Сильвио Берлускони бол ярьж дуусашгүй онигооны эзэн. Тэрээр бодлогогүй хэлсэн үг, утгагүй хошигнолоосоо болж дандаа хэл амны бай болж явдаг. Түүний тарьсан онигооноос хамгийн хөгжилтэй нэгийг нь дурдвал Сильвио Берлускони 2008 оны парламентын сонгуулийн өмнө телевизийн нэгэн ток шоунд оролцжээ. Үзэгчдийн суудлаас нэг бүсгүй түүнд асуулт тавив. “Санхүү эдийн засгийн хямралтай энэ хүнд үед цомхотголд өртөлгүй үлдчих найдвартай ажлын байр Италид байна уу хэмээн бүсгүйг асуухад С.Берлускони “Миний хүүтэй гэрлэх гээд оролдоод үз л дээ. Тань шиг инээмсэглэдэг бүсгүй бол үзээд алдаж болох л юм" хэмээн хөгжилтэйгээр хариулжээ. Бүсгүйчүүдтэй холбоотой бас нэг онигоо? Түүнд бий. 2003 онд С.Берлускони Америкийн хөрөнгө оруулагчидтай уулзаж, Италид яагаад хөрөнгө оруулах ёстой талаар ухуулжээ. Тэрээр уулзалтынхаа төгсгөлд “Италид хөрөнгө оруулах бас нэг шалтгаан бол та бүхэн үзэсгэлэнтэй нарийн бичигтэй болох боломжтой шүү” хэмээн ятгажээ. Энэ яриа хүмүүсийг инээлгээд өнгөрсөн ч С.Берлусконгийн ярьсан бүхэн бас инээдмээр дуусдаггүй. 2009 онд Италийн Лакуйла хотод томоохон газар хөдлөлт болж 17 мянган хүн орон гэргүй болсон билээ. Ерөнхий сайд С.Берлускони байгалийн гамшигт нэрвэгдэгсдийн байрлаж буй майхан сав эгнэсэн гамшгийн бүсэд ирж, байдалтай танилцаж явахдаа “Энэ мэдээж харамсалтай явдал боллоо л доо. Гэхдээ энэ олон майхныг харахаар амралтын өдөр зугаалж яваа ч юм шиг санагдах юм" хэмээн хэлж, орон гэргүй болсон хүмүүсийн уур бухимдлыг барсан удаатай.
Эх сурвалж: " Ардчилал"
Сэтгэгдэл ( 0 )