Өмөөрөх эрхгүй ч бас буруутгаж адлахын аргагүй ”ялтнууд”

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 17


 

 

Дамжин өнгөрөхийг зорихдоо би хоригдлуудтай уулзаж ярилцаж, эрх чөлөөт ба хаалттай нийгмийн хоёр өөр өнгийг .уншигчиддаа хүргэх тухай бодож явлаа. Тэдэнтэй яаж ярилцсан нь дээр бол, юу юу асуухав гэх мэтээр замбараагүй олон бодол толгойд эргэлдэнэ. Тэгээд өргөст торны цаадах амьдрал болоод тэнд хоригдогсдын сэтгэлзүйг өөртөө мэдрэхийн тулд тэдний оронд өөрийгөө тавьж үзлээ. Төсөөлөхөд үнэхээр хүнд байв. Ямар гээчийн хачин жигтэй, аймаар мэдрэмж төрснийг одоо ч үгээр зүйрлэхэд хэцүү байна.
...Шалган дээр очиж бичиг баримтаа шалгуулсны дараа холбогдох хүнтэйгээ уулзахаар дотогш орлоо. Шоронгийн хүнд төмөр хаалга ард хяхтнан хаагдахад хэрвээ би эндээс эргэж гарахааргүйгээр орж ирж байгаа бол... гэсэн муу ёрын юм бодогдож бие зарсхийх шиг болов.  Торны цаадах амьдрал гэдэг эмзэг, бас хүнд сэдэв. Тэр тусмаа торны цаадах анхны сэтгэлийн хөндүүр бодол энд хөвөрдөг учраас Дамжин өнгөрөх их эмзэг газар юм. Ийм газраас хэн бүхэн хол байхыг хичээж, элдэв бусармаг зүйлсийг цээрлэдэг хэдий ч хөрстийн амьдралд хөл алдаж “хэцүү нэрт”-ийг зорьсон нь хичнээн билээ. Хэдий хорвоогийн жам ёсноос гажууд зүйл хийсэн ч тэдний дотор залуу насны гэнэн алдаанд бэдэрч, санаандгүй байдлаар хэн нэгнийг хохироосон, аргагүй хамгаалалт гээд өмөөрөх эрхгүй ч бас буруутгаж адлахын аргагүй хүмүүс ч бий. Олонхи нь тэднээс жийрхдэг ч гэмтэн хэмээх нэрний цаана хүн л байгаа гэдгийг бид төдий л ойлгож ухаардаггүй. Тиймээс тэднийг энэхүү хязгаар амьдралд хөл тавихаас эхлээд нартын амьдралд эргэн гарах хүртэл гэм нүгэл, алдаа бүхнийг ухааруулж, нийгэмшүүлэх ажил хаа хаанаа ямархан зүг чигт хөтлөгддөгийг энэ удаа гаргаж тавихыг хичээсэн нь энэ.


401 дүгээр ангийн зүгээс бидэнд анх хамтран ажиллах санал тавьсан билээ. Гэвч шорон гэдэг онцгой объект учраас хамаагүй зураг авч болохгүй, ялтнуудтай ярьж, юм асууж болохгүй, хэрэв тэгэхийг хүсч байгаа бол дээд газраас тусгай зөвшөөрөл авах ёстой гэнэ. Харин тэд биднийг зөвхөн өөрсдийн үйл ажиллагаа болоод албан хаагчдын ажилтай танилцахыг санал болгосонд бид жаахан сэтгэл дундуур байлаа. Анхны хэрэг зориг маань талаар болсон ч нэгэнт зорьж ирсэн учраас тэдний зөвшөөрөх хүрээнд явж, эндхийн байр байдалтай танилцлаа. Шүүхээс ялаа сонссон хоригдлууд хорих байр луу хүргэгдэх өдрөө энд, Дамжин өнгөрөхөд хүлээдэг. Энэ газрыг нартын болон нарсны хэмээн хуваагдах ертөнц хоорондыг холбох өртөө гэж хэлж болно.
Зайсангийн Дамжин өнгөрөх хорих ангийг хүмүүс ихэнхдээ Хүүхдийн хорих гэж андуурдаг. Хүүхдийн хорихтой хаяа дэрлэн оршдог болохоор тэр биз. Угтаа бол Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн хүрээнд Дамжин өнгөрүүлэх анги, бүх хорихын нэгдсэн эмнэлэг гэдгээрээ овоглогддог юм билээ. Бүх хорихуудын эмнэлгээс хүндээр өвдсөн болон хүндэрсэн хоригдлууд энд эмчлэгдэхээр ирдэг. ШШГЕГ-аас тогтоол нь гарсан хоригдлууд энд 0-30 хоногийн хугацаанд түр байрлаад хорих ангиуд руу хуваарилагдана. Дамжин өнгөрөх хэмээх нэрийн утга энэ. Бүх эрэгтэй хоригдлууд үүгээр дамжина. Эмэгтэйчүүдийн хорих тусдаа учраас энд эмэгтэй хоригдол ирэхгүй.
Эндхийн албан хаагчид хоригдлуудыг “ЯЛТАН” гэнэ. Чихэнд төдий л дасахгүй энэ үг эвгүй сонсогдох ч цаанаасаа ажил үүргийн тогтсон нэршил тул ингэж нэрлэх ёстой гэнэ.


