Иргэний үнэмлэх олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахална

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 21

 

 Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа.

Харин аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг дарга Ажлын хэсгийг ахлах болжээ.

          Иргэний үнэмлэх нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад зайлшгүй хэрэгтэй төдийгүй сонгуулиас өмнө үнэмлэхийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн болон орон нутгийн байгууллагын дэмжлэг туслалцаа, оролцоо шаардлагатай учир Засаг дарга нарыг тухайн орон нутаг дахь Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна.

Үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч нарт даалган, иргэний үнэмлэхний олголтын талаар 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг сайд Ц.Нямдоржид үүрэг болголоо.

           Иргэний үнэмлэхийг 496 нэгжээр дамжуулан шууд олгохоор төлөвлөөд байна. Үнэмлэх хэвлэх байр, тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд нууцлал бүхий бэлдэцийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний хооронд Финлянд Улсаас авчирна. Энэ дагуу үнэмлэхийг 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 11 хүртэл хугацаанд тасралтгүй хэвлэж, иргэдэд тараах юм.

Иргэний үнэмлэх нэг удаа олгоход шаардагдах хураамжийг иргэдээс авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top