээнд оролцож байгаа хүмүүсийг сануулах, уриалах ийм арга хэмжээ “Онц байдлын тухай хууль”-д бас байгаа юм билээ. “12 цагийн дотор энэ үйлдлээ зогсоогооч” гэж уриалдаг, хугацаа зааж өгдөг хуульд бичээстэй байдаг. Тэр хугацаандаа нам тайван байдал, амгалан тайван байдлыг сэргээх, тогтоох талаар аль аль тал нь ажиллах ёстой гэж би хувьдаа бодож байна. Болохгүй бол дараа нь бид ахиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр онц байдлын тухай ярих үед нь ярих ийм шаардлагууд байгаа.
Н.ЭНХБАЯР: За их баярлалаа. Амаржаргал дарга.
Р.АМАРЖАРГАЛ: Энэ хүмүүс ер нь юу шаардаад байгаа юм? Би өнөөдөр дөнгөж нисч ирээд, онгоцноос буучихаад гэртээ ороод усанд орчихоод телевизор асаасан чинь ийм юм болж байсан. Тэгээд л талбай дээр дарга бид нар хаа байна гэж хүрч ирээд ийм юм харж байна. Чухам юу шаардаад байгаа юм, яагаад ингээд байгаа юм?
Н.ЭНХБАЯР: Бидний өнөөдөр хэлэлцэх асуудал тодорхой...
Б.БАТБААТАР: Сонгууль шударга бус хуйвалдаантай, хууль бус аргаар явагдсан гэдгийг өөрсдийнхөө сонголтыг хамгаалж МАХН-ын байрны өмнө очиж зөвхөн шаардпага хүргүүлэх гэсэн юм. Гэтэл хувьсгалт намын нөхдүүд өөрсдөө дотроосоо өөрийнхөө байрыг шатаачихаад гэм зэмгүй, өөрсдийн өгсөн сонголт, Ардчилсан намыг дэмжсэн дэмжигчдийг галдан шатаасан мэтээр ярьж байгаа нь шударга бус юм.
Е.ОТГОНБАЯР: МАХН-ын байрыг биднийг шатаасан гэж байгаа бол та нар том эндүүрч байна. Бидний хийсэн бичлэг, баримт байгаа. Та нөхөд шаардлага хүргүүлэх гэж ирсэн ч юм биш, зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаа гэж үзэж байна.
Н.ЭНХБАЯР: Хувьсгалт намын нөхдийг өөрсдөө гал тавьсан гэж яриад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
Ё.ОТГОНБАЯР: МАХН-ын удирдах зөвлөл намынхаа байранд хуралдан хуралдаан завсарлах гэсэн боловч би дотроос гарч чадаагүй ээ. Биднийг тэнд байхад утаа тавьсан. Сүүлдээ МАХН-ын 1, 2 дугаар давхар шатаж эхэлсэн. Том том чулуунууд ч цонхоор орж ирсэн. Намынхаа байрыг шатаалгачихаад улс төрийн сонгуульд оролцоод, ард түмнийхээ итгэлийг хүлээснийхээ хариуд МАХН хохирох учиргүй. Тэд зохион байгуулалттайгаар галдан шатаасан.
Б.БАТБААТАР: Та нар өөрсдөө шатаасан шүү дээ.
С.БАЯР: Тийм байж таарахгүй. Намын удирдах зөвлөл хуралдаад хурал завсарлаад гарах гэсэн боловч тэнд боогдоод гарч чадаагүй. Ингээд бид бичлэг хийсэн байгаа. Бидэнд баримт байгаа. Юу гэж МАХН-ынхаа байрыг өөрсдөө шатааж байдаг юм бэ? Эрүүл ухаантай юм яриач.