Хоригдлууд үүгээр байнга дамжин өнгөрч байдаг болохоор энд ялтны тогтсон тоо гэж байхгүй. Харин аж ахуй үйлчилгээний 50 гаруй хоригдол энд суурин байдаг аж. Нэгэнт ирснийх эндхийн нийгмийн ажилтнуудтай уулзаж ярилцлаа. Анх удаагийн шийтгэлтэй хоригдлууд ямар ангид очих гэж байгаа бол, яах бол гэсэн байнгын эргэлзээ, айдас түгшүүртэй байдаг. Тиймээс нийгмийн ажилтнууд үүнийг судалж нас сэтгэхүйн онцлогт тохируулан ярилцаж, хорих анги гэж ямар байдаг, дүрэм журам нь юу болох, бусадтайгаа эвтэй байх гэх мэтээр таниулдаг аж. Өөрөөр хэлбэл энд анх удаагийн шийтгэлтэй хүмүүжигчид үндсэн хорих анги руу явахын өмнөх сэтгэлзүйгээ бэлддэг байна.
Нэг давхар ягаан байшинд биднийг дагуулж очсон нь уран дархны сургалтын төв аж. Анх 1996 оноос үйл ажиллагаа явуулж байгаа энэ сургалтын төвийг уран дархан, МУСГЗ, дэд хурандаа О.Эрдэнэчулуун ахалдаг юм байна. Энд ямар ч мэргэжилгүй хоригдлууд ирээд дарханы нарийн мэргэжлийн ухаанд суралцдаг бөгөөд өдгөө арваад хүн наранд гараад энэ мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Сургалтын төвд орж ирэхэд шорон гяндан гэх таагүй бодлууд ор мөргүй арилж, санаа амарч сэтгэл уужрах шиг. Ердийн л уран бүтээлчдийн урлан, уран дархны газар ирчихсэн юм шиг санагдаж байлаа. Маш нарийн хийц урлал бүхий гүц, бумба, хэт хутга, сүүн цацал гэх мэт бүтээлүүд эгээ л музейн үзмэр мэт шилэн хоргонд заларна. Ер нь Дамжин өнгөрөх 401 дүгээр ангийнхан сургалтын төвөө ихэд анхаарч ажилладаг нь хүмүүст онцгойлон танилцуулдгаас нь илт харагдана. Ингээд зогсохгүй сургалтын төвийн ялтнууд 2007 онд Олон улсын Хорих байгууллагын нөхөрлөлөөс дөрвөн жилд нэг удаа зохион явуулдаг гар урлалын уралдаанд монгол дарханы хөөмлийн аргаар бүтээсэн “Эвтэй дөрвөн амьтан” бүтээлээр 2-р байр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Монгол уран дархан-2004” үзэсгэлэнгийн шашны зан үйлийн урлагийн бүтээлийн төрөлд “Шашны эд хэрэглэл” бүтээлээр оролцон тэргүүн байр эзэлж, Ерөнхийлөгчийн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байсан аж. Хэдийгээр хүний нийгэмд эрх чөлөөтэй явах эрхээ хасуулсан ч энд тэд урамтай ажиллаж, сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг нь илт байв. 
Хэдий янз бүрийн хугацаагаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч тэд хэзээ нэгэн цагт эргээд нийгмийн амьдралд хөл тавина. Тэр үед хүний ертөнцөөс ор мөргүй арчигдаагүй гэдгээ мэдрэх нь тэдэнд амьдрах итгэл хайрлах бас л нэг чухал хөшүүрэг. Тиймээс нийгмийн ажилтнууд тэдний иргэний үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэлт цаашлаад эх орны хувь хишигтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцна. Бас нэг сэтгэл эмзэглэмээр зүйл нь ял эдлэх хугацаанд хүмүүжигчийн гэр бүлээс гэрлэлтээ салгуулах өргөдөл их ирдэг аж. Ийм нөхцөлд байгаа хүн ийм сэтгэлийн цохилтыг давж гарах гэдэг шоронгоос ч илүү хүнд ял гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ амьдрал баялаг болохоор хоригдож байх хугацаанд нь хүмүүжигчтэй гэрлэлтээ батлуулах хүсэлт ч бас ирдэг гэнэ.
Энд хоригдлуудад гэм нүглийг нь ойлгуулах, суллагдах дөхсөнд нь дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар ухуулах, шаардлагатай бол ажлын байранд зуучлах ажлууд ч хийгддэг аж. Зарим ТББ-уудтай ч хамтарч ажиллана. Хорих ангийн зүгээс эд материалын тусламж болон хоригдлуудад хэрэгтэй сургалт хүсдэг ч ТББ гэхээр ихэвчлэн Христийг сурталчлах бодол санаатай хүмүүс их ирнэ, хоригдлууд тэр шашныг хүлээж авах нь янз бүр болохоор хүсэлт тавьсан бүх байгууллагуудыг хүлээж авахад хэцүү байдаг аж.
...Хорих ангиас зөвшөөрсөн хүрээ, хязгаар энд хүрээд дууслаа. Олон жил хорих байгууллагын хяналт шалгалтаар явж ажиллаж байгаа танил эгч маань нэгэнтээ “Анх ял аваад Дамжинд ирж байгаа хүн хүнд цохилтод ордог. Гэнэ алдаж алдаагаа давтан хоёр дахь удаагаа ирж байгаа нь энд ихийг ухаарна. Байнгын зочид бол гэртээ ирсэн юм шиг сэтгэл нь амардаг” гэж хэлж байсан. Ингээд бодохоор энэ газар их эрээн бараан, хоёр өөр амьдралын туйл болсон орчин аж. Ял эдэлсэн хүмүүсийн ихэнх нь эргээд хорих анги руу зүглэдэг нь нийгэмшүүлэх ажил дутуу хийгдсэнийх. Бас “нарныхан”-д “нарсныхан”-ыг хүлээж авах сэтгэлзүй дутмаг байдгаас энэ асуудал давтамжтай гардаг гэж хэлж болно. Амьдралд алдсан нэгнийгээ шорон оронгоор явсан хэмээн адлана, бэргэнэ. Бусдын дунд эгэл жирээр амьдрахад хэцүү болохоор зарим нэг нь эргээд л адгийн амьдрал руугаа сэтгэл шулуудан алхдаг. Зоосны нэг талыг хичнээн өнгөлсөн ч нөгөө тал нь зоосыг муухай харагдуулсан хэвээр л байна. Тиймээс хоёр талыг хоёуланг нь өнгөлөх нь үр дүнтэй мэт. 


