Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөв

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 16

 Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин нэмэгдэж байна.

Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-нээс сард 40 мянга, 05 дугаар сарын 01-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод түвшнээс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна.

Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг  05 дугаар сарын 01-нээс 48 мянган төгрөгт хүргэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top