“УСГҮЙ УРСГАЛ” төслийн үзэсгэлэн
Дэлхийн усны өдөрт зориулав
“Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд 2012 оны 03-р сарын 22 буюу “ ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “УСГҮЙ УРСГАЛ төслийн үзэсгэлэнг олон нийтэд хүргэх гэж байна. Уг арга хэмжээг Усны газар, Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин, хамтарч ажиллаж байгаа бөгөөд 03-р сарын 22-ны 9.30-14.00 цагийн хооронд Засгийн газрын ордонд хурал, үзэсгэлэн гэсэн хэлбэрээр явагдана. Мөн уг үзэсгэлэн 23-27-ны хооронд Уран зургийн галерейд үргэлжлэн гарах юм.
Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны 3 тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна. Газрын гадарга дээрх ус агаарт ууршин, үүл болон хуримтлагдаж хур тунадас буух замаар тэнцвэртэй оршиж байдаг бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн удахгүй бид мөнгөөр биш усаар цалинжиж болзошгүй гашуун үнэн ойртсоор байгаа билээ
Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм.
Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, Г.Насанбат нарын уран бүтээлчдийн туурвисан орчин үеийн дүрслэх урлагийн Уран зураг, Видео арт, Инстоляци (өрөг урлаг), Баримал, Фото арт, Саунд арт чиглэлийн өвөрмөц шийдэл бүхий 20 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ.
БАЙГАЛЬ ЭХИЙНХЭЭ ЭНГЭРТ НЬ НЭГДЭХ ХҮН БҮР ЦУГЛАГТУН.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99144685, 99836162, 89006162, 96050474
дугаарын утсаар авна уу.
Сэтгэгдэл ( 0 )