Айсуй сонгуулийн сургаар ч юм уу аль эсвэл хэн нэгэн олигархийн эрх ашгийг хөндсөн ч юм уу Ерөнхийлөгч рүү дайрах кампанит ажил хүчтэй явагдаж байна. УИХ-ын ээлжит сонгууль ойртохын хэрээр уг нь эрх баригч хийгээд сөрөг хүчин, парламентаас гадуурх намуудын хооронд улс төрийн мэтгэлцээн эхлэж, бие биенийхээ булайг уудлан илчилмээр атал бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч рүү дайрахын учир юу вэ? Магадгүй энэ асуулт энэ нийтлэлийн хариулт байх. Үүний учиг нь хамтарсан нэрээр бие биедээ уусан булай бүхнийг хамтарч, зөв бүхний эсрэг бүлэглэн дайрах улс төр дамжсан бизнесийн бохир бүлэглэлүүдийн эрх ашигт Ерөнхийлөгчийн зүгээс саад тотгор учруулж, долоодугаар сарын нэгний үйл явдалд цагдаагийн удирдлагууд хэрхэн оролцсоныг шүүхээр шийдэх болсонтой холбогдуулан урган гарч байгаа олигархиудын хилэн биз ээ. Би Ерөнхийлөгчийг танихгүй 2 сая 700 мянган хүний нэгэн адил ерөнхий зүйлүүдийг л мэднэ. 40 шахам жил ардын хүүхдүүдийг сургах гэж шохойтой зууралдахдаа бас чиг төрийн хараа, бодлого, ард түмний итгэл үнэмшлийг өөрийн биеэр мэдэрч ирсэн. Мэдээллийн эрин зуунд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч алаг дэлхийн хаа нэгтээ болж байгаа халуун цэгийн мэдээллийг ч бид өдөр тутам авч чаддаг болсон.
Тиймээс ардчилал, ардчилсан төрийн тухайд 76 мэргэдээс ч дутуугүй мэднэ гэж ам бардам хэлье. Төр шударга, тунгалаг байх ёстой. Үүний тулд ил тод, нээлттэй байхыг та нөхдийн үлгэр жишээ болгоод байдаг америкчууд харуулж чаддаг. Ц.Элбэгдорж төр түших хүмүүсийг сонгон шалгаруулахдаа нээлттэй, ил тод бодлого баримталснаараа буруутаж эхэлсэн. Тухайлбал АН зүс буруулж одсоноор сайдуудын нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барьсан билээ. Гэхдээ МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин зурагтаар “Хаалганы цаана асуудлыг ярих ёстой байсан. Телевизийн дурангийн өмнө хүмүүсийн муу муухайг дуудаж, олны доог тохуу болголоо” хэмээн уураа барьж дийлэхгүй агсамнаж байсан. Тэднийхээр нам хуйвалдаж, сэм тохирох байж л дээ. Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдэд араас нь хэвлэлээр гоншигнохгүй байхыг сануулсан боловч тэр оройдоо л түүнийг гутаах кампанит ажил эхэлсэн билээ.
Уг нь би МАН-ын гишүүн хүн. Гэвч Сү.Батболд, Ө.Энхтүвшин хоёроос өөр бодолтой байна. Ил тод, нээлттэй бодлогоос муу зүйл гарахгүй. Харин ч эд мөнгө, бүлэглэлүүдийн шантаажинд автсан тэдэнд жинхэнэ шударга түшээдийг дэвшүүлэх боломжийг уг нь Ц.Элбэгдорж олгож өгсөн юм шүү дээ. Хаа очиж энэ Ц.Элбэгдорж Засгийн газрын ажилд хутгалдаад байхгүй юм. Сүүлийн хэд хоногт л гэхэд “Уран ярихад ухаан хэрэггүй”, “Ардчилсан Ерөнхийлөгчөөс айх 10 шалтгаан” гэх мэт дур гутам бохир нийтлэлүүд цацагдах боллоо. Уран ярихад ухаан хэрэгтэй, хүүхдүүд минь. Угийн гацаа төрсөн Гай Юлий Цезерь уран илтгэгч болохын тулд далайн эрэг дээр зогсч хэдэн цагаар ганцаараа чалчдаг байсан гэдэг. Британийн ханхүү хүртэл уран илтгэгч болохын тул хэд хэдэн багш хөлсөлж олон жил зарцуулсныг түшээд маань эрхбиш мэдэх биз дээ. Ярих хийхийн тал гэж Ерөнхийлөгч нэгэнтээ хэлсэн санагдана. Үүн дээр өвгөн би “Удирдагч ярьж, ард түмэн хийх ёстой” гэсэн нэгэн ухаантны үгийг нэмье. Би багш хүн. Сайн ярьж, сайн ойлгуулж байж л сайн багш болдог. Тэгвэл удирдагч хүн зөв шударга үгсийг цэцэн мэргэнээр илтгэж байж ард түмнээ уриалан дуудна. Ард түмэнд итгэл үнэмшил төрснөөр хэлсэн үгийг нь хэрэгжүүлэх болно.
