Хоёр “садаа” халз тулав. Тэдний ярьж байгаагаар хэн хэн нь Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр зам хийгээд 100 мянган айлын орон сууц барих ажлыг гацаасан юм байх. Уг нь Ц.Нямдорж, Х.Баттулга нар хэдхэн сарын өмнө нэг Засгийн газарт багтан ажиллаж, баг болон төр түшиж явсан улс. Асуудлын гол учиг Ц.Нямдоржийн мэдэгдэл, Х.Баттулгын мэдүүлэгт байхгүй нь тодорхой. Сонгууль хаяанд ирчихээд байгаа нь тэдний халз тулааны тулгуур шалтаг гэж хэлж болно. Олзуурхууштай нь, хаачсан нь мэдэгдэхгүй сураг алдарсан төмөр замын асуудал тэдний ачаар дахин анхаарлын төвд орж ирлээ.
Хашир улстөрч Ц.Нямдорж Х.Баттулгад “Зүгээр байхад зүгээр л байгаарай” хэмээн шазууртайхан мэдэгдлээ. Хэвлэлээр даацтайхан шанаа өгөхдөө Х.Баттулгатай холбоотой зүгээргүй мэдээллүүдийг дэлгэн тавилаа. Ц.Нямдоржийн хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээс харахад ноён Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байх үедээ зөвлөхүүдийнхээ “атганд” ажлаа явуулж байсан бололтой юм.
Х.Баттулгын албан болон албан бус гурван “зөвлөх” од нь гийсэн залуус гэдэг нь харагдана. Хувийн хамгаалалтын албатай Б.Батзаяа хэмээх залуу урьд нь Х.Баттулгын бие хамгаалагч байсан гэдэг мэдээ бий. Энэ тухай сайд асан өөрөө ч хэлсэн байдаг. “Монголын төмөр зам” хэмээх том нэртэй, томоохон зорилго, далд эрх мэдэлтэй компанийн захирлаар томилогдох аз болоод эз Б.Батзаяад оногдсон нь нэгэнт илэрхий болсон.
“Шинэ яармаг” орон сууцны хорооллыг барихад Хятадын Засгийн газраас Монголд амласан 300 сая ам.долларын зээлийг захиран зарцуулж, манай талаас гүйцэтгэгчээр оролцох “UP” компанийн захирал нь Х.Баттулгын албан бус зөвлөх Ууганбаяр гэх залуу болж таарав.
Ц.Нямдорж сайдын хэлж байгаагаар “Шинэ яармаг” хороолол барихад Монголын талын оролцогч нь Х.Баттулгын зөвлөх Ууганбаяр гэдэг хүний хувийн компани байхаар гэрээнд тусгажээ. Уг гэрээнд анх 6500 орон сууц барихаар тусгаад, хожмоо Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар албан бичиг илгээхдээ 3995 болж тоо нь бууран, 3000 шахам байр хаачсан нь мэдэгдэхгүй “тооцооны аргад” залгиулсан аж. Төдөлгүй UP групп нэрээ сольж, “New projector” болсон гэх.
Сайд асны зөвлөх бас нэг азтай “хүнд гар” төмөр замын төслийг “Маккензи”-гаар хийлгэсний төлбөр болох 15 сая ам.долларын 2,5 саяыг нь халаасалсан мэдээ бий. Энэ талаарх мэдээллийг зүгээр байхад зүгээр л байгаагүйнх нь төлөө Х.Баттулгад хаяглан Ц.Нямдорж дэлгэлээ.
Х.Баттулгын тайлбарлаж байгаагаар зөвлөх үйлчилгээ явуулдаг “Маккензи” компанийнхан өөрсдөө түүний туслах Ганбат нэртэй залууг сонгосон аж.
Ийнхүү азтай гурван залуу Х.Баттулгыг сайд байх хугацаанд од нь гийж, Ц.Нямдоржийн “балгаар” од болох шахав. Хоёр эрхмийн хашгичаад байгаа хоёр өөр мэдээллээс нэг зүйл анзаарагдана.
