Мисс амьдрал

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 03



Хүний амьдрал шиг баялаг, сэтгэл татам зүйл байдаггүй гэдэг. Чухам тийм баялаг, гоо амьдралын намтар түүхтэй, амьдралаа өөрийнхөөрөө бичиглэж яваа нэгэн эрхэмсэг хатагтай манай энэ удаагийн “Гранд амьдрал” булангийн гол баатар. Монголын дэлгэцийн урлаг, тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн 2 сайхан бүсгүй байдаг. Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй 2 бүсгүй энэ салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Энэ бол мэдээж нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо хоёр. Ихэр мэт төстэй, бие хаа, царай зүсээрээ ойролцоо энэ хоёр хатагтай шиг бүх талаараа төгс диктор одоохондоо манай төрөөгүй байгаа нь үнэн юм. Тиймдээ ч Монголын дэлгэцийн урлагийн цуутай сайхан хүүхнүүд хэмээн энэ 2 бүсгүйг онцолдог. Амьдрал, хувь заяа нь ч ойролцоо байдаг нь тэднийг ижилсүүлдэг. Энэ удаад мисс амьдралын эзэн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо манай гол баатар.

20 хүртлээ Ч.Ичинхорлоо богино банзал өмсөж үзээгүй, үсээ 2 салаа сүлждэг, ном унших хоббитой, эгэл даруухан охиж байж. Онц сурлагатан Ихо дунд сургуулиа дүүргэсний дараа Анаагаахын дундад элсэн орж төгсөхдөө Анагаахын дээд сургуульд суралцах урилга гардчихсан байсан гэдэг. Гэхдээ түүний амьдрал, хувь заяа гудамжинд дайралдсан эгчээс болж огт өөр тийшээ эргэсэн сонин түүх бий. Эргэлдсэн алаг нүдтэй, царайлаг залуу бүсгүй гудамжинд дайралдсан сайн санаат эгчмэд бүсгүйд тухайн үед ид моод болж байсан Энэтхэг киноны жүжигчинтэй адилхан харагдсанд дагаж явсаар байгаад залуу Ихог кинонд урьж, өнөөх “модный” киногоо үзүүлж, чи жүжигчин болох ёстой хэмээн чин сэтгэлээсээ гуйсан байна. Тухайн цаг үеийн хүмүүсийн сайхан сэтгэл, нийгмийн сэтгэлгээг илтгэхүйц энэ үйл явдал хожмын мисс, өнөөдрийн нэвтрүүлэгч бүсгүйн анхны алхам байлаа. Үл таних эгчийн чин сэтгэлийн ятгалгад урамшсан тэрээр жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Онц сурлагтан охиноо ийм огцом шийдвэр гаргасанд гэрийнхэн нь гайхаж хүлээж авсан нь мэдээж. Харин тэр жүжигчин биш диктор болсон юм. Түүний амьдралдаа хийсэн хувь заяаны эргэлтүүд бүгд хөндлөнгийн хүний ятгалгаар болсон байдаг аж.

Монгол туургатан-Оюутан мисс гээд том уралдаан тухайн үед болдог байв. 1991 оны эл тэмцээнд топ модель Р.Байгаль, Ичинхорлоо хоёрыг Хайдав багш нь сургуулийн нэрийн өмнөөс оролц, оролцохгүй бол сургуулиас хөөнө хэмээн “мундагдаж” байгаад, хичээлээс тармагц нь шууд зочид буудалд аваачин 10 гаруй хоног байлгасны эцэст оруулж байсан гэдэг. Эл уралдаанд Энэтхэг бүсгүй шиг төрхтэй оюутан Ихо 2-р байр эзэлсэн бол тэргүүн титмийг Монголын анхны “Сайхан бүсгүй” Н.Мөнхцэцэг хүртэж байв. Харин диктор болсон нь ээжийнх нь хүсэл байсан гэдэг. Оюутан ахуйдаа ангиараа “Хүн алж тоглосон залуус” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон мисс бүсгүй телевизийн салбарт хөл тавьсанаас хойш мэргэжлийн ажлаа хийгээгүй юм. Өндөр соёл, тодорхой дэг жаяг шаарддаг энэ мэргэжилдээ тэр дэндүү үнэнч байсныг нь эндээс харж болно.  

