УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр 15:00 цагт АТГ-т авилгал авсан гэх улс төрчдийн баримтыг гардуулан өгөхөөр “болзоо” тогтоолоо. Харин болзооноосоо эрхэм гишүүн 30 минут хоцорсон юм. АТГ-ын дарга Б.Хурцын хоолой өвдсөн учраас албан бичиг авах хүн байхгүй учраас хоцорсноо Х.Баттулга хэллээ. Тэрбээр сэтгүүлч, МоАХ-ны УЗ-ийн гишүүдийн хамт АТГ-ийн мэргэжилтнүүдэд баримтаа гардуулан өглөө. Үүний хариуд АТГ-ын мэргэжилтнүүд “Бичгийг хүлээн авлаа. Хуулийн дагуу шалгах болно” хэмээсэн. Энэ нь Х.Баттулга гишүүний эгдүүцлийг хүргэсэн аж. Тэрбээр “Өнөөдөр АТГ байгуулагдаад хэдэн жилийн нүүр үзлээ. Хэдэн даргын нүүр үзэв. Та бүхнийг дарамттай ажилладаг гэдгийг ойлгож байна. Дарамтнаас болж асуудал үүсдэг. Та нарыг дарамталж байгааг бид мэдэж байгаа шүү дээ. Монголын ардчилсан холбооныхны хүчийг ашиглаач. Энэ байдалд цэг тавъя гэдэг үүднээс хандаж байна. Та нарыг бид хамгаалъя. Нэг том даргыг нь шалгах гэхээр нэг нь утас цохиод болиулдаг байдлыг таслан зогсоомоор байна. Иргэд байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу шалгадаг гэдгийг ойлгож байгаа. Гол нь энэ асуудалд ажил болгох талаас нь санаа тавиарай гэж захиж байна” хэмээн зэмлэх учирлахын хооронд хэллээ.
УИХ-ын гишүүний өгсөн баримтад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон удирдлагууд “MCS”-с байр хахуульд авсан тухай байсан юм.
АТГ-т мэдээлэл өгсний дараагаар түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийг тань хууль бус олон үйлдэл хийсэн гэж мэдээлэл хийсэн. Та энэ талаар тайлбар хийхгүй юу?
- Энэ тухай би ирэх долоо хоногоос бүх баримтыг нь дэлгээд ярина.
- Ядаж нууц гэрээний талаар...
- Ер нь Засгийн газрын сайд нь нууц гэрээ байгуулаад, гаднынхан нууц гэрээнд нь мөнгө өгөөд, нууцаар төмөр зам барина гэж байхгүй шүү дээ. Нууц гэрээ хар тамхи, зэвсгийн наймаа зэрэгт хийгддэг болов уу даа. Ийм энгийн зүйлд хууртаж боломгүй санагдана. Ц.Нямдорж гэдэг хүн өөр зүйл рүү хүмүүсийн анхаарлыг холдуулдаг аргатай. Энэ байдлаараа л явж байгаа. Би шал өөр юм яриад байна шүү дээ. Горьдож байсан Тавантолгой бүтэхгүй боллоо, одоо яах вэ гэдэг асуудал ярьж байна.
Ингэж яриад түүнийг журмын нөхөд нь дагуулан явсан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )