Сүүлийн жилүүдэд хот, дүүргээс нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны болон гэр хорооллын доторх гэрэлтүүлгийг шинэчлэх, шинээр хийх ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа билээ. Сүхбаатар дүүргийнхэн ч иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, дүүрэг, хороо, гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор бүх хороодыг гэрэлтүүлэгтэй болгох зорилтоо амжилттай хэрэгжүүлж, одоогоор 12, 13, 14, 15, 16 дугаар хороо, ерөнхий боловсролын 9 сургууль 2 цэцэрлэгийн орчмыг бүрэн гэрэлтүүллээ. Дүүргийн удирдлагууд пүрэв гарагт гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтын байдал, ажлын гүйцэтгэлтэй биечлэн танилцсан бөгөөд тэднийг ажиллах явцад иргэд харанхуй гудамжууд гэрэл гэгээтэй болсонд талархалтай байгаагаа илэрхийлж байсан юм.
Тус дүүргийнхэн 2011 онд нийтийн эзэмшлийн зам дагуу нийт 2455 ш, орон сууцны хороолол дунд 1092 ш, гэр хороололд 1754ш гэрэлтүүлгийг шинээр хийсэн бөгөөд өнгөрсөн онд хийсэн болон энэ оны бүх гэрэлтүүлгийн чанарт онцгой анхаарч эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын хугацаа урт, тусгал сайтай лэд гэрэлтүүлгийг сонгон байршуулжээ. 2012 онд үлдсэн хороодын гэрэлтүүлгийг бүрэн дуусгахаар нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажлаа үргэлжлүүлж байна. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт харанхуй орчин үгүй болж иргэд айх аюулгүй, амар тайван ажиллаж амьдрах таатай нөхцөл илүү сайжрах юм.
Сэтгэгдэл ( 0 )