МАН киногоор сонгуулийн сурталчилгаа хийж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 19

 

Өчигдөр орон даяар нээлтээ хийсэн  “Долоон бурхан харвадаггүй” киног үзээд МАН сонгуулийн сурталчилгаагаа  киногоор үргэлжлүүлж байна хэмээх “эсэргүү” бодол төрөв. Уг киноны жүжигчид болон арын албаныхан, тэр тусмаа тэсэлгээ, каскадёр онц сайн байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Нэг тэрбум гаруй төгрөг зарцуулан байж кино урлагт сүүлийн 20 жил бүтээгдээгүй чанартай бүтээл болсныг мөн хэлчихье.

 

Гэхдээ Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан эрэлхэг долоон залуугийн түүхийг уран сайхны аргаар гаргахдаа өөрийн болон намын үзэл бодол, суртлыг шууд тулгасанд Ж.Мөнхбат хэмээх яруу найрагч эрийг зэмлэмээр санагдсан. Кино зохиолыг бичихдээ түүхэнд тулгуурлан гагцхүү үнэн мөнийг гаргаж, шинэ баримтаар хачирласан, шинэ соргог, сайхан бүтээл болсон хэмээн тэрбээр киноны нээлтийн үеэр болон хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байлаа. Харамсалтай нь киног үзээд ярьснаас нь өөр байсанд эгдүү хүрэв. Их хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсныхаа төлөө уучлалт гуйхгүй гэсэн агуулга бүхий энэ кино тэр чигээрээ МАН-ын сурталчилгаа байгаад зогсохгүй, ард түмний тархийг угааж, хагаралдуулах зорилготой болжээ.

 

Өөрсдийх нь мөнгөөр ард түмний тархийг угааж байгаа МАН-ын сонгуулийн сурталчилгаа үүгээр дуусахгүй. Тэд жил дараалан Монголын түүхийг уран сайхны аргаар дэлгэцнээ гаргахаар төлөвлөөд байгаа гэсэн.  Түүнийг нь Ж.Мөнхбат хийх юм гэнэ лээ. Хэрхэн тархи угаахыг нь харж л сууя даа.

 

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top