Элбэгээгийн айдас хэвлэлийг ялгаварлаж, өмгөөлөгчдийг хорин нийгмийг айлгахад чиглэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 30


Долдугаар сарын нэгний хэмээх хэрэг хэтэрхий улстөржиж байгаа нь улам бүр ил болсоор байна. Өчигдөр урьдчилан хорих төвд болсон Цагдаагийн дарга нарыг шүүх хурал дээр энэ байдал илт харагдсан. Нийгмийг хоёр талцуулаад байгаа 7 сарын нэгэнтэй холбоотой энэхүү шүүх ажиллагааг сурвалжлахаар Монголын бараг бүх хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлчдээ илгээсэн. Гэвч шүүх хуралд гуравхан телевизийн сэтгүүлчдийг оруулж илт ялгаварласан. Тэдгээр нь, МҮОНТВ болон С1, Ийгл телевиз байсан билээ. Үүнээс харахад АН-ын тэр дотроо шүүхийн асуудлыг эрхэлж суудаг манай “ардчилсан шударга” гэж өөрийгөө цоллодог ерөнхийлөгчийн ойр дотны нөхдүүдийн телевизийнхэн л мэдээлэл авч болдог сэтгүүлчид, бусад нь эрхгүй юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. С1 бол одоо ид дуулианы эзэн болоод идэж байсан тогоогоо эргэж нулимаад яваа “Женко” хэмээх Х.Баттулгын хувийн телевиз. Ийглийн хувьд ч ялгаагүй АН-аас хамтарсан засагт сууж асан тус намын “Зүүн Хойд Ази” хэмээх бүлэглэлийн тэргүүн Лу.Болд хэмээх эрхэмийн телевиз билээ. Элбэгээг Ерөнхий сайд байх үед бизнесээ цэцэглүүлж амжсан гэгддэг энэ эрхмүүдийн телевизүүд л мэдээллийг чөлөөтэй авах эрхтэй байдаг нь хачирхалтай биш гэж үү. МҮОНТВ-ийн “ММ”агентлаг ч гэсэн Ц.Оюундарь гэдэг захиралтай. Энэ бүсгүй цагтаа Элбэгээг ерөнхий сайд болмогц “Зууны луйварчин” хэмээн ШО агсаныг зарлаад л бөөн асуудал үүсгэж явсан байдаг. Тиймээс ч ойр дотных нь хүмүүсийн нэг мөн. Уг нь эдэн дээр нэг талынх бишээ андуурах гэж байна нэг намын найзынхаа NТV-ийг нэмчих байсан юм. Гэвч тус телевизийн эзэн Г.Батхүү нь MCS-ийнхэнтэй хамтарч “Энержи Ресурс”-ыг байгуулсан “Шунхлай”-г бас эзэмшдэг учир оруулаагүй бололтой. Ийм л тэнцвэргүй, шударга бусаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнд хандсан чинь үнэхээр хачирхалтай санагдаж байна. Эсвэл Элбэгээ гэдэг хүн Монгол улсын хаан болчихсон юм уу. Энд нөгөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө, тэнцвэртэй мэдээлэл хаачив. Мөн Элбэгээ таны нөгөө “шударга л байя даа” гэж уриалсаар гарсан чинь хаачив. Монголын хэвлэлүүд таныг шүүмжилдэг ч бүгд л таны айлчлал, явуулж байгаа албан үйл ажиллагааг сурталчилдаг биш үү. Гэтэл ийм ялгаварласан байдал гаргасныг ойлгох арга алга. Мөн 7 дугаар сарын нэгэнтэй холбоотой шүүх хурлыг нээлттэй явуулья хэмээн хаяж гарсан цагдаагийн хурандаа нарын таван өмгөөлөгчийг өнөөдөр хорих шийдвэр гаргаж байгаа нь бүр ч айдас төрүүлж байна. Үүнийг 1930-аад оны сүүл үеийн хэлмэгдүүлэлттэй дүйцүүлж үзэж болмоор санагдана. Шүүх хурлыг нээлттэй явуулахаас Элбэгээ ерөнхийлөгч болон түүний дохио заавраар ажиллаж байгаа нөхдүүд юундаа айна вэ. Элбэгээг ерөнхийлөгчид өрсөлдөж байх үед Б.Баабар нар айдсын тухай бичиж байж билээ. Түүндээ айдас л айдсыг төрүүлдэг гэж бичиж байсан. Тэгвэл манай “шударга” ерөнхийлөгчийн айдас өнөөдөр хэвлэл мэдээллийнхнийг ялгаварлан гадуурхаж, улмаар өмгөөлөгч нарыг хорьж байгаагаар илэрч байна. Ийнхүү нийгэмд айдас хүйдэс, шударга бусыг бий болгож хэнээс айснаа хэнийг айлгаж нуухыг оролдов гэдэг сонирхол татаж байна.
Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top