-Чиний гар утас яагаад холбогдохгүй байгаа юм бэ. Өдөржингөө л залгалаа?
-Өө, найз нь утсаа ломбардчихсан шүү дээ.
-Тийм үү. Би бас нөүтбүүкээ ломбарданд тавьчихсан.
-Яаж байгаа юм бэ. Тийм үнэтэй юмыг
-70 мянгыг хүлээсээр байгаад энд тэнд баахан өртэй болсон байна. Түүнийгээ дарах гээд…
Ингэж ярих хоёр оюутан “Ломбарднаас утас, нөүтбүүкээ хурдхан авах юм сан. Энэ сарын мөнгө хэзээ өгөх юм бол оо” гэсээр сургууль руугаа орлоо. Энэ мэтчилэн олон оюутан, ээмэг бөгж гээд ломбард авахаар юу л байна тэр бүгдийгээ тавьж буй гэнэ. “Та нарт улсаас мөнгө өгч байна” гээд эцэг эх нь ч халаасны мөнгө өгөхөө больсон сурагтай. Хөдөөнөөс ирсэн нэгэн оюутан охин хотод байдаг эгчээсээ мөнгө асуутал “Сар бүр 21, 70 мянган төгрөг авч байгаа биз дээ. Бараг надаас баян юм байж ” гээд 5000 төгрөг өгчээ. Ингээд оюутнууд гэрээсээ ч мөнгө харалтгүй, улсаас өгөх мөнгийг хоног тоолон хүлээж сууна.
Тэдэнд ийм шинэ хүлээлт, шинэ ажил бий болжээ. Өмнө нь улсаас бэлэн мөнгө өгөөгүй байхад яаж болж байсан юм гэмээр оюутнуудын олонх нь 70 мянгыг хүлээж ядаад ломбарданд аль өнгөтэй өөдтэйгөө тавиад дуусч байна. Нэгдүгээр сарын мөнгөө авч амташсан тэд хоёр, гуравдугаар сарынхаа хүлээж тэвчихгүй байгаа бололтой.
“Одоо ингээд өгчих байх” гэж найдаад гар утас, нөүтбүүкээ ломбарданд тавьсан ч мөнгө өгөхгүй байсаар хугацаа нь дуусах дөхөж сандарцгааж байгаа аж. Тэгээд хэдэн төгрөг нэмж өгч, хугацааг нь сунгаад хэд хоног аргалж байгаа гэнэ.
Их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг олгож эхэлсэн. Гэвч дараа, дараагийн сарын мөнгийг ямар шалтгаанаар олгохгүй байгаа нь тодорхойгүй. Албаны хүний үгээр бол оюутны тэтгэлгийн хоёр, гуравдугаар сарын 70 мянган төгрөгийг ирэх сарын эхээр сургуулиудын дансанд байршуулах юм гэсэн. Гэвч сургуульд бас “но” байгаа юм. Оюутнуудаас зарим их, дээд сургуулийн удирдлага оюутанд олгох ёстой тэтгэлгийг сургалтын төлбөрийн үлдэгдэлд авч, кредит цагийг нэмж суутгаж байна гэсэн гомдол БСШУЯ-нд ирсэн. Үүний дагуу тус яам МОХ-той хамтран оюутны 70 мянган төгрөгийн олголтод шалгалт хийсэн билээ.
Шалгалтаар Үндэсний биеийн тамрын дээд сургууль, МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургууль, “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургууль, “Маргад”, “Газарчин”, “Сэрүүлэг”, “Хүрээ”, зэрэг сургууль үндэсний тэтгэлгийг олголгүй, сургалтын төлбөрт суутгах, бусад зүйлд ашиглаж байсан нь тогтоогдсон. Оюутнуудын гар дээр бэлнээр очих энэ мөнгө сургуулийн удирдлага, ломбардны “олз” болоод өнгөрөх вий гэсэн хар төрж байна. Ломбарданд үнэт зүйлсээ тавьсан оюутнууд аав ээждээ үнэнээ хэлж, мөнгө авч чадахгүй байсаар тэдний ашиг болгож буй нь нэг биш удаа тохиолдож байгаа юм. Гэр орноосоо мөнгө нэхэхгүй, улсаас өгч байгаа хэдээрээ мөнгөний хэрэгцээгээ зохицуулах гэсэн санаа нь зөв хэдий ч өр зээл хийж, байгаа бүхнээ ломбарданд тавьж буй нь ухамсар муутайн шинж гэлтэй. Оюутнууд бусдаас мөнгө горьддог эмзэг бүлгийнхэн биш шүү дээ. Харин энэ мөнгө тэднийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс ч дор болгож орхижээ. “70 мянга хэзээ өгөх бол” гэж байн байн банк гүйх нь тэдний ажил, өгсөн мөнгийг өрөнд тараагаад, дахиад зээлэх нь тэдний зан болж хувирчээ. Өнөөдрийн байдлаар 98 их, дээд сургууль, коллежид суралцаж буй 170 гаруй мянган оюутанд тэтгэлэг олгож байгаа гэсэн тоон мэдээ бий. Харин 70 мянгын сургаар ломбардууд шинэ, хуучин хамаагүй нөүтбүүк авах гэж хошуурдаг болжээ. Үзүүлэлт, чанар, эдэлгээнээс нь шалтгаалж 100-500 мянган төгрөгийн үнээр авч байгаа юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутнуудад олгож буй 70 мянгын талаар ухаантай үг хэлсэн. Тэрбээр, “Амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувь буюу 70 мянган төгрөгийг оюутнуудад өгье л гэсэн юм. Манай оюутнууд үнэхээр хэцүү нөхцөлтэй байгаа шүү дээ. Мөнгөтэй оюутан сонголттой, сонголттой оюутан чанартай боловсрол эзэмшдэг. Одоогоор дээд боловсролд зарцуулдаг хөрөнгө есөн хувьтай л байна. Гэтэл энэ хэмжээ АНУ-д 47 хувьтай. Мөн Солонгост нэг оюутанд сар бүр 500 вон өгч байна. Швед гээд бусад олон оронд оюутнуудад тусламж өгч байна. Түүнчлэн Монголд дээд боловсролын санхүүжилт сургалтын төлбөрөөс 80 хувиар хамаарч байдаг. Гэтэл гадаадын орнуудад 10 орчим хувьтай л байна. Оюутныг тэтгэлгээр дэмжсэнээр энэ бүхнийг ойртуулах болно” гэсэн. Ерөнхийлөгчийнхөө итгэлийг оюутнууд ломбарданд барьцаалж буй нь харамсалтай.

Сэтгэгдэл ( 0 )