-Харуул хамгаалалтыг нь чангатгах цаг ирлээ-
Монгол орон цагдаагийн вант улс байсан нь ил болов. Иргэдээ хэлмэгдүүлдэг, хяддаг цаг ардчиллын ачаар ард үлдсэн гэж боддог байсан нь худал ажээ. Цагдаагийнхантай, тэдний удирдлагатай, хөрөнгөлөг хурандаа нартай холбоотой дэгдсэн хэрэг, шуугиан үүнийг гэрчилж байна. Ямар ч дуулиантай шүүх хуралдаан болдгоороо болоод өнгөрдөг байсан бол энэ удаагийнх тэгэх янз алга. Шүүх хурал болж буй Сүхбаатар дүүргийн тэр жижиг газрыг Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүн бүх хүчээрээ бүслэн хамгаалж сүржигнэлээ. Түүгээр ч барахгүй юм болж мэдэхээр харагдав. Ард түмэн аядуу тулдаа л тэгсхийгээд байгаа болохоос хэн нэгэн хэг, ёг гэчихвэл юу ч үүсч мэдэх нь. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн өнгө аястай, өдөөн хатгасан захиалгат нэвтрүүлгүүд улаан, цагаан цацагдах боллоо. Ялангуяа энэ асуудалд ямар ч хамаагүй Ерөнхийлөгчийн талаар гүжирдсэн, гүтгэсэн, анхааруулсан, тулгасан шинжтэй тэдгээр нэвтрүүлгийн ард Монголын орчин үеийн “ногоон малгайтан”-ууд байгаа нь тодорхой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Хөрөнгөлөг хурандаа нар шалгуул. Үнэхээр бизнес эрхэлдэг аваас түүнийгээ хөө. Эс тийм бол хуулийн хүрээнд шийдүүл” хэмээн хатуухан, бас шулуухан хэлчихсэн нь тэдэнд ихийг бодуулсан бололтой. Бүхнээ авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон тэр нөхөд Монголын цагдаагийнхан гэхээр аймшиг төрүүлж байгаа юм. Ард иргэдээ барьж хорьдог, алдаг талдаг уламжлал нь өдгөө ч үргэлжилж буй энэ нүсэр байгууллагаас сайн юмны үнэр хэзээ ч ханхалдаггүй билээ. Удирдлагууд нь хэрэгт холбогдохоороо өвдчихдөг, эмнэлэгт эмчлүүлэн хоригддог сонин үзэгдэл сая тохиов. Өнчин ишиг хулгайлчихсан эр шүүх хурлын үеэр өвдвөл тэр нь чихрийн шижин, хорт хавдар байсан ч эмнэлэг рүү биш “Ганц худаг” руу гавлаад ачих нь гарцаагүй. Аюулын сүүдэр эх орныг минь нөмрөх шинжтэй. Иймээс эхлээд юутай ч Ерөнхийлөгчөө хамгаалалтад авъя. Харуул, хамгаалалтыг нь чангатгая. Цаадуул чинь зэвсэг техник, хүний олноор юу ч хийж мэднэ.
Г.Мөнх (www.wikimon.mn)
Сэтгэгдэл ( 0 )