“Ус-хүний эрх” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо
“Ус-хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Төрийн ордонд үдээс өмнө зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх Э.Зоригт нар оролцож, салбарын асуудлаар байр сууриа илэрхийлэн, оролцогчдын санал бодлыг сонслоо.
Мөн Хүний эрхийн үндэсний комисс, Усны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас илтгэлүүд тавьж, хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргалаа.
Ерөнхий сайд С.Батболд ЦУОШГ-т ажиллав
Ерөнхий сайд С.Батболд энэ өдрийн 11.00-12.00 цагт ЦУОШГ-т ажиллаж, салбарын ажилтай танилцлаа. Цаг уурын мэдээлэл боловсруулах орчин үеийн супер компьютертэй болох хүсэлтийг ЦУОШГ-аас Засгийн газрын тэргүүнд тавьсны дагуу өнгөрсөн онд энэ асуудлыг шийдвэрлэж өгсөн. Тус газарт ажиллах үеэрээ Ерөнхий сайд супер компьютерийн ажиллагаа, боловсруулж буй мэдээллийн чанартай биечлэн танилцсан.
Түүнчлэн Ерөнхий сайдыг ЦУОШГ-т ажиллах үеэр салбарынханд өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг БОАЖЯ-наас танилцууллаа. 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ЦУОШГ-т хийсэн “Байгаль орчны аюулгүй байдал-бидний ирээдүйн баталгаа” сэдэвт уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд салбарынханд хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн юм. Мөн “Ус цаг уурын алба – 88 жилд” сэдэвт түүхийн үзэсгэлэнг үзэж сонирхсон.
“Усгүй урсгал” үзэсгэлэнг нээв
“Усгүй урсгал” орчин үеийн гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Төрийн ордонд нээлээ. Өдрөөс өдөрт хомсдож буй цэвэр усны нөөцийг хамгаалахын чухлыг, мөн бидний ирээдүйд өдөр тутмын зохист хэрэглээ ямар чухал болохыг урлагийн хэлээр олон нийтэд ойлгуулах, усыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон ард иргэдийн харилцааг илүү ойртуулахад үзэсгэлэнгийн зорилго чиглэсэн. Үзэсгэлэн Уран зургийн галерейд үргэлжилж, энэ сарын 27-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.
Усаа хамгаалах талаар оюутан залуус уриалга гаргав
Мөн энэ өдөр 13.00 цагт Сүхбаатарын талбай байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, оюутан залуус оролцон усаа хайрлах, хэмнэхийг ухуулахаар “Ус ба хүнсний аюулгүй байдал” уриан дор олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллаа. Экологийн чиглэлээр суралцдаг 80 оюутан зураг, мэдээлэлтэй самбар, уриалгыг иргэд, олон нийтэд сурталчилсан юм. БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар энэ ажилтай биечлэн танилцсан.
“Монгол орны ус ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн VII бага хурал болж байна
“Дэлхийн усны өдөр”-ийн энэ жилийн үндсэн “Ус ба хүнсний аюулгүй байдал” уриан дор Монгол Улсын ус ба хүнсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг бодит судалгаа, арга зүйд тулгуурлан хөндөж, шийдвэрлэх үр дүнтэй арга замыг тодорхой түвшинд эрэлхийлэх үүднээс энэ бага хурлыг зохин байгуулж байна. Онол практикийн бага хурал өнөөдөр 13.30-18.30 цагт ШУТИС-ийн Т байрны Эрдмийн зөвлөлийн танхимд (207 тоот) үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )