Нэг хэсэг мартагдаад байсан “Таван эрдэнэ” дууг дахин амилуулж, ард түмний хүртээл болгосон залуу дуучин Пүрэвжавын Жимсээтэй ярилцлаа. Хавар цаг ирж буй энэ мөчид “Таван эрдэнэ” дуу хит болж, дуучин П.Жимсээ ч “мода”-нд оржээ.
-Сайн байна уу. Дуучин Жимсээ гэдэг нэр сонсогдоод удлаа. Сүүлийн үеийн уран бүтээлээс яриагаа эхлэх үү?
Удахгүй МҮОНТВ-ээр гарах “Амьдрал чиний төлөө” олон ангит сериалын дууг дууллаа. “Амьдрал жаргалын дуулал” нэртэй энэ дууны үгийг уг киноны зохиолч Наранцогт бичиж, хөгжмийг хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн аяыг хийсэн. Мөн хөгжмийн зохиолч Батцэцэгийн “Амин хайр” дуугаа бичүүллээ. Удахгүй клипний зураг авалтаа хийнэ.
-Үнэнийг хэлэхэд анх “Таван эрдэнэ" дууг сэргээж дуулсныг сонсоод нэлээн настай хүн дуулсан болов уу гэх таамаг төрж байсан. Ийм бодолтой хүн ч олон байсан байх. Тэгэхээр эхлээд өөрийгөө танилцуулах уу?
-Тийм шүү, олон хүн тэгж бодсон байсан. Надаас бүр “Хөгшин хүн дуулж байна гэж бодсон чинь ийм залуухан охин байсан юм уу“ гэж асуудаг байсан. Миний төрсөн газар бол Увс аймаг. Гэхдээ намайг хоёр настай байхад манайх хотод ирж суурьшсан. Би есөн хүүхэдтэй өнөр айлын отгон охин. Дээрээ дөрвөн ах, дөрвөн эгчтэй. Хамгийн бага нь болохоор эрх гүнж шиг л өссөн дөө. Миний ээж Увс аймгийн Өмнөговь сумын харьяат С.Даваажав гэж дэндүү сайхан эмэгтэй байсан. Гэвч өнгөрсөн оны 1 сарын 31 ний өдөр хайрт ээж маань бурхан болсонд би одоо ч итгэж чаддаггүй юм. Аав маань Пүрэвжав гэж сайхан хүн бий. Би ээж аав хоёрыгоо маш агуу хүмүүс гэж боддог. Ийм олон хүүхдийг өдий хүртэл түүртэлгүйгээр өсгөж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэнд баярлаж явдаг. Хамгийн гол нь бүгдийг нь сайн хүмүүжилтэй болгож өсгөсөн. Одоо надаас бусад нь хань ижил, үр хүүхэдтэй болцгоосон байгаа. Манайх ах дүү, ач зээ нийлээд 35-уулаа.
-Сайхан өнөр бүл юм. Айлын эрх охин яаж урлагт анх хөл тавив?
-Багадаа бид гэртээ есүүлээ ээж аавынхаа өмнө бүрэн хэмжээний тоглолт тоглодог байлаа. Аав, ээж, ах эгч нар маань бүгд сайхан дуулдаг. Ер нь манайхан удмаараа их дуучин хүмүүс. Ард түмэнд танигдаагүй ч нутаг усандаа алдартай. Миний хувьд дуучин болох маань 2-р ангиасаа сургуулийнхаа найрал дууны дугуйланд явж эхэлснээс үүдэлтэй гэж болно. Багадаа сургуулийнхаа урлагийн үзлэгээр дандаа тэргүүн байр эзэлдэг, урлаг соёлын ажилд их идэвхтэй оролцдог хүүхэд байсан. 6-р ангид байхад ээж маань намайг Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд СТА Ганчимэг багшийн шавь болгон оруулж байсан юм. Тэр үедээ жил бүр “Харш“-ийн ёолконд ордог. Ёолкны бэлтгэл гээд сургуулиас 20 хоногийн чөлөө өгнө. Өдөр шөнөгүй л бэлтгэж тэр жаахан хүүхдүүд шөнийн нэг, хоёр цагт л гэртээ харьдаг байсан. Үнэхээр их хөдөлмөрлөдөг байлаа. Тэгээд 10 ангиа дүүргээд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж Ичинхорлоо багшийн шавь болсон.
-Дуурийн дуулаачаар төгссөн хүн яагаад нийтийн дуу руу урвачихав?