“Монголын төмөр зам” гэх компани үнэн хэрэгтээ өмч хөрөнгө гэх юмгүй байсан талаар Х.Баттулга хэвлэлийнхэнд дурдсан. Тус компанид хөрөнгө оруулах, ингэснээр төмөр зам тавих ажилд гар бие оролцох сонирхлоо Солонгос, Хятадын хамтарсан “Moore Korea” групп илэрхийлэн, нууцын зэрэглэлтэй гэх гэрээг байгуулжээ.
Уг гэрээнд дээр дурдсан “Монголын төмөр зам” компанийн захирал, хамгаалагч байгаад хага дэвшсэн Батзаяа гарын үсэг зурсан аж. Гэрээнд үндэслэн Хонконгт байгуулагдсан гэх хамтарсан компанийг Ц.Нямдорж хайгаад олоогүй юм билээ.
Энэ мэтээр Х.Баттулгын үед, түүний яамны хариуцсан салбарын асуудлаар монголчууд орос ах нартай найзалж, ноён В.Морозовтой гар барьчихаад, дараа нь Солонгос, Хятадын хамтарсан нэртэй бас нэгэн компанитай гэрээ хийсэн болж таарав.
Энэ нь Орос, Хятадын дунд оршиж, хоёр хөрштэйгөө өнөөг хүртэл геополитикийн шинжтэй “гоё” улс төрөөр харилцаж ирсэн монголчуудын хувьд хөгийн алдаа байлаа.
Хятад, Солонгосын хамтарсан “Moore Korea” буюу “Mopek” гэгдээд байгаа компанийн тухай Солонгос гэхээсээ илүү Хятад давамгайлсан, Монголд гар хөл нь хүчтэй ажилладаг гэсэн сураг ажиг бий. Монголчуудын үндэсний үзлийг намжаахын тулд Солонгостой хамтарсан гэх нэр хаягтай явдаг, гэрээг зориуд БНСУ-д хийсэн гэсэн таамаглал байдаг.
Хятадын “Эксим” банкинд тоогдож үнэлүүлсэн өнөөх алдарт “UP” компанийн захирал Ууганбаярын тухай Х.Баттулга онцлон дуугарсан харагдсан.
“Энэ бүхнээс харахад сүүлийн хоёр жилийн турш маргааны бай болж, зарим нэгэнд нь Х.Баттулга, Ж.Оджаргал нарын бизнесийн чанартай хувийн өрсөлдөөн мэтээр ойлгогддог төмөр замын асуудал өнгөрсөн хугацаанд яах аргагүй Оросоос нүүр буруулж, Хятад руу хэлбийсэн бололтой.
Төмөр зам, орон сууцны асуудалд тохиолдлоор Х.Баттулгын хүмүүс “дээгүүр давхиад” байгаа хэрэг үү? Эсвэл энэ нь “Монголын төмөр зам” компанийг байгуулахаас эхлээд анхнаасаа л холоос дэвссэн үг, алсаас дайсан зорилго уу?
Энд яригдаж байгаа Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр замын асуудлыг боловсруулах явцад Х.Баттулга өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнд төөрөлдөж ногтлуулаад яваад байгаа юм биш биз гэсэн асуулт гарч ирж байна. Төмөр замаа түргэн бариулчих санаатай түүхий алхмууд хийсэн байж болох юм. Түүний яаруу занг хэн нэгэн этгээд ашигласан байж болох талтай. Түүнээс биш би хувьдаа Х.Баттулгын эх оронч үзэл бодолд итгэдэг.
Айсуй сонгуулийн буянаар юутай ч өнөөдөртөө Х.Баттулга, Ц.Нямдорж нар бие биенийхээ харыг гайхаж, үүний ачаар олон нийт олддоггүй ховор мэдээллүүдтэй танилцлаа. Ноён Ц.Нямдорж хүний байранд амьдарч, урсгал зардлыг нь л төлдөг гэсэн товчхон тайлбар өгч сонсогдсон. Удахгүй байрныхаа зургийг, гэрчилгээ болон бүх баримттайгаа авчраад хэвлэлийнхэнд тарааж мэдэх л нөхөр.
Ц.Нямдорж хурц зантай. Х.Баттулга ч бас түргэн араншинтай. Хоёр галт уул дэлбэрэх нь дэлбэрлээ. Дундаас нь авалцсан гал Монголд л ашигтай байгаасай.
Сэтгэгдэл ( 0 )