Дамжин өнгөрөх ангийн хувьд хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах тал дээр хэрэндээ л мэрийж ажилладаг юм байна. Гэхдээ нартын амьдралд дахин хөл тавьж байгаа нэгэндээ алдаагаа засч, хүн шиг амьдрахад нь туслахын тулд “нарныхан”-ы нүдийг нээж, сэтгэлзүйн бэлтгэл сургуулилтыг хийж өгч болох хамгийн том бааз нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тиймээс хорих ангиудын нийгмийн болон сургалт хүмүүжлийн ажилтнууд зөвхөн дотроо ажиллах бус хэвлэл мэдээлэлтэй ойр нээлттэй харилцаж, нийгмийн сэтгэлзүйг бэлтгэж, “хязгаарлагдсан” иргэнээ хүлээж авах арга замыг нь нээж өгөхөд  туслах нь ажлын үр дүнг нь илүү дээшлүүлэх ч юм болов уу гэж бодогдож байлаа. Амьдралд алдсан нэгнээ цааш гэж түлхэхээсээ алдаа гэмийг нь ухааруулж, эрүүл зөв бодолтой иргэнийг нийгэмд төлөвшүүлж өгөх нь нэгэн хязгаарлагдмал хүрээнийхний бус бүх нийтийн үүрэг оролцоотойгоор хийгдэх ажил болохоор тэр шүү дээ.
Гадаадын олон оронд Хорих ангиуд хотын төв газар байрладаг. Энэ нь хоригдлуудын сэтгэлзүйг нийгмээс тусгаарлахгүйгээр, хананы цаана энгийн сайхан амьдрал өрнөж байгаа гэсэн итгэл найдвартайгаар ирээдүйдээ итгэж амьдрахад нь анхаарч байгаа хэрэг. Харин Монголд нийгмийн амьдрал ид өрнөдөг хотын төвдөө шоронгоо барьдаггүй юм гэхэд амьдралынх нь алдааг там болтол чихэнд нь хоногшуулсан “ЯЛТАН” гэдэг нэршилээ өөрчилөхөөс эхэлбэл ямар вэ? Үүнийг хууль, шүүхийн систем болоод хоригдлуудыг жийрхэж адладаг, хавчигдмал үзэл бодлынхоо “ялтан” болсон нарныхан ч хаа хаанаа анхаарах нь зүй. Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Ядахнаа л “хүмүүжигч” гэхэд болохгүй зүйлгүй. Амьдралын алтан хором бүхэн үнэтэй учраас хүнд сэтгэлийн дэм, итгэлийн очис багадахгүй буй за...
...Дамжин өнгөрөхөөс гарч явахдаа сая л нэг уужим амьсгал авлаа. Эрх чөлөө гэдэг хамгаас үнэ цэнэтэй зүйл ажээ.
Ц.Бадмаараг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top