-Дуурийн театрт гурван cap гаруй дадлага хийсэн. Тэр үед намайг “Чи задгай хоолойтой хүн. Уртын дуу дуулвал болох юм‘‘ гэж олон хүн хэлдэг байсан л даа. Бас миний сонирхол ч байсан. Тийм болохоор ардын жүжигчин Нэргүй багшид шавь ороод жил гаруй болж байна. Мэдээж тохироо нь бүрдсэн үед дуурийн дуучнаараа ажиллана гэж боддог.
-Урьд нь өөрийг чинь охидын “Virtuoz” хамтлагт дуулдаг байсныг чинь санаж байна. Хамтлаг тань яагаад тарсан юм?
-Манай хамтлагийг “Миний ээж тэмээчин" дуугаар маань хүмүүс сайн мэддэг юм билээ. Бид гурав нэг ангийнх бас найзууд. Тэгээд 2004 оны сонгуулиар явж байхдаа хамтлаг байгуулан “Миний ээж тэмээчин" дуугаа хоолой салган дуулвал яасан юм гэж ярилцаад хамтлагаа байгуулж байсан. Сонгуулийн сурталчилгаанд яваад ирснийг ч хэлэх үү. Тухайн үед бас хөөрхөн мөнгөтэй байсан л даа. Тэгээд энэ дууныхаа клипээ хийлгэсэн. Бичлэг, хувцаслалт гээд бүх зүйлдээ их ач холбогдол өгч, хөрөнгө гаргаж хийсэн. Манай хамтлаг бас гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэн хоёрын “Вансэмбэрүү" дууг дуулж клипжүүлж байлаа. Нэг найз маань казак охин байсан л даа. Тэр маань Казакстан яваад нөгөө найз маань гэр бүлтэй болоод ерөнхийдөө бид тарсан. Одоо манай хамтлагаас би ганцаараа уран бүтээлээ хийж явна.
-Яагаад “Таван эрдэнэ" дууг сонгон дуулсан юм. Энэ дуугаар чинь хүмүүс илүү хүлээж авсан болохоор асууж байна л даа?
-“Таван эрдэнэ“ дуу маань Монголын радиогийн, Монголын төлчдийн сүлд дуу болсон сайхан дуу шүү дээ. Хоёр жилийн өмнө энэ дууны шүлгийг бичсэн Лувсандорж гуайн ууган хүү монголын анхны шилдэг зохион бүтээгч Дуурсах аавынхаа гэгээн дурсгалд зориулж "Таван эрдэнэ дууг хэн сайн дуулах вэ” гэсэн бэсрэг тэмцээн зохион байгуулсан юм. Тэр тэмцээнд оролцон энэ сайхан дууг дахин сэргээж дуулах эрхийг авсан. Тиймээс би өөрийгөө их азтай хүн гэж боддог.
-Гэтэл чамайг Дуурсах эрдэмтэнтэй холбоотой болж уран бүтээлээ ивээн тэгүүлсэн гэж шуугиад байсан?
- Энэ мэдээг би нетээс л харсан. Дуурсанх ахын хувьд урлагт элэгтэй их сайн хүн. Үнэнийг хэлэхэд би хэдэн жилийн өмнөөс энэ дууг дуулахыг мөрөөддөг байлаа. Тэр ч утгаараа сэтгэлээсээ дуулсан маань хүмүүст хүрсэн байх. Дуурсах ах маань энэ дуутай холбоотой гарсан санхүүгийн бүх асуудлыг шийдэж өгсөнд нь бас баярлаж явдаг. Анхны цомгоо ч гэсэн би “Таван эрдэнэ” гэж нэрлэсэн. Цомгийг маань ч Дуурсах ах ивээн тэтгэж байгаа. Мөн ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийх бодолтой байгаа. Тоглолтоо ч энэ дууныхаа нэрээр нэрлэнэ.
-Уран бүтээлч эмэгтэй хүний хувьд өөрийг чинь юу илүү их чимдэг гэж боддог вэ?
-Мэдээж залуу нас минь намайг чимдэг. Гэхдээ миний ээж их сайхан эмэгтэй байсан. Ер нь би ээжийгээ дуурайвал тавин нас гарсан ч үрчлээнээс айхгүй байх.
- Үнэхээр та хоёрт “Таван эрдэнэ“ дуунаас өөр холбоо байхгүй гэж үү. Ямар ч бизнесмэн нэг дуучны цомог, уран бүтээлүүдийг зүгээр нэг спонсорлоод яваад байна гэж байхгүй ш дээ. Нэг ёсондоо та хоёрыг хардаад байна л даа?