Би 2009 оны сонгуулиар Н.Энхбаярт саналаа өгсөн. Энэ бол миний намын өмнө хүлээсэн үүрэг байлаа. Гэвч Ц.Элбэгдорж шүүх, хууль хяналтын байгууллагуудад нүүрлэсэн шударга бус явдлыг уудлан илчилж, тэмцэж эхэлсэн учраас би зөв зүйлийг нь хүлээн зөвшөөрөх болсон. Нэн ялангуяа уржнангийн Шинэ жилээр сүү өргөн, архи хэрэглэхгүй байхыг уриалахад нь бахдан хайрласан. Миний хэдэн хүүхэд дотор сэхээтэй ч байна, сэхээгүй нь ч байна. Бүр биднийг шар махтай нь хатааж байгаа архичин нь ч бас байгаа. Ерөнхийлөгч бид хоёр эцэг хүний зовлонгоор энэ асуудалд эмзэг хандаж байна. Би зөвхөн хүүгээ бодсон байх. Тэгвэл Ерөнхийлөгч улс үндэстний эцгийн хувиар ард түмнээ бодсон байх. Олигархиуд аа! Архины эсрэг сүү өргөсөн санал санаачлагыг нь та нар бас шүүмжлэх үү? Аягүй бол Монгол уламжлал эвдлээ гэж солиорч ч магадгүй. Би хилэгнэж байна, буруу бүхний эсрэг, зөв бүхний төлөө хилэгнэж байна. Гэлээ гээд надад төрийн эсрэг хар бурууг хийх явуургүй санаархал алга. Би хамгийн сүүлд нэгэн жижиг сониноос “Ардчилсан Ерөнхийлөгчөөс айх 10 шалтгаан” гэдэг нийтлэл уншаад ихэд олзуурхлаа. Ц.Элбэгдоржийг гутаан доромжилсонд нь бус олигархиуд айж, сандарч байгааг мэдрээд ихэд баярлав. Олигархиудад айх 10 битгий хэл түмэн шалтгаан бий. Шагналыг хавтгайрууллаа л гэнэ. Болд гэдэг хүүд Төрийн соёрхол өгсөн нь гай болж гэнэ. Үнэндээ залуучууд ирээдүйдээ итгэл алдарч, гудамжинд тэнэн, архиар “өл залгаж” байна шүү дээ. Юм хийгээд зөв явж байгааг нь шагнаж, бусдад нь үлгэр үзүүлж яагаад болдоггүй юм. Заавал “хэрэггүй” болсон хойно нь хэдэн төмрөөр нөгөө ертөнц рүү үдэх гэж үү? Н.Жанцанноров ч гэсэндээ төрийн хишгийг чамгүй л хүртсэн. Өөрөөс нь бусад хүн авч болдоггүй юм шиг явуургүй зан гаргахаа больмоор юм. Долоодугаар сарын нэгний үймээний үеэр миний таньдаг хүний гэмгүй хүү хөнөөгдсөн. Гэлээ гээд эзэн нь олдсонгүй. Энгийн цагдаа нар дээрээс нь үүрэг өгөөгүй бол яасан ч ард түмнээ нудрахгүй. Үүнийг л тогтоох гэж хууль хяналтын байгууллагууд, хурандаа, генералуудыг шалгаж байгаа гэж бодож байна. Байлдааны зэвсэг өгөөгүй бол буруугүй нь тогтоогдоно л биз. Үүнээс нэг л зүйл ажиглагдаад байгаа юм. Шүүх прокурор шударгаар ажиллаад эхлэхээр Ерөнхийлөгч рүү дайрч байна гэдэг нь урд нь улс төр, эрх мэдэлтнээс хараат байсныг гэрчилж байгаа юм. Өөрсөд шигээ санан төрийн тэргүүн рүүгээ дайрч байна. Шударга ажилла гэсэн болохоос биш хэн нэгнийг буруутга гэж хэлээгүй л байлтай. Зүүдээ ярих гээд хулгайгаа илчлэв гэдэг л энэ дээ. Ард түмнийг сохор гэж боддогоо болимоор юм. Ц.Элбэгдоржийг олон давхар байшин, хэдэн га газар, олон сая доллар завшсан гэж ярьж байгаа хүнийг би олж сонсоогүй. Тийм биш болохоор л сонгосон байх. Ний нуугүй хэлэхэд ард түмэн Ерөнхийлөгчөөсөө айгаагүй шүү. Харин ч шударга ёсыг тогтоох гэж ганцаардаж байгаад нь тулж түших ёстой. Ерөнхийлөгч ганцаараа биш шүү. Яагаад гэвэл бүх ард түмнээс сонгогдсон. Айдас зөвхөн төрд шургалсан луйварчдад л байгаа. Цаадуул чинь айгаад эхэллээ шүү, Ерөнхийлөгч өө! Айж эхэлсэн нь учиртай. Шударга ёс тогтооход нэг алхам хийлээ гэсэн үг. Ард чинь ард түмэн, улс Монгол чинь байна.
Ю.Даш (Ардын боловсролын тэргүүний ажилтан)
Сэтгэгдэл ( 0 )