Шог зураач, зохиолч А.Амарсайханы зохиол ахлах ангийн охид хөвгүүдийн амьдрал, хайр сэтгэлийг харуулсан “Хэцүү анги” телевизийн олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулж байсан нь саяхан. Тус киноны гол дүрийн нэг Билгүүний дүрийг МУГЖ Б.Магсаржавын хүү Наранмөнх бүтээсэн билээ. “Равсал панз” гэдгээрээ олонд алдаршсан Магсаржав гуай 50 орчим киноны гол ба туслах дүрийг бүтээжээ. Түүний хүү Наранмөнх аавынхаа шийрийг хатаасан сайн жүжигчин болно хэмээн мэргэжлийг нь өвлөн авч СУИС-ийн кино драмын ангид сурч байсан ч “Хэцүү анги” кинонд тоглосон гэж сургуулиасаа хасагдсан аж. Харин түүний эцэг Магсаржав гуай “Урлагт заавал сургууль төгсөх албагүй. Ямар мэс засалч болох гэж байгаа биш. Авьяастай хүн сайн хөдөлмөрлөж чадвал заавал амжилтанд хүрдэг. Сургууль төгсөж диплом өвөртөлсөн ч өөр ажил хийгээд явж байгаа жүжигчид зөндөө л байна. Хүнийг юм хийлээ гэж буруутгаж сургуулиас нь хасаад байхдаа яадаг юм хэмээн бяцхан бухимдаад өнгөрсөн гэдэг. Наранмөнхийн хувьд “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр олонд танигдсанаас хойш “Ми-18” кинонд тоглосон билээ. Тэрээр “Х-Арт” продакшнд харьяалагдаж уран бүтээл хийж байгаад өдгөө Сингапурт жүжигчний мэргэжлээр сурч байгаа юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )