Монгол улсад байдаг Австрийн консулын гэрийн үйлчлэгч амиа хорлсон тухай мэдээлэл гараад удаж байна. Тэгвэл тэр Д.Сэргэлэн гэж хэн бэ? УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын эхнэр. Тэгвэл тэр үйлчлэгч хэн байсан бэ? Эрэлийн Б.Эрдэнэбатын үйлчлэгч гэсэн үг. Эрхэм гишүүн асаны гэрт хүн амьны хэрэг гаравуу хэмээн хардаж сэрдэж байна!
34 настай байсан Атиензагийн нөхөр цахилгаанчин. Харин өөрөө 2010 оны нэгдүгээр сар шүдний эмнэлэгт кассчинаар ажиллаж байсан бөгөөд амьдралаа залгуулахад хангалттай мөнгө олж чаддаггүй байжээ. Тиймээс дөрвөн хүүхдээ сайхан амьдруулах, амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд хил даван ажиллаж эхэлсэн байна. Тэгээд гадаад явахын тулд “Бүх төрлийн ажилд зуучлах, зөвлөгөө өгөх төв”-д ханджээ. Түүнийг Сингапурт ажиллуулсан бөгөөд удалгүй тэндээс буцахыг хүсэхэд нь тэндэхийн зуучлагчид “Гэрээний хугацааг заавал дуусга” хэмээгээд Монголд ажиллавал хугацааг багасгах боломжтой гэсэн байна. Харамсалтай нь Монголд ирээд тэрээр амь насаа алджээ.
Ерөнхий сайд байсан одоо Австри дахь элчин сайдаар ажилладаг Даваахүү гээчийн хүүхэд гэж өөрийгөө танилцуулсан Сэргэлэн гэдэг хүний гэрт үйлчлэгч хийж байхдаа Атиенза амь насаа алджээ. Түүнийг ар гэрийнхэнтэйгээ холбогдохыг Д.Сэргэлэн хориглодог байсан аж. Атиенза хүүхэд, нөхөр, найзуудтайгаа холбогдохын тулд нууцаар интернэт, утас ашигладаг байсан гэнэ. Холбогдоод хэлсэн зүйлийнх нь дотор “Манай гэрийн эзэн орой бүр гэртээ архидаж, цэнгэдэг. Ихэнхдээ согтуу байдаг” гэсэн нь анхаарал татаж байна.
Монгол улсад дөрвөн сар ажиллаад Атиенза гэртээ 184.37 ам.доллар л илгээжээ. 2011 оны арваннэгдүгээр сарын 13-нд тэр хамгийн том охин Ниррель/16 настай/-дээ “Би 12 дугаар сард буцаж очно. Яагаад гэвэл ажил олгогч маань сүүлийн гурван сарын цалинг өгөөгүй” гэж байжээ. Үүнээс 10 хоногийн дараа мөн Монгол улсад ажилладаг Карен Круз гэдэг филлипин эмэгтэй Ниррельтэй эргэн холбогдоод ноцтой мэдээлэл өгчээ. Тэрбээр “Атиенза сүүлийн үед харагдахаа больчихлоо, би гэрийн эзэнтэй нь очиж уулзах гэтэл тийм ч таатай харагдсангүй, их сонин санагдаад байна” гэсэн аж. Арваннэгдүгээр сарын 21 болоход ажил олгогчоос Филлипиний Манила хот дахь Атиензагийн зуучлагч байгууллагад и-мэйл иржээ. Уг и-мэйлд бүсгүйн цогцос морг/цогцос хадгалах газар/-т байгааг бичсэн байна.
Монголын шинжээчид түүний үхлийн шалтгааныг “Үл мэдэх зүйлд хүчтэй хордсон” гэх дүгнэлт гаргажээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд үйлчлэгч эмэгтэйн цогцсыг эх оронд нь буцаасан бөгөөд Филлипиний үндэсний мөрдөх товчоонд шалгаж, задлан шинжилгээ хийж байгаа аж. Тэдний хийсэн дүгнэлтээр “Зүрх судасны өвчин нь хөдөлж зүрхээр нь хатгаснаас амь алдсан байж болзошгүй” гэж гарчээ. Гэхдээ бүсгүйн бие нь бүхэлдээ зодуулсан шинжтэй, шархадсан, түлэгдсэн байдал харагдаж байсан аж. Мөн түүний цогцосны дотроос жижиг даавууны өөдөс гарч иржээ.
Талийгаачийн гэр бүл Филлипинээс түүнийг зуучилсан “Бүх төрлийн ажилд зуучлах, зөвлөгөө өгөх төв”-д хандахад тэндэхийн ажилтан Виолета Бермудез байж боломгүй хариу хэлжээ. “Бид Атиензаг Монгол руу явсныг мэдээгүй” гэсэн байна. Гэхдээ Сингапурын Ажил олгох үйлчилгээний газрын охин компани Атиензаг Монгол руу илгээсэн гэдгийг баталжээ. Үүний дараа гэрийнхэн нь Гадаад харилцааны асуудал эрхэлсэн газарт очиход нь Атиензаг манай улсад ирсэн гэх ямар нэг баримт, тэмдэглэл олдоогүй гэнэ.
Энэ мэтээр Террил Атиенза гэдэг филлипин бүсгүй, ээж, гэргийн амь нас ямар шалтгаанаар хохирсон нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Түүнээс гадна 3-5 сарын өмнө болсон энэ бүхнийг бид огт мэдээгүй байгаа нь бас л хачирхалтай. Дандаа архи ууж, орой бүр шоуддаг байсан Д.Сэргэлэн гэгч өөрийгөө сайдын хүү, консул эцэгтэй гэж худлаа хэлсэн нь ямар учиртай вэ? Бүсгүйн биеэс үнэхээр даавууны өөдөс гарсан уу зэрэг нь эргэлзээ төрүүлэхгүй байх аргагүй юм. Атиензагийн гэрийнхэн хэргийг ямар нэг шударга бус тоглоом боллоо гэж үзэж байгаа ажээ.
tsag.mn
Сэтгэгдэл ( 0 )