Гадаадад амьдарч байгаа болон насанд хүрээгүй хүүхэд газар өмчлөх эрхтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 03

Нийслэлийн газрын албаны Газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээтэй уулзаж газар өмчлөлийн асуудлаар ярилцлаа.

-2013 он гэхэд иргэн бүрт нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх хугацаа дуусгавар болно. Иргэдэд газар өмчлүүлэх ажил ямар түвшинд явж байна вэ?
-Ирэх оны тавдугаар сарын 2-ноос газрыг иргэдэд тодорхой хэмжээний үнэлгээтэйгээр өмчлүүлнэ. 2008 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нэг газрыг хэдэн ч хүн хамтран өмчилдөг байсан бол одоо иргэн бүр өөрийн гэсэн газрыг нэг удаа үнэгүй авах боломж нээгдэж байгаа. Мөн иргэнд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг дахин таван жилээр сунгасан. Урьд нь нийслэл, дүүрэг, аймаг, сумын төвүүдэд газар олгож байсан бол нэмэлт өөрчлөлтөөр улсын чанартай авто замын дагуу газар олгож өмчлүүлэх болсон.

Япон улсын "Жайка" судалгааны байгууллага Нийслэлийн газрын талаар судалгаа хийж гурван бүсэд хамааруулсан юм. Нэгдүгээр бүсэд төвийн шугам сүлжээндээ ойрхон байршилтай нутаг дэвсгэр, хоёрдугаар бүсэд хөгжүүлэх, тохижуулах боломжтой газар, гуравдугаар бүсэд хүн оршин суух боломжгүй, чөлөөлөх шаардлагатай газар гэж бүсчилсэн байдаг. Энэ оны I улирлын байдлаар 91300 иргэнд 4700 гаруй га газрыг өмчлүүлсэн байна.

Өмчилсөн газрууд нэг, хоёрдугаар бүсэд хамрагдсан газрууд байгаа юм. Миний дээр дурдсан тоо бол өмчлүүлэх газрын ердөө найман хувь гэсэн үг. Гэлээ ч Нийслэлд шинээр газар олгох боломжтой газруудыг 100 хувь өмчлүүлсэн байгаа. Үнэндээ бол гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын нөөц нийслэл хотод маш их хомсдолтой байгааг хэн хүнгүй л мэдэх байх.

-Улсын чанартай авто замд ямар газрыг хамааруулдаг юм бэ. Ийм газрыг хэрхэн өмчилж авах вэ?
-Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд ийм нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэд зам даган хаа хамаагүй буух явдал ихэссэн. Гэхдээ улсын чанартай авто зам томъёоллыг эхлээд ойлгох хэрэгтэй. Суурин газар үүсгэх чиглэлээр аймгийн төвүүдийг хооронд нь мөн Нийслэлтэй холбосон авто замын дагуу иргэнд газар олгоно гэж ойлгох хэрэгтэй. "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль"-ийн гуравдугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэн Нийслэлд буюу аль ч аймаг, сумын нутаг дэвсгэрт, бусад иргэд Нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчилж авахаар заасан байдаг. Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт газар өмчлүүлэхэд дээрх зарчмыг мөн адил баримтална.

-Нийслэлд шинээр таван байршилд иргэдэд газар олгохоор төлөвлөөд байгаа гэл үү?
-Өнгөрсөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээнд хотоос зайдуу таван газарт газар өмчлүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргасан. Үүнийг зарим нэг сонин хэвлэлээр газрыг олгож эхэлсэн мэт ташаа ойлголт тараагаад байгаа. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэзээ дуусч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар шийдвэрийг батлуулна, тэр үед л иргэдээс өргөдөл хүлээн авч газар өмчлүүлэх асуудлыг шийднэ.

-Хотын төвийн газрыг ихэвчлэн гадаадын иргэд эзэгнэчихсэн байдаг, мөнгөтэй бол хаана ч, юу ч хийсэн дурын асуудал, харин мөнгөгүй бидэнд хотын зах хязгаарт газар зааж өгдөг гэж иргэд гомдоллодог. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Манай иргэд таашаа ойлголттой байдаг нь үнэн. Гэхдээ хуулиндаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гээд заагаад өгчихсөн байгаа. Гадаадын иргэдийн хувьд өмчлөх бус харин газрыг эзэмшиж, ашиглаж байгаа асуудал их байдаг. Хэрвээ тэр газрын өмчлөгч Монгол Улсын иргэн бол түүнд захиран зарцуулах эрх нь нээлттэй байдаг. Харин зарим нэг тохиолдолд өмчлөгчид хориглосон хэдэн заалт бий.

-Газар өмчлөгч иргэнд хориглох үйлдэл, үйл ажиллагаанд юуг хамааруулдаг вэ?
-"Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-ийн 28 дугаар зүйлд зааснаар өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хориглосон. Мөн өмчийн газраа сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг тус тус хориглодог юм. Хэрвээ эдгээр заалтыг зөрчсөн  тохиолдолд газрыг өмчлүүлэх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авна.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах эрхтэй юу. Эрхтэй бол тэр эрхээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?
-Монгол Улсын харъяатаас гараагүй, Монгол Улсын иргэн гэдгийг нотлох баримт бичигтэй бол газар өмчилж авах эрхтэй. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой. Итгэмжлэлийг "Нотариатын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлд зааснаар тухайн улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраар гэрчлүүлэн ирүүлснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад оршин сууж байгаа иргэний нэр дээр газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй болдог.

-Насанд хүрээгүй хүүхэд газар өмчилж авах эрхтэй юу?
-Газар эзэмших, ашиглах тохиолдолд заавал 18 нас хүрсэн иргэн байх ёстой. Харин "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-д Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр заасан тул 0-18 насны хүүхэд бүр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөн авах эрхтэй. Хуулиндаа насанд хүрээгүй иргэнийг эцэг, эх нь төлөөлөх үүрэгтэй байдаг юм.

Л.Болорцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top