-Энэ асуултыг олон хүн асууж байсан л даа. Гэхдээ бидний дунд хүмүүсийн бодож байгаа шиг харьцаа байхгүй. Цаашдаа ч тийм зүйл байхгүй. Дуурсах ах миний маш сайн хуурай ах. Уран бүтээлийг маань дэмжихээс гадна амьдралын зөвлөгөө ч өгдөг. Дуурсах ахын эхнэр Мөнгөншагай эгч ч гэсэн надад яг төрсөн дүүдээ хандаж байгаа мэт ханддаг, тусладаг. Манай аав, ээж бас Дуурсах ахтай их дотно байдаг. Ээжийг маань амьд сэрүүн байхад Дуурсах ах ”Охиныг чинь дэмжиж туслаж байна” гэж амлаж байсан. Би энэ сайхан гэр бүлийн буянаар ээжийгээ амьд ахуйд нь “Таван эрдэнэ" дууныхаа клипэнд оролцуулж дүрийг нь мөнхөлсөн. Тийм учраас Дуурсах ах, Мөнгөншагай эгч хоёртоо маш их баярлаж явдаг. Тэднийхээ ачийг насан туршдаа мартахгүй.
-’’Өмөөрөх эх орон” дуу чинь кекүшюзан Д. Батбаярын захиалгаар бүтсэн гэдэг үнэн үү? Мөн энэ дуунаас болж өөрийг чинь дуучин Т.Баясгаланд алгадуулсан гэх яриа гараад байсан?
-Миний хамтран уран бүтээл хийсэн залуу дуучин Эрдэнэбаатар бол Кекүшюзан Д.Батбаярын дүү. 2005 онд бид хоёрын хамтран дуулсан “Өмөөрөх эх орон” дууг Д.Батбаяр ах өөрөө МУСГЗ Л.Балхжав, Ш.Гүрбазар нарт захиалан хийлгэсэн. Тэгээд бид хоёроор дуулуулсан юм. Тиймээс энэ уран бүтээл дээр хамтарч ажилласнаас өөр зүйлгүй. Би дуучин Баясгаланг уран бүтээлчийнх нь хувьд их хүндэлж явдаг. Харин бид хоёрын дунд тэгэж ярьж бичээд байгаа шиг алгадсан, алгадуулсан зүйл байхгүй.
-Манай уран бүтээлчид өөрсдийн ханшаа тогтоочихсон байдаг. Өөрийн тань хувьд ямар ханштай дуулж байна вэ?
-Уран бүтээл хийж, хөдөлмөрлөж байгаа хүний хувьд тодорхой хөлс авалгүй яахав. Манайханд бас эрэмбэ гэж бас нэг зүйл байгаа ш дээ. Түүндээ тааруулаад ер нь боломжийн үнэтэй, алтан дунджийг бариад л явна даа.
-Сүүлийн үед дуучид кино урлагт хүч үзэх нь их болсон Хэрэв өөрт чинь кинонд тоглох санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?
-Залуу хүний хувьд үзээд л алдана даа. СУИС-д жүжиглэх уран чадварын хичээл ордог байсан учраас дуучин кинонд тоглоход илүү дөхөм байдаг байх. Гэхдээ би эсрэг талын дүрд хэзээ ч тоглохгүй гэж боддог.
-Яагаад?
-Надад зохихгүй байх. Би ер нь их зөөлөн намбалагдуу талдаа хүн л дээ. Тиймээс эерэг талын дүр илүү зохих байх.
-Гэрийнхнээсээ ганцаараа гэр бүлтэй болоогүй байгаа гэсэн. Жимсээд найз залуу бий юу?
-Одоогоор найз залуу байхгүй ээ, ганцаараа амьдардаг. Ойрын хоёр жилийн маань төлөвлөгөөнд маань энэ асуудал тусгагдаагүй байгаа. Гэхдээ хүн амьдралд ам гарч болдоггүй гэдэг биз дээ. Үнэхээр миний ажил мэргэжлийг ойлгодог, намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүнтэй учирвал энэ төлөвлөгөө маань өөрчлөгдөж мэдэх л юм.
-Жимсээтэй сууя гэсэн залуу ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Би царай зүс, нуруу туруу гээд гадаад үзэмжийг чухалчилдаггүй. Сэтгэл сайтай, түшигтэй, эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хүндэлж чаддаг ноён нуруутай эр хүн надад таалагддаг. Хамгийн гол нь түрүүн хэлсэн шиг ypaн бүтээлч хүн гэдгийг маань ойлгох нь чухал.
-Ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )