Захиалагчийг нь хэлүүлэхээр цагдаагийн экс удирдлагуудыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шахав уу

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 17


 Долдугаар сарын 1-ний хэрэг  сонгуулийн луйврыг эсэргүүцсэн ард түмний жагсаалаар эхэлсэн ч таван хүний алтан амийг авч одон,  хэдэн зуун иргэд,  цагдаагийн ажилтнуудыг гэмтээн, байшин барилга, соёлын үнэт зүйлс гээд олон зүйлийг сүйтгэснээрээ түүхэнд “хар өдөр” хэмээн тэмдэглэгдсэн билээ. Уг  хэрэгт холбогдуулан тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Г.Ганбаатар нарыг   шүүж эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн голлох үйл явдлын нэг байлаа.  Анхан шатны шүүх хурал хойшилж,  хоёр дахь хурлаар шүүгдэгч офицеруудыг   дараагийн шүүх хурал хүртэл хорих  шийдвэр гармагц бүгдийнх нь даралт ихсэн эгээтэй л нэгэн зэрэг харвачихсангүй. Бүтэн дөрвөн жилийн турш бусдын өмнөөс байцаагдаж яваа болохоор сэтгэл санаа нь ч тавгүй байсан биз.  Цагдаагийн экс удирдлагууд  гал нээх, буудах тушаалыг тухайн үеийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн яамыг толгойлж байсан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарын хэн нь өгснийг  илчлэхийг л ард түмэн  хүсч байгаа. Цагдаагийн дарга нар өөрсдөө дур мэдэн иргэд рүү буудаагүй л юм бол хэн тушаал өгч таван хүний амь зольсон үнэнийг хуулийн өмнө өчих л учиртай.
  Энэ хэргийг хянаж байгаа прокурор нь нотлох баримт хангалттай, хэрэг шүүхээр шийдэгдэх л үлдсэн, нэмж шалгах шаардлагагүй гэх.  “Цагдаа хүн буудсан нь тогтоогдвол хариуцлагыг би толгойгоороо хүлээнэ” хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр улс даяар зарлачихаад байдаг. Тухайн үеийн Ерөнхийлөгч  Н.Энхбаяр, С.Баяр, үймээнийг анх эхлүүлсэн  Б.Жаргалсайхан, О.Магнай нар болон уг хэрэгтэй холбоотой  бусад хүмүүсийг оролцуулсан   дараагийн шүүх хурлыг нээлттэй хийхийг  ард түмэн шаардаж байна. 

Ер нь дөрвөн жилийн өмнө болсон уг хэргийг сүүлийн үед  идэвхийлэн сөхөх болсон нь сонгууль хаяанд ирснийг  эрхгүй сануулна. Албан үүргээ гүйцэтгэж явсан дөрвөн даргыг шийтгэсэнээр уг хэргийг хаах сонирхол ч  цөөнгүй хүмүүст байгаа бололтой. Долдугаар сарын 1-ний  гэх уг хэргийн   захиалагч нь хэн болохыг илчилсэн тал ирэх сонгуульд  оноо авах нь ойлгомжтой. Энэ хэргийг айсуй сонгуулийн гол хөзөр болгох эсэхийг цагдаагийн экс удирдлагууд  шийдэх нь.  Шударга бус сонгуулийг эсэргүүцсэн ард түмний жагсаалыг хяналтаас гаргаж улмаар үймээн самуун болгосон захиалагч хэн болохыг хэлүүлэх гээд   л Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж цагдаагийн экс удирдлагуудыг  шахаад байгаа бололтой.  Дараагийн шүүх хурал нээлттэй болж 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэг Монголын хууль хяналтын байгууллагын удирдлагууд болон улстөрчдийн үнэн нүүр царайг илчлэнэ хэмээн  найдаж сууя даа.  
  Долдугаар сарын 1-ний  хэрэг  С.Зоригийн хэрэг шиг  бүү замхарчихаасай.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top