Түүний анхны нөхөр нь Батболд хэмээх нүд, хөмсөг болсон залуу байв. Нэг сургуулийн оюутнууд унаган, халуун хайраар ханилж, хөөрхөн охинтой болсон ч нэг л өдөр хоёр тийш болсон нь хувь тавилан байсан биз. Миссийн тэмцээнд оролцоход нь хүртэл дэргэдээс нь алхам ч холдоогүй түүний анхны нөхөр өдгөө хувиараа бизнес эрхэлдэг, шагхийсэн амьдралтай эр байдаг аж.

Харин дараагийн нөхөр нь олноо “Оюуны ундраа”-гийн С.Отгобаяр хэмээн алдаршсан, экс гишүүн С.Отгонбаярын төрсөн дүү С.Амарсайхан. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн болоод ч тэр үү, хувийн амьдралаа туйлын их нууцалдаг нэвтрүүлэгч бүсгүй ноён Амарсайханд 2 хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд сайн нөхрийн түшигт жаргаж яваагаа л хааяа цухалзуулдагаас цаашгүй. Бизнесмэн ахын буянд гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн ноён Амарсайхан нэг үе Бээжинд төлөөлөгчөөр сууж төрийн албанд хүчин зүтгэж байсан ч өдгөө ахынхаа бизнесийг үргэлжлүүлэн, “Оюуны ундраа” группээ удирдаж байна. Улс төрд лавхан орж эцэс сүүлд нь сайдын халгаатай суудлаас болж аль муугаа үзсэн экс гишүүн хэсэгтээ амар тайван амьдрахыг чухалчлан бизнесээ дүүдээ даатган өгсөн аж. 

Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр нөхрөө дагаж Англид хэсэг хугацаанд суурьшихдаа хатагтай Ичинхорлоо харь хэлд шамдан суралцаж үргэлжлүүлэн сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байсан. Дараа нь Бээжинд төлөөлөгчөөр суухад нь хятад хэлд шамдан суралцаж, хэлний сангаа баяжуулсан. Хятадад амьдрач байхдаа гэнэтийн хүнд өвчин тусч, чухамдаа хөрөнгө чинээтэй нөхрийнхөө буянаар  холын Америкт очиж эмчлүүлэн хөл дээрээ боссон, үхэл амьдралтай нүүр тулсан хүнд хэцүү үе ч энэ бүсгүйн амьдралд бий. Тэр бүхнийг өөрийнхөөрөө даван туулж, цаг хугацаа өнгөрөх тусам өнгө зүс нэмэн сайхан бүсгүйн шийр заасаар байгаа. Өдгөө үдэш бүр цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзаж, үндсэн ажлаа хийхээс гадна тэрээ нэр бүхий компанийн нүүр царай болон хажуугаар хувийн бизнесээ тун чадамгай удирдан явуулдаг. Америкаас ирснийхээ дараахан импортоор кофе оруулж ирэн худалдааны бизнес эрхэлж байсан бол өдгөө хотын төвд өндөр зэрэглэлийн кофе шоп ажиллуулдаг ажээ.

Сувилагчаас сайхан бүсгүй хүртэлх замыг туулахдаа 2 дахь амьдралаа зохиож, бизнесмэн эрийн цайг чанаж, галыг манах, Монголын нэр хүндтэй нэвтрүүлэгч байх гээд хэн хүнд заяадаггүй чухамдаа мисс хувь тавилан зөвхөн Ч.Ичинхорлоогийнх гэлтэй.


Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top