Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 20


Дотоод, гадаадын байгууллага болон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг өнөөдөр болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Энэхүү журмаар ажиглагч нар ямар бичиг баримт бүрдүүлж  бүртгүүлэх, сонгуулийн хороод ажиглагч, сурвалжлагч нарыг ямар боломжоор хангах  ёстой, тэд ямар эрх, үүрэг хүлээх талаар мөн түүнчлэн  ажиглагч, сурвалжлагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл зэргийг зохицуулах ажээ.

Хэлэлцүүлгийн явцад СЕХ-ны гишүүдээс  гаргасан саналыг  тусган дээрх журмын төслийг дахин боловсруулж  дараагийн  хуралдаанаар хэлэлцүүлэхээр  болов.

Мөн өдөр Сонгуулийн Ерөнхий Хороо “Шударга сонгуулийн төлөө” Түр хороонд нэгдэн орсон иргэний хөдөлгөөний төлөөлөгчдөд Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж тавьсан тэдний шаардлагын хариуг албан ёсоор өгөв. Тэд сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлөхүйц хууль зөрчсөн шийдвэр гаргаж, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдлыг үүсгэхэд хүргэсэн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээ ухамсарлан холбогдох хуульд заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг СЕХ-ны нийт гишүүдээс шаардсан билээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо энэхүү шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж  үзэж байгаагаа мэдэгдээд хуульд зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүнийг чөлөөлөх, огцруулах түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглосон, мөн Хороо түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон хуулийн заалттайг  албан бичигтээ цохон тэмдэглэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top