Б.БАТБААТАР: Ардчиллыг дэмжсэн ард иргэдийнхээ сонгосон сонголтыг будлиантуулсан гол буруутан тань МАХН. Өөрсдийнхөө байрыг шатаачихаад олон түмнээр өрөвдүүлж, ардчиллын нэрийг гутаахыг оролдож байна. Бидэнд ч гэсэн гэрч бий.
С.БАЯР: Юуны өмнө гал түймрээ унтраах шаардлагатай байна. Галын машин, онцгой байдлын аврагчдыг оруулахгүй байна. Энэ чинь нийгэмд үүсээд байгаа өнөөдрийн энэ хүчирхийллийг таслан зогсоох талаар бид хамтарч ажиллах ёстой.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Ерөнхийлөгч өө, нэгд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр сонгуулийг дахин явуулах хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа байдал ч ийм шаардлага тавьж байгаа, бид ч ийм шаардлага тавьж байна. Бид энд ямар нэгэн хэлэлцээр хийх гээгүй шүү. Бид 18 жил ардчиллын замаар явж ирэхэд ийм үйлдэл гараагүй. Хоёрдугаарт, хууль үйлчилдэггүй ямар нэгэн албан тушаалтан байдаггүй. Жирийн иргэдийнхээ өмнөөс бууны ам гаргах эрхгүй. Өнөөдрийн энэ байдалд МАХН хүргэсэн. Яагаад хүчний байгууллагуудыг ашиглаад байна, яагаад жирийн иргэдийнхээ өмнөөс буудаад байна. Би гэрчтэй, баримттай ярьж байгаа шүү. Буудсан хонгио чинь миний халаасанд байна. МАХН- ын будлиантуулсан сонгуулийн золиосонд хүүхэд залуучууд өртөж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж бичиг өгсөн байгаа. Бичгийнхээ хариуг дахин шаардъя. Жирийн иргэн, ард түмнийхээ хүч хэрэглэж байгааг зогсоогооч.
Н.ЭНХБАЯР: УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөлтэй, та бүхэнтэй уулзаж байгаагийн гол зорилго бол үүссэн үр дагаврыг арилгах, хүн ам нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор иргэдийг аливаа хууль бус үйл ажиллагаанд уриалан Дуудахгүй, нийгмийн болон иргэдийн амар амгалан байдлыг алдагдуулахгүй, хууль ёс, дэг журмыг сахин мөрдөхийг гишүүд, дэмжигчидцээ уриалан сонгуулийн талаархи аливаа маргаантай асуудлыг холбогдох байгууллагуудад өгч шалгуулах замаар зохицуулах, улс төрийн зөв шийдэл гаргах арга замыг хамтран эрэлхийлж ажиллахыг улс төрийн намууддаа уриалж, үүссэн нөхцөл байдлаас гарах гарцыг цаашид хамтран уулзаж гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд дараагийн уулзалт хийхэд бэлэн гэж талууд тохирсноор энэ удаагийн уулзалт 21 цаг 48 минутад өндөрлөв.
Энэ өдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн нар оролцов.
Энэ удаагийн уулзалтанд улс төрийн намуудаас:
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
Ардчилсан намын дарга
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн
УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны дарга, Ардчилсан намын удирдах зөвлөлийн
гишүүн
Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн, Ардчилсан намын удирдах Зөвлөлийн гишүүн
Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн, Иргэний Зориг намын дарга Эх орон намын удирдах зөвлөлийн гишүүн Барилга, хот байгуулалтын сайд, Үндэснийн Шинэ намын даргын үүрэг гүйцэтгэгч ҮШН-ын удирдах зөвлөлийн гишүүн ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
Мөн дараах хүмүүс байлцав.
Үүнд:
13. Я.Долгоржав Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэг
гүйцэтгэгч, Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх
14. Д.Зүмбэрэллхам Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
15. З.Түмэнжаргал Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх
16. Ц.Мөнх-Оргил Хууль зүй, дотоод хэргийн сайд
17. Д.Жаргалсайхан ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга
Сэтгэгдэл ( 0 )