Зүүн бүсийн аймгуудийн их хуралдай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 24


Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод зүүн бүсийн аймгуудын их хуралдай боллоо. Тус хуралдайд МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Дэлгэрцогт, Дорнод аймгийн МАХН-ын мянгатын дарга Б.Долоонжин, Хэнтий аймгийн МАХН-ын дарга Б.Туяа, Сүхбаатар аймгийн МҮАН-ын тэргүүлэгч С.Хатантуул Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 400 гаруй иргэд төлөөлөгчид оролцож Зүүн бүсийн аймгуудад тулгамдаад байгаа асуудлуудаар хуралдлаа. Хурлын үеэр Сүхбаатар аймгийн төлөөлөгч И.Очирбат хэлсэн үгэндээ “Зүүн гурван аймгийн нийт малчдын өмнөөс яръя. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй, цөлжилтөөс болж, малчид шуурганд малаа алдаж байна. Албан тушаалтны буруугаас болж ард түмэн хохирвол төр хариуцна гэсэн хууль байдаг. Тэр хуулийн дагуу гомдлоо багын даргаас нь эхсүүлээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл өгч үзлээ. Ямар ч хариу алга. Чих нь дүлий юм болов уу гэхээр муулахаар сонсоод байх шиг байна. Эрх баригчдад эх орноо харах нүд, ард түмнээ харах чих эрх алга” гэв. Үүний дараа Сүхбаатар аймгийн төлөөлөгч А.Гантулга хэллээ. Тэрээр “Авлигал толгойлсон Ерөнхий сайдтай, ам нь суначихсан Ерөнхийлөгчтэй, амьдрал мэддэггүй нөхөд төрийн толгойд гарчихаар ард түмэн ядуурахгүй яахав дээ. Бөхийн мэх шиг ард түмнийг мэхэлж байгаа шударга бус төрийг халахын төлөө тэмцье” гэсэн юм. Хурлаас Олигархигүй Монголын төлөөх 5 хувьсгалын үзэл санааг дэмжиж, үйл хэргийг бодит ажил болгоход төлөөлөгч бүр идэвхи санаачлагатай оролцож, орон нутагтаа сурталчлан таниулах ажлыг хариуцан ажиллах, 15 толгой олигархи болон аймаг сумын олигархиудыг төрөөс зайлуулж, ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоог идэвхижүүлэх уриалгыг гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top