Энэхүү нийтлэлээ Ардын Армид 44 жил ажилласан, хөдөө орон нутгаас ирсэн олон залуусыг сурган хүмүүжүүлж эр хүн болгосон ардын цэргийн үлгэр жишээч 016-р ангийн захирагч асан дэд хурандаа, ачит өвөө Рааживын Чойжилжав, Сүүний үйлдвэрийг анх байгуулалцсан, олон удаагийн 5 жилийн гавшгайч миний хайрт хөгшин ээж Даржаагийн Бальжхүү болон Монгол улсыг босголцсон ажилчин ангийн дурсгалд зориулан бичив.
Та бүхний минь байгуулсан Монгол улс үүрд мөнх бөх бат оршиг!
20 жилийн өмнө дампуурч, үүрэг хариуцлагаа иргэддээ даатгаад орхисон Монгол улсын төрийн нэр хүнд эдүгээ иргэдийнхээ дунд навс унасан нь нэлээд хэд хэдэн учир шалтгаантай. 70 жилийн түүхт МАХН, Ардын их хурлын депутатууд, 70 жил Монгол улсыг босголцсон ажилчин, сэхээтэн, албан хаагч ангиуд нь бүгд усанд хаясан чулуу мэт төртэйгөө хамт дампуураад алга болжээ.
Тэдний үлдээж хоосон орхисон орон зайнд нь шургалах алтан боломж нийгэмд бүрэлдсэн нэг шинэ давхаргад олдов. Энэ шинэ давхарга бол бизнесмэн хэмээн өөрсдийгөө нэрлэсэн тэр үеийн улсын өмч хувьчлалаар иргэдийнхээ юуг ч мэдэхгүйг далимдуулан хувьцааг нь авч завшсан сүйхээтэнгүүд юм. Тэр сүйхээтэнгүүд Монголын эдийн засгийг гартаа авснаас хойш Монголын нийгэм цөөхөн хугацааны дотор мөнгөний нийгэм болон хувирч ашиг хонжоо харж амьдрах ёстой юм байна гэсэн сэтгэлгээ нийгэмд ноёлох болов.
Хамгийн өрөвдмөөр нь сүйхээтэнгүүдэд хулхидуулсан Монголчууд 1990 оны үеэр бөөн бөөнөөрөө ажилгүй болж, ажиллаж байсан үйлдвэрүүд нь шил шилээ харан дампуурч, 1 шөнийн дотор Засгийн газрын 20-р тогтоол гэгчээр хадгалсан жаахан мөнгөнийх нь ханш навс унаж үнэ цэнээ алдахыг нүдээрээ харж биеэрээ туулсан Монголчууд тухайн үедээ ямарч эсэргүүцэл үзүүлээгүй өнгөрсөн нь эдүгээгийн олигархуудын улс төрд орж ирэх үүд хаалгыг хялбарчлаад өгчихжээ.
Энэ үеийн Монголчуудад эсэргүүцэл үзүүлэх ямарч орчин байхгүй байлаа. 1992, 1996 оны сонгуулиуд бол хуучин МАХН-ын буйрыг сахиж үлдэгсэд болон ардчилалын давалгаанаар гарч ирсэн залуусын хооронд болж өнгөрсөн сонгууль байлаа. 1992 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН-ы нэр хүнд тухайн үедээ ард түмнийхээ дунд хүчтэй байсаар байлаа. Төр засагтаа үнэнч үйлчилж 70 жил эх орноо босгосон ажилчин анги, тэр үедээ МАХН-даа үнэнч байсаар иржээ. 1992-1996 оны хооронд Монгол улсын эдийн засаг гүн хямралд өртөж ард түмний амьдрал илт доошлосон шалтгаанаас болж 1996 оны сонгуульд ер нь шинэ залууст саналаа өгөөд үзвэл яадаг бол хэмээх сониуч зандаа хөтлөгдөн Монголчууд 1996 онд Ардчилсан намд үнэмлэхүй ялалт өгөв.
