Хэний төлөө сонгууль явуулах гээд байгаа юм бэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 15

Монгол хүмүүсийн амьдрал сайжрахгүй юм бол сонгууль явуулж яах юм бэ? эсвэл парламентын гишүүн болж бизнесээ дархлаатай болгож хамгаалах гэсэн жижиг хүсэлтэй нөхрийн хүслийг нь биелүүлэх гэж сонгууль өгөх болж байна уу?
Сонгууль эцсийн эцэст хэсэг нөхдийг дахин дахин сонгохдоо биш шүү дээ. Хамгийн гол нь улс орны эрх ашгийг зөрчөөд, гэмт хэрэг үйлдээд байгаа нөхдүүдийг татан буулгах хэрэгтэй. Өнөөдрийн парламентын 76 гишүүнийг харахаар үнэндээ олигтой амьтан алга байна шүү дээ. Энэ нөхдүүд 4 жил болоход Монголын ард түмэнд сайн зүйл юу бий болгов. Ядуурал буурав уу? Хүмүүсийн амьдралын түвшин сайжрав уу? гэдгийг асуух хэрэгтэй.
Хоосон лоозон, худал амлалтанд хуурагдсаар хэзээ ч уулзаж байгаагүй нөхдүүдээ телевизаар ярихыг нь сонсоод, зурагт хуудсыг хараад сонгоод байх уу? Өнөөдөр дахиад л хуурах гээд бэлдэж байгааг нь мэдэж байгаа шүү дээ. Одоо манай намыг сонгоорой гээд гар утсаар нь мэссэж явуулдаг болсон.
Үнэндээ энэ сонгууль монгол хүний амьдралд сайн зүйл авчирахгүй нь тодорхой. Яагаад вэ гэхээр одоо сонгуульд нэр дэвших гээд урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа хүмүүсийг харахад л ойлгомжтой байна. Аль эрт мөнгө төгрөг тарааж, бэлэг сэлт түгээж, амралт зугаалганд явуулаад эхэлчихсэн байна шүү дээ. Хөөрхий Монголчууд хөөрөн баясаж ирээдүйгээ, үр хүүхдийнхээ сайн сайхныг алдаж байгаагаа даана ч мэдэхгүй нь...
Нэгэнт л олигархижсан, гэмт хэрэгтнүүд гэдэг нь тодорхой байсаар байтал тэднийг сонгуульд оруулаад бас саналаа өгөх гээд байж байна гэдэг үндэстний эмгэнэл. Ирэх сонгууль өнөөдрийнхөөс дор нөхдүүдийг гаргаж ирэх ч юм бил үү хэн мэдлээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд 2012 оны сонгуулиас нэг их зүйлийг хүлээгээд нэмэргүй. Бизнес, улс төрийн бүлэглэлүүд наймаагаа хийгээд, аль тойрогт, хэнийг дэвшүүлэх, яаж гаргах вэ гэдэг нь үндсэндээ тохиролцчихсон байгаа” хэмээн хэлсэн үнэн юм.
Тэд өмнөх сонгуулийг ийм л аргаар луйвардаж авсан бөгөөд санал хураалт явагдахаас өмнө баяраа тэмдэглэж байдаг нөхдүүд шүү дээ. Ард түмэн саналаа өгөхгүй байсан ч нас барсан хүмүүсийн бичиг баримтыг дахин хэвлээд л санал өгүүлчихдэг л хөгийн новшнууд байгаа юм даа. Ийм хүний үнэргүй нөхдүүд сонгуульд оролцоно бас өөрсдөө зохион байгуулна гээд бодоод үз дээ. Ямар ч эрүүл ухаантай хүн сонгууль шударга явагдана гэхэд итгэх үү.
Намын хатуу гишүүнчлэлээс салах хэрэгтэй. Хуучин социалист системийн үлдэгдэл. Ганц намтай байхад энэ бол зүгээр. Гэтэл одооны олон намын тогтолцоотой үед ард түмний хооронд нь хувааж байгаа төдийгүй ардчиллыг булшилж байна. Өөрөөр хэлбэл чөлөөт сонголт үгүй болсон. Зөвхөн батлахын авсан намдаа л өгнө гэсэн тогтсон хандлагаасаа сонгогчид салахгүй байна. МАХН-аас новш дэвшсэн ч МАХН-даа л өгнө, МАН-аас луйварчин дэвшснийг мэдсээр байж МАН-даа өгнө, АН-аас бас нэг луйварчин, худалч нөхөр дэвшихэд бас л түүндээ өгөхийг тэгээд ардчилсан сонгууль гэж нэрлэх үү. Больсон нь дээр биз дээ.
Тиймээс өнөөдрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй. Сүүлдээ Монголчууд нам, эвсэл, фракц, холбоо, бүлгээрээ хуваагдаад алга болох нь. Хүн чанар, хамтаараа ажиллах, хөдөлмөрлөх гэсэн тэр үнэт зүйл алга болжээ. Үнэнч байдал, шударга ёс ч түүх боллоо.
Өнөөдөр монголын бүхий л асуудлуудын шалтгаан бол хэт авилгалд идэгдэж, олигархижсан төрд л байгаа. Төрд байгаа авилгалд идэгдсэн, олигархиуд улс төрийн нам нэртэй бүлэглэлүүдэд хуваагдаад байж байна. Тэгэхээр Монголын асуудлыг шийдэх хамгийн зөв гарц бол сонгуулиас өмнө өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бүхий л улс төрийн намуудыг татан буулгах хэрэгтэй. Улс төрийн намуудын хуулийг өөрчлөөд дахин бүртгэл явуулах.
Хэрэв үүний хийхгүй ээ гэвэл юу болохыг цаг хугацаа харуулна биз. Гэхдээ одоо Монголын ард түмэн “хонхны дуу”-гаар сэрэхээргүй болжээ. Магадгүй үхэр бууны дуу шиг чанга дуу л сэрээх байх даа.

Б.Гансүх

Эх сурвалж: Sonin.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top