Чухам яг энэ үе л жинхэнэ эдийн засгийн ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор орж ирсэн олигархуудыг олноор нь улс төрд шургалуулсан нь Ардчилсан намын гол алдаа байсан юм. Гэвч энэ бол ганц Монголд тохиолдсон үзэгдэл биш билээ. ОХУ-д яг ийм нөхцөлд улс төрд орж ирсэн нөгөө сүйхээтнүүдийг барууны хэвлэлүүд олигархи хэмээн нэрлэсэнээр нөгөө сүйхээтэнгүүд шинэ гуншинтай болжээ.
2008 оныг хүртэл ганц тэтгэвэр тэтгэмж цалингаа яаж өгөх вэ хэмээн явж ирсэн засгийн газар 2008 оноос эхлээд байгалийн баялагийн хуваарьлалт хэмээх шинэ сорилттой тулгарав. 70 жилийн түүхээрээ түрий барьж ард түмэндээ эрхэлсэн МАХН ч сүүлдээ олигархуудыг олноор нь элсүүлэх болов. Ингээд 2008 оноос эхлэн Монгол улсын төр олигархуудын гарт бүрэн шилжлээ.
АН-ыг үүсгэн байгуулсан залуусч өөрсдийнхөө оруулсан олигархуудынхаа занганд орчихлоо. Монголын олигархууд ард түмнээ яаж урхиндаа оруулах вэ гэдгээ маш сайн мэддэг бөгөөд энэ тал дээрээ Оросын олигархуудаас хэд дахин илүү чадвартай. Улс төрөөс залхсан ард түмнээ улам дөжрүүлж байгаад ядуу буурайгаар нь далимдуулан мөнгө амлачихвал сонгогчид дорхноо урхинд нь ороод ирнэ гэдгийг аль хэдийнэ ойлгоцгоосон.
Яахав өөрсдийнх нь мөнгө биш улсын мөнгө юм чинь яаж ч үрсэн яахав дээ.
Оюу толгой таван толгой гэгч л хэрэгжчихвэл гэнэт баяжина гэсэн гэнэн хүлээлтийг монголын нийгэмд тэд суулгаж чаджээ. Яг нөгөө 1980аад оны сүүлээр орсуудыг монголоос хөөгөөд гаргачихвал монгол улс цэцэглээд ирнэ гэдэг санаа тэр үеийн монголын нийгэмд хэсэг хугацаанд байж байгаад алга болсон нь бодит зүйл байсан юм шүү.
Өнгөрсөн хаврын араб орнуудад хүчтэй өрнөсөн ардчилалын давалгаа, ОХУ-д болж буй олон жагсаал цуглаан монголын олигархуудад том дохио болсон боловч сүх далайтал үхэр амар гэгчээр монголын олигархууд одоохондоо тайван хэвээр байцгаасаар л байна. Амлалтаа биелүүлэхгүй бол ард түмэн босно гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Ийм учраас хоорондоо үгсэж байгаад улсын дансыг улайлган байж гадаад дотооддоо өр тавин байж ганц хоёр цаасаа өгнө. Өнөөдөр 1 сая болгон тарааж байгаа тэр мөнгө ирээдүйдээ 10 сая болон бидний үр хүүхдүүдийн толгой дээр бууна гэдгийг хэн ч хэлж зүрхлэхгүй байна.
Гэвч өнөөдөр Монголын нийгэмд тэдний төсөөлсөнөөс илүү асар их дургүйцэл хуримтлагдсаныг тэд сэтгэл түгшин харж байна. Дэлхийд ардын боловсролын хэмжээгээр нэлээн дээгүүр ордог ихэнх нь тодорхой хэмжээний яггүй боловсролтой монголын сонгогчид өнөөдөр улс төрдөө шинэ үеийг хүлээж байна.
Улс төрийн ухааны доктор Оросоогийн Чимэгмаа
Сэтгэгдэл ( 0 )